Шведийн зохиолч Астрид Линдгренийг дэлхий даяар алдаршуулсан бүтээлийн нэг бол “Урт оймст Пиппи”. “Дээвэр дээр суудаг Карлсон” зохиолоор нь хүүхэд багачууд маань түүнийг андахгүй мэднэ дээ. Дэлхийн хүүхдүүдийн хайртай баатар, есөн настай дэггүй Пиппи охин анх удаа монголчуудтай нүүр тулан уулзах гэж байна. Ертөнцийн хамгийн хүчтэй, хамгийн ер бусын, бас хамгийн сэргэлэн охины хөгжилтэй түүхээс өнөө хэр нь хэн ч уйдаагүй гэдэг. “Монсудар” хэвлэлийн газрын Хүүхдийн номын “Жангар” редакцын хамт олон “Урт оймст Пиппи” гурван боть номын эхнийхийг хэвлэж дуусан бөгөөд Эх үрсийн баярыг тохиолдуулан энэ сарын 29-нд “Интер ном” номын их дэлгүүрт нээлтийн баярыг нь хийх гэж байна. Эл номыг Б.Хандмаа герман хэлнээс орчуулж, сэтгүүлч Г.Оюунгэрэл редакторложээ. Номын баярын үеэр олон арван жилийн турш дэлхийн хүүхэд багачуудыг байлдан дагуулж асан алдарт Пиппи монгол хүүхдүүдтэй уулзах юм байна. Түүний дүрийг УДЭТ-ын залуу жүжигчин бүтээж буй гэсэн.
Г.ОЮУН