Хүмүүс үсээ будахаас гадна нохойгоо хүртэл будах болсон байна. Гэхдээ зүгээр нэг будах хангалтгүй гэнэ. Тэжээвэр нохойныхоо зүсийг нь хувирган панда, бар болгон буддаг моод Хятадад дэлгэрээд байна. Эздийнхээ хүсэлтээр догшин араатан, ховор амьтан болон хувирсан нохдын цугларалт саяхан Хятадын Женьжоуд болж, олон хүний нүдийг хужирласан төдийгүй цөөнгүй сонин сэтгүүлийн нүүрийг чимжээ.

Панда болгон будсан хав, бар болон хувирсан анч нохой хүмүүсийн сонирхлыг татсан байна. Хятадууд бусдын санааг танигдахгүй болтол нь өөрчлөн шинэ маяг гаргахдаа муугүйд тооцогддог бөгөөд нохойг өөр амьтан болгон хувиргах энэ санааг америкчуудаас авсан аж. АНУ-д пудель нохойн үсийг янз бүрээр засан, этгээд хэлбэрт оруулдаг шоунаас нохой будах санааг авсан гэнэ. “Өөр амьтан болон хувирсан нохдын зан байдалд өөрчлөлт ордог эсэх нь сонирхолтой” гэж “Daily Mirror” сонинд бичжээ.