Энэтхэгийн Мизорам мужид 162 гишүүнтэй өнөр бүл амьдардаг тухай Мумбай Ньюс сонин мэдээлжээ. 66 настай өрхийн тэргүүн Зиона 38 эхнэр, 94 хүүхэдтэй. Түүний хөвгүүд өрх тусгаарласан хэдий ч уламжлалаа даган, эцгийнхээ гэрт амьдардаг аж. Тэд тус тусдаа өрөөтэй, хамтдаа сууж хооллодог гэнэ. Оройн хоолонд дунджаар гахайн мах 35 кг, цагаан будаа 50 кг хэрэглэдэг юм байна.
Зионагийнхан Засгийн газар болон ямар нэгэн тусламжийн байгууллагын гар харах тун дургүй. Өнөр бүлээ тэжээхийн тулд өрхийн тэргүүн тариалангийн талбай, гахай, шувууны аж ахуй эрхэлдэг төдийгүй хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, бяцхан вант улсдаа сургууль байгуулжээ.
Тэд христийн шашин шүтдэг бөгөөд орлогын аравны нэг хувиа сүмд хандивладаг гэнэ.
Дэлхийн хамгийн өнөр бүлээр шалгаруулж, Гиннесийн номд оруулах саналыг тэдэнд тавьсан ч Зиона гэр бүлийнхнийхээ зургийг олон нийтэд харуулахыг хүсээгүй учраас зөвшөөрөөгүй юм байна.
Зионагийн хамгийн залуу эхнэр нь 26 настай бөгөөд түүний хүү зургаан сартай. Зиона одоо америк бүсгүйтэй гэрлэж, бүл нэмэх хүсэлтэй байгаа гэнэ.
Б.Эгшиглэн