АНУ-ын Флорида мужийн саятан, 67 настай Гаил Познер гуравдугаар сард өөд болохдоо 8.3 сая долларын үнэтэй байшин, гурван сая долларыг гурван нохойдоо гэрээслэн үлдээжээ. Харин төрсөн ганц хүү Брет Кардаа ердөө сая доллар гэрээсэлжээ.
Хүү нь зарга үүсгэн бүх хөрөнгийг авах өргөдлөө шүүхэд өгчээ. Ээжийнх нь эргэн тойрны хүмүүс толгойг нь эргүүлэн ийм гэрээслэл бичүүлэхэд хүргэсэн гэж Б.Кар үзэж байгаа юм. Зарц нар нь бие муутай настай эмэгтэйг мансууруулах бодисоор хордуулан хөрөнгө мөнгийг нь завшсан гэж тэрбээр өргөдөлдөө дурджээ. Ээжийнх нь бие хамгаалагчид, үйлчлэгч нарын таван хүн тус бүртээ 1.3-10 сая долларыг гэрээслэлийн дагуу авах юм. Б.Карын өмгөөлөгч Брюс Кацен “Хатагтай Гаил хорт хавдартайн дээр тархины хатууралтай байсан тул гаднын нөлөөнд амархан автдаг байсан” гэжээ.
АНУ-д гэрээслэл тойрсон ийм зарга хоёр дахь удаагаа гарч байгаа нь энэ юм. Хэдэн жилийн өмнө зочид буудлын сүлжээний эзэн хатагтай Леона Хелмисли нохойдоо 12 сая доллар гэрээсэлж, хоёр ач хүүгээ хоосон үлдээсэн удаатай. Гэвч шүүх нохойн хөрөнгийг хоёр сая доллараар бууруулж ач нарт нь өгөх шийдвэр гаргасан байна.