“Сайд ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож, цаг үеийн асуудлаар ярьж байна.
-УИХ Таны санаачилсан Хяналтыг хэрэгжүүлэх тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулиар МХЕГ-ыг тарааж, төрийн хяналтын эрх мэдлийг яамдад буцааж өгөх асуудал багтсан. Арван жилийн өмнө бүх яамнаас хяналтын эрх мэдлийг хурааж МХЕГ-ыг байгуулсан. Дөнгөж төвл өрч, хөлөө олж яваа хяналтын системийг дахиад тараах нь хэр оновчтой юм бол?
-Арван жилийн өмнөх хяналтын системийг нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, хүнд суртал, давхардлыг арилгах гэж МХЕГ-ыг байгуулсан. Энэ шийдвэр зөв байсан. Тухайн үед хүнсний асуудал эрхэлсэн яам хүнсний аюулгүй байдлыг хянаж байхад зэрэгцээд Эрүүл мэндийн яамны давхар хяналт орж ирж, яамдын дунд хяналтын давхардал маш их үүсгэсэн. Ямар нэгэн шийдвэр гаргах үед хяналт давхардаж зөрдөг, яамд өөр өөрсдийн эрх ашгаа хамгаалж, амаргүй нөхцөл үүсдэг байсан л даа. МХЕГ байгуулагдаад арван жил болоход есөн даргын нүүр үзсэн байна. Шинэ дарга нар хяналтын хуулийг дагаж мөрдөхөөс гадна өөр өөрсдийн сонирхлоор тусгай журмууд гаргасан байдаг. Энэ нь хяналтын байгууллагад хүнд суртал бий болгох эхлэлийг тавьсан байгаа юм. Үндсэндээ тус байгууллагын нийт шалгалтын 70 хувь нь ард иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэж, дарамт, шахалт ихэсч, үйл ажиллагаа явуулах босгыг өндөрсгөсөн. Төрийн захиргааны ажил хийж явсан хүн хүртэл өнөөдөр энэ байгууллагад байцаагч хийж байна. Төвлөрсөн хяналтын системтэй МХЕГ-т өнгөрсөн хугацаанд олсон ололт байгаа ч энэ мэт сөрөг талууд байгааг олж харлаа. Тийм учраас энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөлд зарим хяналтыг салбарын яамдад шилжүүлэхээр тусгасан нь эрх мэдлийг яамдад буцааж өгч байна гэхээс илүүтэй тухайн салбарын бодлогын хэрэгжилтийг сайжруулах, түүний төлөө салбарын сайдын хүлээх хариуцлагыг өндөрсгөж байгаа хэрэг гэж ойлгохыг хүсье. Нөгөө талаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн. Урьд өмнө бидний олж хараагүй, тооцоогүй байсан шинэ нөхцөл байдлууд бий болсон. Энэ бол амьдрал. Цаг үеэ дагаад төрийн тогтолцоо, үйл ажиллагаа ч өөрчлөгдөж, боловсронгуй болж байх учиртай.
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт МХЕГ-ыг татан буулгах асуудал багтсан байгаа. Энэ асуудлыг цэгцлэх, тодорхой хууль санаачилж, батлуулах үүрэг танд ногдсон хэрэг үү?
-Хүмүүс өөрт таалагдсан зүйлдээ илүү ач холбогдол өгч, түүнээ л гол болгоод байдаг юм шиг байгаа юм. Засгийн газрын мөрийн хөт өлбөрийн эхэнд “Бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна” гэснийг огт ярихгүй, МХЕГ-ыг татан буулгахыг нь л анхаараад байх юм. Огт хяналтгүй байх нь аюултай, бас бүх хяналтыг яам, яаманд нь тарааж, 10 жилийн өмнөх байдалд нь оруулбал давхардал, хүнд суртал, чирэгдэл нь хэд дахин ихсэх гээд олон сөрөг тал харагдаж байгаа. Тийм болохоор дэлхий дахины чиг хандлага, өөрийн орны хөгжлийн өнөөгийн онцлог, ард иргэд, нийтийн ашиг сонирхол, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх Төрийн бодлого зэргийг хооронд нь нягт уялдуулан авч үзэж хамгийн тохиромжтой хувилбарыг сонгож, шийдлийг гаргах нь илүү. Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг бүтэн жилийн турш өмнө дурьдсан олон ажлыг хийх явцдаа зарим төрийн бус байгууллага, бизнесийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзаж, санал хүсэлтийг нь судлан хуулийн төсөлд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл ганц, хоёрхон сарын дотор яаруу сандруу хийчихсэн ажил огт биш. Өнөөдөр хэрэгжиж байгаа төрийн 40 төрлийн хяналтын 12-ыг МХЕГ-т, 13-ыг нь салбарын яаманд, салбарын яамны хуулиар зохицуулахаар зохион байгуулж, үлдсэн 15 хяналт шалгалтыг хүчингүй болгох нь зөв гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байгаа. Тэгээд ч хяналтын бүх эрх мэдлийг нэг газарт төвлөрүүлэхээр МХЕГ-т оролцохгүй асуудал гэж байхгүй болж байна. Мэргэжлийн хяналтыг цаашид зөвхөн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавьдаг болгож, харин төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох хуулийн хүрээнд төрийн байгууллагууд өөрсдөө шат шатандаа хэрэгжүүлдэг байхаар зааглаж өгсөн.
-Татан буулгахаар яригдаж байгаа МХЕГ-ын 2014 оны төсөв улсын төсөвт багтсан уу?
-Багтсан.
-Шинэчлэлийн Засгийн газар хийж, бүтээнэ гэж зорьсон ажлынхаа ард гарч чадсан гэж Та үзэж байгаа юу?
-Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь ийм тийм гэж дүгнэхэд эрт байна. Ерөнхий бодлогын хэмжээнд Засгийн газар чармайж ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээг ард түмэнд ойртуулах, шуурхай болгох, зам харилцаа, дэд бүтцийг хөгжүүлэх нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ажлууд хийж байна. Төлөвлөсөн ажлууд яаж хэрэгжсэн бэ гэдгийг салбар бүр дээр, сайд нарын ажил тус бүр дээр харах учиртай.
-Энэ жил нэлээд хүнд жил байлаа. Экспорт, импортын уналт, ханшийн зөрүү гэх мэт эдийн засагт амаргүй сорилт тулгарсан. Ирэх онд сайн мэдээ дуулдана гэх найдвар танай танхимд бий юү?
-Бид нэлээд хүнд жилийн ард гарч яваа нь үнэн. Дэлхийн эдийн засагт үүссэн нөхцөл байдлаас үүдэн гадаад дотоодын зарим аж ахуйн үйл ажиллагаа доголдож, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт буурсан зэргээс шалтгаалан төвлөрсөн татвар, улсын төсвийн орлого, зарлага тасарч эдийн засагт бэрхшээл учирч байгаа тал бий. Засгийн газар саад бэрхшээлийг хохирол багатай даван туулахаар хичээж байна. Гэхдээ тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд саад тотгор мундахгүй байгаа. Жишээ нь, УИХ-ын нэлээд гишүүн, төсвийн ерөнхийлөн захирагчид санаачилга зүтгэл гаргаж хөрөнгө оруулалт хийх нэрээр улсын төсөвт асар их мөнгө суулгаж чаддаг боловч тэр нь анхнаасаа бодит тооцоо судалгаанд тулгуурлаагүй, яаруу сандруу, дутуу дулимаг хандсанаас төлөвлөсөн зорилт хангагдахгүй тохиолдол цөөн биш гарч байгаа нь үнэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил хуулиар баталгаажин батлагддаг тул заавал хэрэгжих ёстой. Гэтэл зураг төсөв нь байхгүй ажлыг хийж болдоггүй. Хэл ам болж байж, зураг төсвийг нь гаргахаар өртөг нь төсөвт тавигдсанаас өндөр болсон байдаг. Ингээд тендер, худалдан авах ажиллагааг зураг төсөвт нь тааруулж хийх үү, улсын төсөвт суусан хэмжээнд нь барих уу гэхчлэн асуудал үүсдэг. Үүнээс болж олон ажил хийгдээгүй. Гэхдээ үүнийг ил болгосны хүчинд цаашид улсын төсөвт зураг, төсөл нь бэлэн болсон ажлыг оруулна гэсэн шийдвэрт хүрлээ.
-“Чингис” бонд Засгийн чихнээс хонх уясаар байгаа. Бүтээн байгуулалтын төлөвлөгөөгүй байж бонд оруулж ирж, банкинд түгжээд хоосон хүү төлөх нь хямарч байгаа эдийн засагт дарамт өгч байна гэсэн шүүмжлэл тасрахгүй шинжтэй?
-Бондын тухайд санхүүгийн ийм том их үүсвэр оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ түүний зарцуулалтад, хийж байгаа ажлын үр дүнд ч эргэж хармаар, бодмоор юм байгааг үгүйсгэхгүй. Засгийн газар бондын мөнгийг юунд, хэрхэн зарцуулав, ямар үр дүн гарав гэдэгтээ гарцаагүй хяналт тавьж, дүгнэж цэгнэж байх ёстой.
-Бондын мөнгөнд төлөвлөлт хийхдээ алдсан Эдийн засгийн хөгжлийн сайд тэргүүтэй албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой байх аа. Танай танхимд ийм эрүүл уур амьсгал цухалзах юм уу?
-Засгийн газар бондын мөнг өнд задаргаа хийж, алдаанаасаа сурах ажлыг эхлүүлж, хариуцлагагүй хандсан нөхдөд анхааруулга өгөх хэрэгтэй. Бондын мөнгийг хугацаанд нь үр ашигтай зарцуулах талаар Засгийн газрын хуралдаан дээр 2-3 удаа ярилцсан. Өнгөрсөн долдугаар сард холбогдох албан тушаалтнуудад бондын мөнгө түгжигдэж, хүү алдаад байна шүү гэж анхааруулж байсан. Бондын зарцуулалтад Хөгжлийн банк төлөвлөлт хийсэн. Өнөөдөр хэн нь ажлаа хийж чадаагүйг, хаана алдаа гарсныг тооцож гаргах ёстой. Ер нь бол хариуцлага тооцож, хэн нэгнийг халж, солино гэхээс илүү, босгоод ирсэн том нөөц эх үүсвэрийг амжилттай ашиглаж чадсан уу, үгүй юү гэдгээ дүгнэх ёстой. Өмнөх Засгийн газрын хийж байсан ажлыг үргэлжлүүлж, өр ширийг нь цэгцлэхээс эхлээд нэлээд юм хийсэн. Манай Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд санаачилж, багагүй үр дүнд хүрч байгаа ажлууд ч бий. Энэ онд автозамын ажил хамгийн зөв, хамгийн сайн явсан. Ер нь бол магтуулдаг Засгийн газар гэж хаана ч байхгүй. Зөв зүйтэй шүүмжлэл, саналыг хүлээн авч ажлаа засаад явах нь л чухал.
-Иргэд танай Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэхийг хүлээгээд жил гаруй боллоо. Инфляц өсөж, валютын ханшийн зөр үү иргэдийн амьдралыг өдрөөс өдөрт хүнд болгож байна. Энэ хүлээлт хэзээ дуусах вэ?
-Засгийн газар 2014 оны төсөвт цалин, тэтгэвэр нэмэхэд 235 тэрбум төгр өг зарцуулахаар тусгасан. Хэрхэн яаж нэмэх, хэзээнээс хэрэгж үүлэх вэ гэдгээ он гараад шийднэ. Хүмүүсийн сэтгэлийг ханшийн өсөлт хамгийн их зовоож байгаа нь үнэн. Монголбанк ханшийн зөрүү, үнэ тогтворжуулах хөтөлбөр, бондын мөнгө, арилжааны банкуудын нөхцөл байдлыг ул суурьтай хянуур судлах шаардлагатай байна.
-Төрийн ажлаас гадна улс төрийн намыг авч явах үүрэг бий. Д.Тэрбишдагвыг огцруулах нь гэсэн мессеж үе үе тардаг. Яагаад ийм яриа яваад байдаг юм бэ?
-Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намд энэ зэргийн шүүмжлэл, яриа хөөрөө байдаг л асуудал. Эмзэглээд байх юм биш. Сахилга, дэг журам, хариуцлага шаардаад эхлэхээр дураараа авирлаж байсан нөхдөд хүнд тусдаг, тэд л ийм яриа гаргаж байгаа. Мэдээж хэрэг үйл ажиллагаагаа идэвхж үүлэх чиглэлээр өгч байгаа санал зөвл өмж, далдаас захиалгатай, араас нь түлхээстэй, даалгавартай өрнөд өг шүүмжлэлийг ялгаж, салгах чадвар надад бий. Өөрсдөө буруу юм хийчихээд, гэмт хүнд гилбэлзэнэ гэгчээр түүнээ халхавчилж, Д.Тэрбишдагвыг огцруулна гэж яваа хүмүүс байгаа ч энэ яриа удирдлагын хэмжээнд, газар автал яригдааг үй. Аливаа шүүмжлэлийг би эмзэглэхгүйгээр хүлээж авдаг. Хэсэг гишүүн хэвлэлийн хурал хийсний төлөө зөрүүлж тайлбар тавиад, гомдоллоод явах зав надад үнэндээ алга. Гэхдээ намын эв нэгдэлд хохиролтой, хагалан бутаргах чиглэлээр явуулж байгаа гүжир гүтгэлэг, доромжлолд харин хариу барьчихна шүү.
-МАХН, МАН хоёр нэгдэнэ гэх мэдээ үе үе гардаг. Энэ хоёр нам нэгдэх ёстой, нэгдэнэ гэсэн итгэл найдвар гишүүдийнх нь дунд байдаг юм шиг. Намууд нэгдэх асуудлаар ямар нэг алхам хийж байна уу?
-Одоогоор тийм хэлэлцээ байхг үйг хариуцлагатай хэлнэ. МАХН, МАН хоёр бол угшил гарал нэгтэй. Ингэж хэлэхээс айж, ичих хэрэггүй л дээ. Үнэндээ бол МАН-ын гишүүдийн олонх нь бидний найз нөхөд. Ямар нэг асуудлаар санал солилцох, ярьж хөөрөх асуудал бишгүй л гардаг. АН-д ч миний найз нөхөд бий. Тийм учраас хувь хүмүүсийн хоорондын харилцаанд байгаа дулаан уур амьсгал, нөхөрсөг байдлыг ашиглаж, хоёр нам нэгдэх гэж байна гэж дүгнэж болохгүй. Ер нь цөөхөн монголчууд бид нам даган хуваагдан талцаж, толхилцож байх нь удаан үргэлжлэх аятай таатай хандлага огт биш. Үзэл бодлоосоо болж салж, тусгаарласан ч цэвэр ёс суртахуунтай, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, олигархжсан үзлийг дэмждэггүй МАН-ын гишүүд МАХН-д элсэх хүсэлт гаргавал бид татгалзахгүй. МАН-д манай намыг дэмждэг, хамтран ажиллах сонирхолтой гишүүд цөөнгүй бий. МАН-ын өмнөх их хурлын үеэс мэдэгдсэн МАХН-д элэгтэй, олны танил, нэр нөлөө бүхий 20 гаруй гишүүн бий. Тэд бидэнтэй үзэл бодлоо хуваалцаж, хамтрах талаар яриа хөөрөө өрнүүлж байдгийг нуугаад яах вэ.
-Н.Энхбаяр болон Тантай хол биш харилцаатай М.Энхболд МАН-ыг даргалж эхэлсэн. Энэ цаг үе хоёр намын нэгдлийг ойртуулах юм биш биз?
-Биднийг М.Энхболдтой хамтран ажиллаж, журмын нөхдийн холбоотой байсанд тулгуурлаж ийм дүгнэлт хийж болохгүй. Нам нэгдэхдээ хүрвэл бүхэл бүтэн улс төрийн намын үзэл баримтлал, явуулж байгаа үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлж таарна. МАХН аль ч улс төрийн намтай зарчмын хувьд хамтарч ажиллана, ажиллаж ч байгаа. Тэдний дунд МАН багтаж байгаа. Гэвч бид нам нэгдэх асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суугаагүй.
-Шадар сайд Худалдан авах ажиллагааны газар, ОБЕГ-ыг албан тушаалын хуваарилалтаар авч, өөрийн хүмүүсээ томилсон гэж ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?
-Худалдан авах ажиллагааны газрын даргын хувьд, Засгийн газрын хуралдаанд гурван хүний нэр дэвшүүлэхэд Д.Энхжаргалыг Засгийн газрын гишүүдийн олонх нь дэмжиж Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан. Энэ эмэгтэй МАХНын гишүүн байсан уу гэвэл тийм. Одоо төрийн алба хашиж байгаа учраас намын гишүүнээс татгалзсан. Би Д.Энхжаргалыг МАХН-ын дэд дарга болсон цагаас хойш мэддэг болсон. Энэ хүн бидний дунд найз нөхдийн болон хамаатан садны ямар ч хэлхээ, холбоо байхгүй. Би түүнийг эрдэмтэн, эмэгтэй хүний хувьд Худалдан авах ажиллагааны газрыг зөв авч яваа, хэл амтай энэ байгууллагыг нэг жилийн дотор авлига, хээл хахуульгүй, хариуцлагатай, ил тод болгох чиглэлээр хүчин чармайлт гаргаж, сайн удирдаж байгаа гэж үздэг. ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн тухайд Баянгол дүүрэгт болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж, төрийн албыг олон жил залгуулж, УИХ-ын гишүүний маань хувьд миний зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ ийм залууг ОБЕГ-т томилсон нь үнэн. ОБЕГ-ын даргыг ямар хүнд хариуцуулах вэ гэдэг асуудлыг нэлээд ярьж, Засгийн газарт оруулсан. ОБЕГ өөрөө иргэний, галын, нөөцийн, цагдаагийн гээд олон салбараас бүрдсэн байгууллага. Удирдлагыг нь дундаас нь сонгохоор өнөөх нь өөрийн мэргэжил нэгтэй хэсгээ түлхүү дэмжээд явчихдаг юм байна. Ингээд зөрчил үүсдэг. Тийм учраас огт хөндлөнгийн, гэхдээ төрийн албаны туршлагатай хүнээр удирдуулах нь зөв гэж үзээд хоёр хүний нэр санал болгосон. Т.Дуламдорж Засгийн газрын хуралдаанаар бүрэн дэмжлэг аваад томилогдсон. Даргаар ирээд аваар осол, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хиих чиглэлээр дэвшил гаргаж, эвсэг хамт олон бүрдүүлж, муугүй ажиллаж байгаа. Үнэн юмыг үнэнээр нь хэлэх ёстой. Залуу хүнд мэдээж ажилдаа сурах, дадлагажих, нэмж сайжруулах олон зүйл байгаа байх.
Д.ОТГОНЖАРГАЛ