Улсын Филармонийн Морин хуурын чуулга дахин нэг өвөрмөц тоглолтоороо үзэгч олондоо бэлэг барих гэж байна. Энэхүү концерт нь дан гоцлол хөгжимчдийн тоглолтоос бүрдэхээрээ онцлог аж. Нэг үгээр хэлбэл тоглолтод эгшиглэх бүтээлүүд нь бүхэлдээ тухайн хөгжимдөө зориулагдсан байх аж. “Solo” тоглолтод цохивор хөгжимчин Ш.Жавзандулам, ятгач О.Мөнхтогтох, морин хийлч Д.Адъяабазар, морин хуурч Б.Уянга, төгөлдөр хуурч Д.Баярцэцэг нарын олон гоцлол хөгжимчид оролцох ажээ. Тэд Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын орчин цагийн хөгжмийн бүтээлүүд шийдэл, өгүүлэмжийн хувьд ямар онцлогтой болж буйг энэ тоглолтоороо харуулахыг зорьж буй гэнэ. Тоглолт энэ сарын 21-нд болно.