Ардын жүжигчин найруулагч Г.Жигжидсүрэн одоогоос 30 жилийн өмнө хийж байсан “Хүний амь” киноны хоёрдугаар ангийг хийхээр төлөвлөжээ. Киноны дүрүүд 30 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан зохиол бичиж байгаа аж. Одоогоор Ардын жүжигчин Д.Цэрэндагвыг гэмт хэргийн бүлгийн толгойлогч, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарыг профессор, Ш.Гүрбазарыг одоо болтол амьдралд хөлөө олоогүй байгаа хүний дүрээр харуулахаар болоод байгаа аж. Киноны хоёрдугаар ангиар өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа хүн чанарыг хөндөж гаргахаар болсон байна. “Хүний амь” киноны хоёрдугаар анги “Миний амь” нэртэй байх аж.