Монголын хүүхдийн ордон, “Номын амт” ТББ хамтран гурван өдрийн турш “Зуны амралт 2010” нэгдсэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд хүүхдэд зориулсан оюуны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцож үйл ажиллагаагаа сурталчлах аж. Жишээ нь Мобиком хүүхдэд зориулан гаргаж буй шинэ үйлчилгээгээ, оньсон тоглоомынхон тоглоомоо, уран зангилаа төвийнхөн ухаан шингээсэн бүтээлээ, “Оюуны хөгжил спорт төв”-ийнхөн спортын бараагаа, “Монсудар”, “Ирмүүн”, “Интерпресс”, “Мөнхийн үсэг”, Өдөр шөнө” хэвлэлийн газрынхан оролцож бяцхан уншигчиддаа бүтээлээ хүртээнэ. Түүгээр ч зогсохгүй багшгүйгээр англи хэл сурах боломжийн талаар хэлж, зуслангуудын талаар танилцуулга явагдана. Үзэсгэлэн энэ сарын 16-19-нд МХО-нд үргэлжилнэ.