Монголын залуус 12 ханатай өргөө цагаан гэрт гэрлэлтээ батлуулах боломжтой боллоо.
Гэрлэх ёслолын ордны дэргэд 12 ханатай өргөө цагаан гэр өчигдөр үүдээ нээлээ.Гэрийн гол тулгуур болох хос баганын суурийг газар тэнгэрийг холбогч, мөнх оршихуйн увдист бадамлянхуа цэцгээр урлаж, дээр нь эв нэгдлийн бэлгэдэл Тумбааш хаан буюу эвтэй дөрвөн амьтныг мөрлүүлэн босгожээ.

Үндэсний уламжлалаа сэргээх зорилготой өвөрмөц маягийн хуримын ордон шинэхэн хосуудаа хүлээж байна
Чандмань эрдэнийг дээш угалзруулж гаргаад хаан бугуйвч, хатан сүйхийг өөд өөдөөс нь харуулан хос багана дээр сийлсэн байна. Хорол тоонын голд арга билгийн хос алтан загасыг оруулж, дөрвөн зүг найман зовхист аз жаргал түгээхийг бэлгэдэн очир, цэцгэн хээг хослуулжээ. Ханын ам болгонд 12 жилийг бэлгэддэг амьтдын дүрсийг сийлжээ. Ингэхдээ харш жилүүдийг өөд өөдөөс нь харуулж, жил бүрийн байршлын утга учрыг бодож оруулсан аж. Түүнчлэн хаан бугуйвч, хатан сүйхийг 130 унь дээр сөөлжүүлэн товойлгон сийлж, хар мөнгөөр чимэглэсэн байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг учир хаалганы гадна, дотор хавтсанд жаргалын найман морийг дүрсэлж, тотгон дээр юм бүхний ундарга болгож чандмань эрдэнийн хээг уулан, үүлэн хээтэй хослуулан урласан нь гайхалтай сайхан харагдана.
Энэ бүхэн өргөө цагаан гэрийн үүдээр орсон хүн бүрийг аз жаргалтай явахыг бэлгэджээ. Ийнхүү утга төгөлдөр байлгах үүднээс уламжлалт ёс заншил бүрийг шингээн хийхийг хичээсэн талаар Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг ярилаа. 75 сая төгрөгийн өртгөөр боссон энэхүү гэрийг 30 гаруй сийлбэрч, уран бүтээлч хамтран хоёр сарын турш урлахдаа ухаж сийлэх уламжлалт арга хэрэглэсэн аж.
Дан нарс, хуш модоор урласан эсгий туургатай монгол гэрийг XIII зууны үеийн загварт ойртуулан давхар тоонотой болгосон бөгөөд 30 гаруй шоо метр мод орсон гэнэ. Энэхүү өргөөнд хосууд гэрлэлтээ батлуулахаас гадна сүй тавих, худ ураг бололцох, хүүхдийн даахь үргээх, жилийн цээр гаргах, угаал үйлдэх, ахан дүүс бололцох гээд олон ёс жаяг гүйцэлдүүлэх боломжтой.
Гэрлэх ёслолын ордонд жилд дунджаар 1000 хос гэрлэлтээ батлуулдаг. Тэгвэл өргөө гэрт аль ч улиралд үндэсний уламжлалт ёс жаягаараа хуримлах боломжтой боллоо.
Р.Цэцэг