Бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөл нийлсэн 300 гаруй хүн нэг дор цугласан уулзалтын танхимд Төрийн тэргүүн орж ирээд, өрхийн тэргүүн мэт ойрхон дотно яриа өрнүүлэв. Зангиагаа тайлсан нь ёсорхуу, ямбархуу харилцан яриа өрнүүлье гэж хөндийрхөөгүйн илрэл. Оролцогчид бас ийн санаж, уулзалтын танхимын үүдэнд зангиагаа мулталж харагдсан. Гэвч гол нь зангиа зүүх эсэхтэй огтоос холбоогүй бөгөөд “Том төрөөс ухаалаг төр лүү” хэмээн шинэ тутам үүсээд буй “хэлц”, бидний ирээдүйд зүг чигээ болгох үзэл санааг баялаг бүтээгч, нийгмийн оюун санааг удирдан чиглүүлэх үүрэгтэй эрхмүүдтэй ярилцаж, зовлон жаргалыг нь болоод зохих саналыг сонсоход чиглэсэн байлаа. Гар утас хүртэл ухаалаг болж, улам жижгэрч байхад бүхэл бүтэн төр хэлбэрээрээ данхайж, хэрээрээ өгөршиж яахин болох.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ уулзалтын үеэр ярьсан, хэлсэн бүхэнд цоо шинэ юм бараг л байсангүй, хахь харь ч үгүй байв. Харин анзаарч хараагүй боломжийг нь, эрхийг нь сануулсан явдал байв уу даа. Энд суугчдын ихэнх нь сүүлийн хэдэн жил төрийн бодлого, хууль заалт, хориг тээгийг тувт шүүмжилж, ил далд гомдоллож ирсэн. Жишээ нь, бизнесийнхэн “Монголд популизм явагдаж байна”, “Биднийг бүх талаар дарамталж, бизнес эрхлэх боломж өгөхгүй байна” хэмээн ярьдаг ч иргэн, сонгогчийн хувьд ч, бизнесийн байгууллагын хувьд ч шаардах, өөрсдийн санал хүсэлтээ гаргах эрхээ дутуу эдэлж байж. Мөн авлига өгөхгүйгээр нэг ажил бүтэхгүй байна, төрийн түшээд мөнгө хараад хөдлөхгүй байна гэх мөртлөө хамгийн их авлига өгдгийн тоонд тэд багтдаг нь үнэн. “Та нар авлига өгөхөө больчих. Тэгээд л болоо” гэж Ерөнхийлөгч хэлсэнд үнэхээр цоо шинэ, гайхаж цочмоор юм байхгүй ч гарцааг үй үнэнд бол илтэд нийцсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Одооноос эхэлж ийм зарчмаар явъя, та нар ч хичээ, төр засгийн данхар байдлыг халахын төлөө бид ч хичээе гэж хэлсэн нь энэ. Ингэхдээ хэвлэлийг ч, бизнесийнхнийг ч улстөрчидтэй “нэг хөнжилд ордог”-оо болих хэрэгтэй гэдгийг бас сануулав. Аливаа хууль, шийдвэр гарахаас урьтаж улст өрчдийг лоббидох биш, харин хэвлэлийнхэнтэй хамтарч санал бодлоо гаргах, дэргэдээ судалгааны баг ажиллуулбал ямар вэ гэв. Хууль гарсны дараа улстөрчид рүү мөнгө барьж гүйлгүй, биднийг хавчиж байна гэж улиглалгүй, өмнө нь асуудлаа ярьдаг болъё гэлээ. Энэ нь хэвлэлийнхэнд ч бас хамаатай хэрэг байв.
Том төрөөс ухаалаг төр лүү шилжихийн тулд эхлээд бид дотооддоо ойлголтоо нэгтгэе гэж бас уриалав. Энгийн нэг жишээг ийн эш татав. “Гадаад оронд айлчлахдаа би Монголд хөрөнгө оруулалтын орчин сайжирч байна, манайд ирж бизнес хийцгээ, хөрөнгө оруулцгаа гэдэг. Гэтэл дотроо өөр уур амьсгалтай байдаг. Тэгэхээр нэг бол намайг явуулахдаа муулаад ир, бид баялгаа зөвхөн ганцаараа ашиглана, та нарын хэрэг байхгүй гэж хэл гэдэгт тогтмоор байна. Мэдээж та бүхэн эхнийхийг нь дэмжинэ гэдэгт найдаж байна. Ер нь ойлголтоо нэгтгэхийн чухал нь энэ” гэлээ. Сүүлийн хоёр жил сонгууль таарсан учраас бүтэц, бүрэлдэхүүн солигдлоо. Манай бизнесийн хамгийн том түнш БНХАУ-ын төрд ч бас өөрчлөлт орлоо. Тийм учраас цаашид ямар бодлогоор, хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ ч бас дахин эргэцүүлж, тооцоолох шаардлагад тулсан. Энэ талаар бас уулзалтын үеэр хөндлөө. “Том төрөөс ухаалаг төр лүү” гэдэг нь зөвхөн Монголд яригдаж байгаа асуудал биш. Энэ бүх мэдээлэл дэлхий нийтэд хүрч байгаа. Хөрөнгө оруулагчид Монгол Улстай холбоотой мэдээллийг гярхай гэгч нь харж суугаа. “Өнгөрсөн онд авлига нь хамгийн хурдан буурсан орноор манай улс тодорсон. Энэ онд 13 байраар урагшиллаа. Ийм амжилт гарлаа” хэмээн Ерөнхийлөгч хэлсэн. Энэ мэдээг хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд анзаарсан байх.
“Төрөөс аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцдогийг багасгая. Дахиад төрийн өмчийн аж ахуйн нэгж байгуулахаа больё. Байгааг нь 30 хувиар багасгаж, бас 30 хувийг нь хувьчилъя. Үлдсэнийх нь менежментийг сайжруулаад цааш явъя гэж байгаа. Энэ мэт мэдээллийг аваад хөрөнгө оруулагчид эхнээсээ наашилж байна” хэмээн мөн ярилаа. Уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн ярьсан, хэлсэн саналуудын тодорхой хувьд нь энэ хариулт болсон. Тийм учраас тэд сэтгэл дүүрэн байгаагаа алга ташилтаар илэрхийлж байлаа. Энэх үү нэгэнт гараанаас гарсан санаачилгаа эрхэм Ерөнхийлөгч хувьсгал хэмээн нэрлэж байна. Бидний 20 жил хүлээсэн зүйл энэ гэдгийг ч бас хэлсэн. “Бид зөв зам дээр гарсан. Гэхдээ буруу юм маш их бий. Яаж үүнийг засах вэ гэж хэлэлцэж байснаа одоо нэг систем боловсруулаад авлаа. Хийх ажлын маань ерөнхий гарчиг нь тодорч, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь ч ил боллоо. Одоо бид хийх хэрэгтэй. Үүнд бизнесийнхэн хамгийн идэвхтэй оролцох хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл ч ялгаагүй” хэмээн Ерөнхийл өгч ярьсан.
Үнэхээр түүний хэлсэнчлэн энэ цаг үе бидэнд 500 жилд нэг удаа олдох байх. Тийм учраас бид байгаа бүх бололцоогоо дайчлах, зөв систем, зөв тогтолцоо бий болгох цаг үеийн шаардлагатай тулсан байна. Үүнийг л тэр хэлсэн юм. Эргэлзээ тээж ирсэн бизнесийн төлөөллийн сэтгэл энэ удаа сэргэсэн байх. Их олон асуудлын зангилаа ч тайлагдсан болов уу гэж найдна.
Ж.ТЭГШЖАРГАЛ