70 жилийн түүхтэй Монголын цирк бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, ард түмэндээ циркийн урлагийн сайхныг мэдрүүлж байсан нь саяхан. Эл урлагийг хүмүүс үгүйлж байгаа энэ үед Дархан-Уул аймагт цирк байгуулж буй тухай таатай мэдээ сонсогдлоо.
Уг нь 1970-аад онд Дархан хотод “Хүүхдийн цирк” нэртэй байгууллага үйл ажиллагаа явуулж байсан ч цагийн явцад “унтрах” шахаад байжээ. Тэгвэл соёлын тэргүүний ажилтан Т.Төмөр, Б.Батцэцэг нар тэрхүү голомтыг дахин асааж буй нь энэ аж. Одоогийн байдлаар 40 гаруй жүжигчинтэй “Шонхоодой” циркийнхэн хос нугаралт, акробат, олс болон хэрчим дээрх тэнцвэр, чанга утас, илбэ зэрэг үзүүлбэрийг үзэгчдийн хүртээл болгож байна.
Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд нээлтээ хийсэн тус циркт траншейны гэгддэг орон гэргүй 14 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, бие бялдар болон авьяас билгийг нь хөгжүүлж байгаа юм. Энэ нь Монголын ирээдүйд оруулж буй бидний хувь нэмэр гэж Т.Төмөр захирал ярилаа.
М.СОЛОНГО