Мексикийн булангийн далайд байрлах нефтийн цооногт дэлбэрэлт болсны улмаас түүхий нефть их хэмжээгээр асгарч, ус бохирдуулж байгаа таагүй мэдээ цацагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Байгаль дэлхийдээ хайртай хүн бүхний санаа зовоосон эл явдлын хор уршгийг арилгахад хүмүүс өөрийн боломжоороо оролцож, далайг цэвэрлэж буй. Тэгвэл Холливудын алдарт жүжигчин Кевин Костнер далайг тосноос салгаж, усыг нь цэвэршүүлэх шинэ төхөөрөмж бүтээжээ.
Усан дахь тос, шатахууныг ялган 99 хувь хүртэл цэвэршүүлж, эргүүлэн далайд шахах зориулалттай, 1.8 тонн жинтэй төхөөрөмжийг Кевин Костнер дүүтэйгээ хамтран бүтээсэн гэнэ. Тэрбээр 24 сая доллар зарцуулж, хийсэн төхөөрөмжөө өнгөрсөн долоо хоногт болсон Америкийн Шинжлэх ухаан, технологийн их хурлын үеэр нийтэд үзүүлж, олны талархлыг хүлээжээ.
Британийн газрын тосны БП групп түүний бүтээлийг авахаар гэрээ хийжээ. Гэрээний заалт, үнэ хөлсийг нь одоогоор нууцалж байгаа аж.