Ийм нэг мөр бий. Үхэл зайлшгүй гэдгийг хэн хэн маань мэддэг ч тулаад ирэх цагт эвлэрч өгөхгүй зовдог. Юм бүхэн мөнх бишийг ойлгодог ч хэзээ ч хагацмааргүй, алдмааргүй хүмүүс гэж байдаг. Өнгөрсөн зууны түүхийн чухал нэгэн дүр, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан, Нобелийн Энхтайвны шагналт Нельсон Мандела бурханы оронд одсон тухай мэдээ дэлхий нийтээр тарж, таагүй нэгэн долоо хоногийг, таагүй нэгэн оныг бид үдэж байна.
27 жилийг шоронд өнгөрүүлсэн Ерөнхийлөгчийн суудал хүртэл дэвшиж, нэгэн цагт террорист хэмээн цагдуулж байсан тэрбээр олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсээр, бурханы оронд одлоо. “Ховор яриа” булангаараа бид Нельсон Мандела агсны 2000 оны тавдугаар сарын 16-нд Ларри Кингийн зочноор уригдан ярилцсаныг түүвэрлэн хүргэж байна, болгооно уу.
-Амьдрал хэзээнээс таны цухлыг төрүүлж эхэлсэн бэ. Юу таныг энэ замыг сонгохоос аргагүй болгосон бол?
-Би яг санадаггүй юм аа. Хүмүүстэй харилцаж эхэлснээс хойш, тэд миний юу хэлээд буйг, өөрсдөд нь юу хэрэгтэйг ойлгох ч үгүй байгаагаас эхэлсэн гэж бодож байна. 1944 онд Африкийн үндэсний конгрессийн залуучуудын лигт ажиллаж эхлээд үүнийг бүр их мэдэрсэн. Би тэнд хуульчаар ажилладаг байлаа.
-Угтаа та бол хувьсгал эхлүүлсэн. Гэвч олон нийт таныг эхэндээ террорист гэж хүлээн авсныг санаж байна.
-Тийм ээ, таны зөв. Өчигдөр би террорист гэж дуудуулж байсан. Маргааш нь буюу намайг шоронгоос суллагдах үед хэн нь жинхэнэ террорист, хүчирхийлэгч байсныг ухаарсан олон нийт намайг халуун дотноор тэврэн угтсан. Би буруу зүйлийн төлөө тэмцээгүй юм байна гэдгийг мэдэхэд надад таатай байсан.
-Ер нь та яг юунаас болж шоронд хоригдсон юм бэ. Гол үндэслэл нь юу байсан юм?
-Олон тооны гэмт хэрэг, халдлага зохион байгуулсан нь шоронд хоригдох шалтгаан болсон. Терроризмын уг үндэстэй гэж тэд үзсэн.
-Эх орноосоо урвасан гэж бас үзсэн юм биш үү?
-Тийм, эх орноосоо урвасан гэсэн. Бид үхэх ялаар шийтгүүлэх ёстой байлаа.
-Тэгээд яагаад тэд үхлийн ял тулгаагүй юм бол?
-Миний бодлоор ӨАБНУ олон улсын эсэргүүцэлтэй тулсан. ЗХУ (тухайн үеийн) болон Энэтхэгийн Ерөнхийлөгч мэдэгдэл хийж байсан учраас цаазаар авч чадаагүй байх. -Тиймээс танд шоронд амьдрах “шагнал” өгч дээ, тийм үү? -Тийм ээ, тэд бидэнд амьдрал өгсөн юм.
-Тэгэхэд та хэдэн настай байсан билээ?
-46.
-Тэр өдрийг би сайн санаж байна. Та шоронд хоригдох ял сонсож, шүүхийн танхимаас гарахдаа яг л ялагч шиг баяр хөөртэй байсныг чинь.
-Амьдрал өгсөн учраас тэр. Бидний өдүүлсэн хэрэг ӨАБНУ-д цаазын ял сонсох хангалттай шалтаг байсан. Тэгтэл цаазын ял оноогоогүй нь Засгийн газар барьц алдаж, удахгүй бид ямар нэг сайхан мэдээ сонсох нь гэх итгэл өгсөн. Тэрийг би 27 жил хүлээсэн. Гэвч хүлээх шалтгаан байсан нь л баярлах хэрэг шүү дээ.
-Тухайн үед танд шоронгоос хэзээ нэгэн цагт суллагдана гэсэн итгэл байсан уу?
-Шударга хэлэхэд нутгийн олон нийт, бас олон улсын зүгээс ч биднийг дэмжиж байсан учраас итгэл байсан. Гэвч энэ бүхэн Засгийн газар бидэнд өс санахад нөлөө үзүүлсэн. 50:50 хувийн итгэл, таамаг байсан даа. Харин тэр үед бид хэрэв суллагдах бол тэр цагийг удаан хүлээх нь гэдгээ бол мэдэж байсан.
-Та хэзээ нэгэн цагт арьс өнгөөр ялгаварлан, гадуурхагдаж байсан уу?
-Энийг үзэгдлийнх нь хувьд ойлгоход хэцүү л дээ. Өмнөд Африк шиг, иргэдийнх нь ихэнх нь өнгөт арьстан улсад, засгийн эрхийг хүн амын 14 хувийг эзлэх цагаан арьстанууд барьж байхад асуудлыг ойлгоход хэцүү. Засгийн газар цагаан арьстануудын эрхийг хамгаалахаа урьтал болгоно. Нийтээрээ бид далд гадуурхал мэдэрч байсан ч яг хувь хүнд минь тулсан ялгаварлалыг мэдэрч байсангүй.
-Та 27 жилийг шоронд өнгөрүүлсэн. Ингэхдээ их олон газраар “аялсан” гэдэг үнэн үү?
-Эхлээд Преториагийн шоронд очсон. Удалгүй намайг Роббен арлын шорон руу шилжүүлсэн. Тэнд хэдэн долоо хоног хоригдоод, Ривониагийн триалын дараа дахин Роббен арлын шоронд бүх насаараа хоригдох ял авсан.
-Роббен арлын шорон Өмнөд Африкийн “Алкатраз” гэдэг, хатуу чангаараа зартай газар. Гэвч тэндээс Кэйптауны сайхныг өдөр бүр харж болдог, тийм ээ?
-Тэгэлгүй яахав. Бид арлын зүүн хэсэгт байсан болохоор Кэйптаунаас гадна Ширээт уул бас харагдана. Ажлаа хийх зуур нүд бэлчээхэд сайхан байсан шүү.
-Нээрэн, тэнд та ямар төрлийн ажил хийдэг байв?
-Янз янзын л юм хийсэн. Эхлээд чулуу буталж, замын хайрга бэлддэг байснаа дараа нь чулууны уурхай руу шилжсэн. Явцын дунд харгалзагч нартайгаа найзархаг болж, хаана, ямар нөхцөлд ажиллахаа шийддэг болсон. Жишээ нь, “Бид хогийн цэгийн хажууд ажилламаар байна” гээд л.
-Яагаад заавал хогийн цэгийн хажууд гэж?
-Яагаад гэвэл тэндээс салбархай ч болтугай сонин олддог байсан юм. Бид эх оронд маань болон олон улсад ямар үйл явдал болж байгаа тухай мэдээ олон жил үзэж, хараагүй. Мэдээллийн өлсгөлөн болсон. Тийм учраас ноорхой ч хамаагүй сонин олж аваад, халаасандаа нандигнаж, орой нь нууцаар уншдаг байлаа.
-Тэгэхэд тань дээр эргэлт ирэх хориотой байсан уу?
-Үгүй ээ. Зургаан сард нэг удаа эргэлт оруулахыг зөвшөөрдөг байсан. Гэхдээ зөвхөн гэр бүлийнхэн, эхнэр хүүхэд л ирэхийг зөвшөөрнө. Гэр бүлээс гадуур хэн ч ирж болохгүй.
-Та тэдэнд юу захьдаг байв?
-Ном л их захина даа. Толстойн “Дайн ба энх” тэргүүтэй сонгодог зохиол, бас түүхэн болон хөрөг ном уншдаг байсан.
-Таны ярилцлагуудыг уншиж, гэрт чинь ч бас ярилцаж байхад шоронд байсан үеийнхээ талаар муу юм та барагтай л бол ярьдаггүй. Тэнд өнгөрүүлсэн мөчүүдийн хамгийн сайхан нь юунд байв?
-Намайг төвлөрөхөд, үйл хэргээ тайван гэгч бодож, төлөвлөхөд тустай байсан. Суугаад л юуны ч юм тухай бодох хэчнээн сайхан гээч. Өнгөрснөө эргэцүүлж, үйл явдал бүрийг мөшгин бодож, гаргалгаа хийхэд тайван сууж, тухай бодсон мөчүүд их чухал нөлөөлсөн.
-Бидэнд шоронгоос хэрхэн гарсан тухайгаа яриач. Бүх юм гэнэт болж өнгөрөөгүй байх.
-Ерөнхийлөгч де Клерк намайг суллахаар шийдсэн тухай мэдээлэл авсан. Тэр ч ёсоор удалгүй Клерк намайг эргэж ирсэн.
-Тэр таныг сулласан юм уу?
-Тийм ээ, тэр намайг сулласан. Орой, 18.00 цагт харгалзагч намайг өрөөнөөс гаргаад, ёслолын хослол өмсгөөд, ялын хугацаа чинь дуусах дөхсөн гэсэн. Зангиа зангидахыг мартсан учраас тэд надад тусалж байлаа. Тэд надад “Хагас сайн өдөр чамайг албан ёсоор суллана. Тэр хүртэл Кэйптаунд, Ерөнхийлөгчийн өрөөнд байх болно” гэсэн. Би эсэргүүцсэн. “Би энэ шоронгоосоо л суллагдмаар байна. Кэйптаун руу очмооргүй байна” гэсэн.
-Яагаад?
-Яагаад гэвэл би шоронгоосоо л суллагдмаар байсан. Шоронгийн үүдэнд ард иргэдтэйгээ уулзмаар байсан. Түүнээс биш Кэйптаун явахыг хүсээгүй. Ер нь тэр утгагүй шүү дээ. Тэгээд тэднээс би миний ялыг гурван долоо хоногоор сунгаж өгөхийг хүссэн. Яагаад гэвэл олон нийт энэ үйл явдалд бэлтгэгдээсэй гэж бодсон.
-27 жил шоронд байчихаад дахиад гурван долоо хонохыг хүссэн гэж үү дээ?
-Тэд бэлтгэгдэх ёстой. Тэд намайг юуны төлөө шоронд орж, яагаад гарч байгааг тунгаан бодоосой гэж хүссэн юм. Би бол энэ тухай 27 жил эргэцүүлсэн шүү дээ. Тэгээд л тэр.
-Шоронгийн хаалгаар гарч байсан үеэ дурсаач. Тэгэхэд танд юу бодогдож байв?
-Эрх чөлөө. Эхлээд гэр бүлийнхэн, үр хүүхэд, хайрладаг хүмүүстэйгээ эргээд уулзах эрх чөлөөг. Дараа нь урьд урьдынхаас илүү ухаалаг байдлаар тэмцэж, зорьсондоо хүрэх эрх чөлөөг бодсон. Би 27 жилийн турш бэлдсэн бүхнээ хийж, хэрэгжүүлэх цаг иржээ гэж бодож байлаа.
-Тухайн үед мэдээж сайхан байсан байх. Харин та тэр үед улсынхаа Ерөнхийлөгч болно гэж бодож байв уу?
-Үгүй.
-Гэхдээ ардчилсан сонгууль болж, хэн нэгэн нь ерөнхийлөгч болох ёстой байсан, тийм үү?
-Таны зөв. Би Оливер Тамбог Ерөнхийлөгч болно гэж бодож байсан. Тэр манай Залуучуудын лигийн тэргүүн байсан, үзэл санааны хувьд ч ойр, их зөв бодолтой хүн байсан учраас тэр.
-Гэсэн ч бүх зүйл өөрөөр эргэсэн. Ерөнхийлөгч болох үед танд юу бодогдож байв?
-Эхэндээ намайг Ерөнхийлөгчөөр сонгох болоход би эсэргүүцсэн. Яагаад гэвэл би тэгэхэд 75 настай байлаа. ӨАБНУ-д үзэл бодол нь сэргэг, цус нь шингэн, эрч хүчтэй залуу удирдагч хэрэгтэй гэж бодсон.
-Шоронгоос гарч ирсний дараа улс төрийн үйл хэрэг чинь амжилттай байсан ч гэр бүлийн хувьд бүх зүйл сайн байгаагүй. Та эхнэрээсээ салсан. Тухайн үед танд хэцүү байсан байх даа?
-Мэдээж амар байгаагүй. Гэхдээ би түүний тухай хэзээ ч муу юм бодож чаддаггүй. Шоронд байхад намайг үргэлж эргэж тойрч, эзгүй хойгуур хүүхдүүдээ хүн шиг өсгөж бүх чадлаараа надад тусалсан.
Яагаад салсан тухайгаа би олон нийтэд хэлэх дургүй. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Гэхдээ түүний тухай би хэзээ ч муу юм бодож чадахгүй. Тэр үнэхээр сайхан эмэгтэй байсан.
-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Тоогоо алдсан (инээв).
-Ямар ч байсан өнөр, олуулаа гэж санаж байна, тийм үү?
-Би зургаан хүүхэдтэй. Харамсалтай нь хоёр нь бурхан болсон. Одоо би 29 ач, зургаан гучтай.
-Таны нас өндөр болжээ. Бие тань сайн уу?
-Би удахгүй 82 хүрэх гэж байна. Гэвч олон түмний хайр, хүндлэлийн буянаар миний бие зэгсэн сайн байна. Эмчийн хяналтад тогтмол орж байгаа. Тэгэхээр мөддөө үхэхгүй, үхэлд ч бэлэн биш байна (инээв).
Ж.ТЭГШЖАРГАЛ