Бэтүб хийдийнхэн элчин багшийнхаа дурсгалд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. Монгол Энэтхэгийн найрамдалт харилцаанд багагүй үүрэг гүйцэтгэж, Монголын шарын шашны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан Бакула Ринбүчигийн сүүдэр гийсний 93 жилийн ойг тохиолдуулан гаргаж байгаа түүний их үйлийг гэрэл зургаар тайлагнасан үзэсгэлэн гурав хоногийн турш тус хийдэд болно.
Үзэсгэлэнд зочлогсод Шри Кушокийг дөрвөн настайдаа Ринбүүчигийн XIX хойд дүрээр залагдсаны дараах болон 10 насандаа Энэтхэгийн Ладак үндэстний Бэтүб хийдийн тэргүүн ламаар сонгогдоод байх үеийн ховор зургуудаас гадна МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх болон Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн Индра Ганди, Жавахарлал Неру нартай уулзаж байхын үеийн зураг, Монголын бүх аймгаар аялахдаа өмсөж байсан гутал, хувцас болон эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дэлгэжээ. Дашрамд дурдахад Ринбүүчигийн хойд дүрээр тодорсон Агваан Түвдэн Норовыг ирэх найман сард ширээнд нь залах гэнэ.
У.ТЭНҮҮН