Цагаан бээлий, дүрэмт хувцсаар ижилссэн цагдаа нар Бөхийн өргөөний гадна болон дотор талын хаалга бүр дээр харуулд гарчээ. Гэхдээ тэд хэн нэгнийг цагдах гэж бус, тасалбараа барьсаар тоглолтын танхимд суудлаа эзлэхээр орж ирж байгаа хүмүүст туслахаар зогсож байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газрын харьяа Цагдаа олон нийтийн сургалт, соёлын төвийн “Сүлд” чуулгын “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” тоглолт уржигдар боллоо. 19 жилийн түүхтэй чуулга уран бүтээлийн арвин сантай гэдгээ энэ тоглолтоор баталсан. Ардын жүжигчин, хурандаа П.Хаянхярваа, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхамжав, гавьяат жүжигчин Х.Отгон гээд тус чуулгаас төрсөн алдартнууд олон. Энэ удаагийн тоглолтод Дуучин Д.Сэлэнгэ, С.Өсөхбаяр, С.Галсанцэдэн, Б.Цэвэлмаа, Б.Баярсайхан нар олонд танигдсан хуучны болон цэрэг цагдаагийн сэдэвтэй дуугаар үзэгчдэд бэлэг барьсан.
Иргэдийнхээ амгалан, тайван байдлын төлөө цаг завгүй зүтгэдэг цагдаа нар “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” тоглолтоо үзэх завгүй явсан байх. Тоглолтын танхимд цагдаа нараас илүү гэр бүлийнхэн нь бололтой хүмүүс цугласан байсан. Дуу хоолой, дүрэмт хувцас, сэтгэл зүрхээрээ нэгдсэн болохоор энэ үдшийн тоглолт халуун дулаан мэдрэмж төрүүлж, үзэгчдийн алга ташилтад умбан байлаа.
С.СЭРГЭЛЭН