Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг бүтцээр нь өөрчлөх агуулга бүхий Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг өнгөрөгч пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд маргааш (баасан) нь санал хураалт явуулахаар болж, хуралдаан өндөрлөсөн. Харин баасан гаригт болсон санал хураалт нэлээд маргаан дэгдээж, тодорхойгүй байдалтай хоцров. Учир нь төсөл ганцхан саналын зөрүүгээр буюу 24:25 харьцаатайгаар “унасан” юм. Энэхүү санал хураалтаар уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх үү, эсвэл төрхөмд нь буцаах уу гэдгийг шийдвэрлэх байсан юм. Өглөө эрт, хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд байсан төсөл болоод ч тэр үү танхимд бус цахим самбарт ирц дөнгөж бүрдэнгүүт санал хураалт явуултал “унах” нь тэр. Спикер ийм үр дүн яавч хүсээгүй тул “зарга” хийж, танхимд байхгүй гишүүдийн картыг өөрийнх нь гарт авчрахыг хуралдаан зохион байгуулагчдад үүрэгдэж, тус санал хураалтыг хүчингүйд тооцов. Цаашид ч картаа Тамгын газрын ажилтнуудаас бус надаас авч байгаарай гэж З.Энхболд дарга аашилсан. Картыг төхөөрөмжид шургуулсан л бол “эзэн” болсон эрхэм гишүүн нь байхгүй байсан ч аливаа санал хураалтад автоматаар татгалзсан хариу өгдөг учиртай. Үнэндээ тухайн үед АН, МАН гэлтгүй аль алинаас нь хэд хэдэн гишүүн картаа шургуулаад арилж өгсөн байлаа.
Харин МХЕГ-аар оролдохыг эсэргүүцэж буй МАН-ын гишүүд санал хураалт хүчинтэй гэцгээж байсан ч Д.Лүндээжанцан гишүүн асуудлыг түр завсарласны дараа ярилцъя гэсэн санал гаргасныг олонх нь дэмжсэн юм. Ингээд 09.00 цагт эхэлсэн санал хураалтаас үүдсэн асуудлыг 11.00 цагт ярилцахаар болж түр завсарласан ч эргэж уулзахдаа энэ талаар хэн хэн нь юу ч яриагүй юм. Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн дараа хэлэлцэх байсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг алгасан шууд асуулгын хариу сонссон юм.
.jpg)
Энэ удаа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар БШУ-ы сайдад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл, боломжийг сайжруулах чиглэлээр санаачлан зохион байгуулсан томоохон ажлууд, хүрсэн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхийг хүссэний сацуу анги дүүргэлт, нэг багшид ногдох сурагчдын тооны стандарт, түүний мөрдөлт ямар түвшинд байгаа талаар асуулга тавьжээ. Мөн сурагчдын дүрэмт хувцасны үнийг тогтоохдоо ямар судалгаанд үндэслэсэн, дүрэмт хувцсыг үйлдвэрлэсэн өртгийн хэчнээн хувь нь бодитойгоор эх орны үйлдвэрүүдэд ногдож байгаа талаар асуусан байна. БШУ-ы сайд Л.Гантөмөр “Дүрэмт хувцасны борлуулалт нийслэлийн хэмжээнд I-III ангид 98, IV-V ангид 40 орчим хувьтай байгаа. Дүрэмт хувцасны борлуулалтыг энэ сарын 25-нд улсын хэмжээнд дуусгахаар төлөвлөсөн. Мөн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд манай улсын оёдлын салбарын 65, сүлжмэлийн салбарын 81, ноос ээрэх салбарын 98, ноос самнах салбарын 98, ноос угаах салбарын 25 хувийг эзлэх үйлдвэрлэгчид ажиллаж байгаа гэв. Сурагчдын дүрэмт хувцасны чанар, өнгө үзэмж, хийц муу төдийгүй өндөр үнэтэй байгааг шүүмжлэх гишүүн нэг бус байлаа.
Сайдын мэдээлэлд дурдсанаар Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт хүүхдийн 80 хувийг нь хамруулах боломж бий гэнэ. Мөн ЕБС-иуд гурван ээлжээр хичээллэж байгааг ирэх жил хоёр ээлж болгоно гэв. Учир нь ирэх онд улсын хэмжээнд төсвийн хөрөнгө, концесс, буцалтгүй тусламжаар нийт 162 цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.
Асуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “2012 онд Сонгинохайрхан дүүрэгт нэг сургууль, дөрвөн цэцэрлэг, мөн тооны цэцэрлэгийн өргөтгөл хийж байсан байна. Гэтэл энэ онд урьд нь эхлүүлээд байсан хоёр сургуулийг л ашиглалтад орууллаа. Ойрын жилүүдэд сургуулийн танхимын хүрэлцээний асуудал бүрэн шийдэгдэхгүй гэдэг нь хөрөнгө оруулалтаас тодорхой харагдаж байна. Гэсэн ч нөхцөл байдалдаа тохируулан, асуудлыг шийдэх хэрэгтэй. Дүрэмт хувцсыг 100 хувь эх орны бүтээгдэхүүнээр хийнэ гэсэн санаа нь дэмжүүштэй боловч урьдчилан төлөвлөөгүйгээс олон бэрхшээл гарсныг цаашид анхаарах хэрэгтэй. Салбарын эдгээр асуудалд төрийн байгууллагын эрх мэдлийн хэт төвлөрөл ихээхэн нөлөөлсөн. Ялангуяа Нийслэлийн боловсролын газарт мэдэхгүй, шийдэхгүй юм гэж үгүй болж. Ийм гаж тогтолцоогоор удаан явж болохгүй. Үүнийг хуулийн хүрээнд эрх шилжүүлэх замаар шийдэх боломжтой. Шүүгч нарын цалинг онцгойлон нэмэгдүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын асуудал шүүгч нарынхаас дутахгүй ач холбогдолтой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Б.НОМИН