Монгол Улс, Казахстаны хооронд байгуулсан “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилж үүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу тус улсад ял эдэлж байсан манай улсын хоёр иргэнийг Тахарын ерөнхий газрын ажилтнууд өнгөрсөн сарын 18-нд эх оронд нь авчирсан билээ. Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, УЕПГ-ынхан нэлээд эртнээс хөөцөлдсөний эцэст ажил болж буй нь энэ. Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа Казахстанд айлчилж, дээрх гэрээг байгуулан, ял эдэлж буй хүмүүсээ шилжүүлж авах талаар анхаарч ажилласан юм. Казахстаны Алматы хотын Алмалинск дүүргийн шүүхээс 19, 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, Алматы мужийн ЛА-155/8, ЛА-155/4 хорих ангид ял эдэлж байсан манай улсын иргэн Б, түүний эхнэр О нартай ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр анги буюу Дамжин өнгөрүүлэх газарт байхад нь ярилцлаа.
-Бүгд найрамдах Казахстан улстай байгуулсан гэрээний дагуу та хоёр эх орондоо ирлээ. Нутагтаа ирэх тухайгаа хэдийд мэдэв?
О: -Хүний газар, хэл мэдэхгүй орчинд өргөст торны цаана сууна гэдэг хэцүү. Эцэг, эх маань Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн болон Гадаад хэргийн яам гээд олон газраар хөөцөлдсөний эцэст бид эх орондоо ирлээ. Үлдсэн ял шийтгэлээ нутагтаа эдлэх боломжоор хангасан дээрх байгууллагын эрх бүхий ажилтнуудад талархсанаа илэрхийлмээр байна. Хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахаар болсон тухай мэдээллийг би жил орчмын өмнө сонссон.
-Та хоёр ч гэсэн эх орондоо очих тухай хүсэлт гаргаж байсан биз дээ?
-Тийм ээ. Бид Элчин сайдын яамаар дамжуулж, Казахстаны шүүх, холбогдох бусад байгууллагад нь Монголдоо очиж, үлдсэн ялаа эдлэх боломжоор хангаж өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан. Эх орондоо ирнэ гэдэг чинь үр хүүхэд, эцэг эхдээ ойртоно шүү дээ. Тиймээс л би Монголдоо очих хүсэлтийг холбогдох байгууллагад нь хэд хэдэн удаа гаргасан.
-Тэнд хэчнээн жил хоригдов? Нэлээд аялгатай ярьж байх чинь.
-Харин тийм ээ. Монголдоо ирчихээд эх хэлээрээ бараг ярьж чадахгүй байсан шүү. Одоо ч зарим үг орж ирэхгүй л байна. Казахстаны хорих ангид монгол хэлээрээ огт ярьж байгаагүй, ярих ч боломжгүй. Орос юм уу, казах хэлээр л хүмүүстэй харилцаж байсан болохоор эх хэлээ мартах юм билээ. Бид 2008 оны наймдугаар сард тус улсын хууль хяналтын байгууллагынханд баригдаж, мансууруулах бодис зөөсөн хэргээр ял шийтгүүлснээс хойш бараг долоон жил орчмын дараа эх орондоо ирээд байна.
-Хорих ангийнх нь нөхцөл ямар вэ. Өрөөндөө хэдүүлээ хоригдож байв?
-Тэнд өрөө гэж байдаггүй. Маш том байрны нэг жигүүрт нь л гэхэд 100 гаруй эмэгтэй хорих ял эдэлдэг юм. Миний сууж байсан хорих ангид 1000 гаруй хүн ял эдэлж байлаа. Хорих ангийн нөхцөл нь гайгүй ээ. Хоол унд нь ч боломжийн. Ял шийтгүүлсэн хүмүүс тэнд нийгмийн тустай хөдөлмөр эрхэлдэг. Янз бүрийн ажлын байр бий. Оёдлын үйлдвэрээс эхлээд хүссэн ажлаа сонгож болдог. Олон жилийн ял шийтгүүлсэн хүмүүс ихэнхдээ талхны үйлдвэрт ажилладаг юм. Би жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлсэн хүмүүсийн адил талхны үйлдвэрт нь ажиллаж байсан. Тэр үйлдвэр нь хүнд нөхцөлд тооцогддог. 50 кг-ын шуудайтай гурил зөөж, гараараа зуурч өдөрт 2000 талх барьдаг байлаа. Миний ажиллаж байсан талхны үйлдвэр нь Казахстаны бүх л хорих ангийн хүнсний хэрэгцээний талхыг нийлүүлдэг гэж сонссон. Хүний нутагт өргөст торны цаана сууна гэдэг үнэхээр хэцүү. Харь газар гэдэг бол амьсгалахад хүртэл агаар нь шал өөр юм билээ. Хүн өөрөөрөө байж чадвал зан чанарын хувьд эвдрэлгүй гарч чадна гэж ойлгосон.
-Та хоёроос өөр Монголын иргэн ял эдэлж байсан уу?
-Миний хоригдож байсан эмэгтэйчүүдийн хорих ангид Монголын харьяатаас гарч, Казахстаны иргэн болсон нэг эмэгтэй байсан.
-Тахарын албаныхан та нарыг авчирсан шүү дээ. Казахстанаас шууд нислэгээр ирсэн үү?
-Тахарын албаны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй ажилтан очиж биднийг авсан. Тэд бидэнтэй жирийн хүмүүс шиг л эелдэг харилцаж байв. Биднийг Казахстанаас Бишкек, тэндээс Улаанбаатар руу дамжуулан авчирсан.
-Танай хадам эгч нарыг Б.Хулан, Б.Халиун гэж цагдаа, тагнуулынхан бүү хэл олон уншигч мэдэж байгаа. Та тэдэнтэй холбоотой байдаг уу?
-Тэдэнтэй бид холбоо бариагүй удаж байна. Бид тус тусдаа амьдралтай хүмүүс шүү дээ.
-Манай залуус сүүлийн үед хар тамхи хэрэглэх боллоо. Зарим нь энэ хэрэгтээ ял шийтгүүлж, шоронд хоригдож байна. Тэдэнд хандаж та юу хэлэх вэ?
-Хар тамхи хэмээх буруу, муу муухай зүйлтэй битгий холбогдооч ээ. Энэ бол маш аюултай эд. Би өөрөө хэрэглэж үзээгүй, мэдэхгүй байж байгаад л ийм хэрэгт холбогдон олон жилийн ял шийтгүүлчихээд байна шүү дээ. Хэрэглэж байгаа хүмүүсийг харах аймшигтай. Казахстаны шоронд ял эдэлж байхад тэнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч маш олон хүн байсан. Тиймээс монгол залуустаа хандаж энэ хар хортой битгий орооцолдоорой гэж захимаар санагдсан. Тэнд би олон эмэгтэйтэй хамт ял эдэлж байсан. Тэдний дунд мансуурагч олон. Эцэстээ хөл гараа тайруулж байхыг ч үзлээ. Ийм аймшигтай зүйл харж байсан. Зарим хүн сониучирхан татаж үзэх тохиолдол бий. Би энэ бүгдээс нь айгаад ойртож ч үзээгүй.
-Ирээд гэр бүлийнхэнтэйгээ уулзсан уу. Хүүхэд чинь зөндөө том болсон байлгүй?
-Аав, ээжтэйгээ уулзсан. Охинтойгоо уулзаж чадаагүй. Ийм газар хүүхдээ авчрах зохисгүй санагдсан учраас уулзаагүй. Гэхдээ эх орондоо ирээд сэтгэл өөдрөг байна. Улаанбаатар маань ч сайхан хөгжиж байгаа бололтой. Гадуур гараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Онгоцны буудлаас энэ анги хүрэх хооронд харахад л тэгж санагдлаа.
-Та хоёрт Казахстаны шүүх 17-19 жилийн хорих ял шийтгэсэн байсан. Манай улсын Эрүүгийн хуульд энэ төрлийн хэрэгт 15 жилийн хорих ял шийтгэх заалттай. Тиймээс та хоёрт ногдуулсан ялыг Монголынхтойгоо ойртуулж тэгшитгэх талаар хууль хяналтын байгууллагынхан хэлж байсан. Ялаа хөнгөрүүлэх талаар хөөцөлдсөн үү?
-Надад Казахстаны шүүх 17 жилийн хорих ял оноосон. Би тэнд зургаан жил дөрвөн сарын ялаа эдлээд ирсэн. Өөрийгөө засарч хүмүүжсэн гэж бодож байгаа. Хүний газарт ял эдлэх үнэхээр хэцүү. Энэ явдал миний амьдралд маш том сургамж боллоо. Тийм учраас би дахиж ийм асуудалд оролцохгүй, орооцолдохгүй. Монголын хуульд нийцүүлэн тэгшитгэх талаар сайн мэдэхгүй л байна. Ямар ч гэсэн эхлээд сайн өмгөөлөгч авахаар хөөцөлдөж байгаа. Өнөө маргаашгүй (2014.12.25) өмгөөлөгч ирж уулзах байх.
-Та хоёр ханилаад удсан уу?
-Бид 2005 онд танилцаж, 2006 онд охиноо төрүүлсэн. Тэгээд 2008 онд ийм болчимгүй хэрэгт орооцолдож, хүүхдээ ч өсгөж чадахгүй байна гэдэг аймшигтай.
-Шүүх хуралд чинь манай Элчин, Консулынхан оролцож, өмгөөлөгчөөр хангах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм уу?
-Бид санаа зовоод ЭСЯ, Консулын газрынханд хэлээгүй л дээ. Хэрэв хэлсэн бол яах ч байсан юм билээ гэж хожим бодогдсон. Бид тус улсын талаас томилсон өмгөөлөгчөөр нь л эрхээ хамгаалуулсан. Гэхдээ цагдаа, прокурортойгоо өмгөөлөгч нь нэг тал болчихсон юм шиг санагдаж байсан. Бас бидэнд өмгөөлөгчид өгөх хөлс ч байгаагүй учраас улсаас томилсон өмгөөлөгчтэй нь л шүүх хуралд оролцсон. Биднийг ийн ярилцаж байтал гаднаас түүний нөхөр болох Б-ийг хянагч нар оруулж ирлээ.
-Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу эх орондоо ирэх болсноо хэзээ мэдэж, яаж хүлээж авав?
Б: -Ийм гэрээ байгуулж, эх орондоо буцах болсон талаар би энэ оны долдугаар сард мэдсэн. Түүнээс өмнө би 2012, 2013 онд Казахстаны холбогдох байгууллагад эх орондоо ял эдлэх хүсэлт гаргасан. Анх хүсэлт гаргаж байхад Казахстаны ерөнхий прокурорын газрынхан хүлээж аваагүй. Хоёр улсын хооронд эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байхгүй гээд эх орондоо ял эдлэхийг зөвшөөрөөгүй. Харин 2014 оны эхээр тус прокурорын газрынхан өөрсдөө бидэнтэй уулзсан. Зөвхөн Монголын иргэн ч биш, олон орны иргэд тэнд ял эдэлж байгаа. Тэднийг тухайн улсад нь ял эдлүүлэх боломжоор хангасан гэсний дагуу бид хүсэлтээ гаргасан. Мөн тэр үеэр манай Ерөнхий прокурор Д.Дорлигжав Казахстанд очиж, бидний асуудлыг хөндөж тавьсан тухай мэдээлэл авч байлаа.
-Хорих байрных нь нөхцөл байдал ямар байсан бэ?
-Гайгүй ээ. Гэхдээ олон жил хүний нутагт байх, тэр дундаа эрхээ хасуулчихаад хэн нэгний хараа хяналт дор байна гэдэг хэцүү шүү дээ. Наад зах нь нутгаа санана. Цаашлаад ар гэрийнхэн эргэж тойроход бэрхшээлтэй. Би Казахстанд гурван хорих анги дамжсан. Эхний байсан газар маань Алматыгаас зүүн тийш 1000-гаад км-т байсан. Уур амьсгал нь Монголынхтой ойролцоо. Алматы нь чийглэг юм билээ. Тэнд хэчнээн зузаан хувцастай ч чийглэг болохоор жиндээд байдаг.
-Эх орондоо ирээд сэтгэл санаа өөдрөг байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Ар гэрийнхэн минь биднийг эргэж ирлээ. Гэхдээ тухтай ч уулзаж амжсангүй. Уулзах цаг нь богино болохоор бие биенээ хараад л өнгөрлөө.
-Монгол залуус маань цагаан тахалд донтох явдал гарч байна. Та хоёр хэрэглэгч биш ч энэ төрлийн хэрэгт ял шийтгүүлж харь оронд ял эдэлж байгаад ирсэн. Тиймээс залууст хандаж юу хэлэх вэ?
-Тус улсад ял эдэлж байхдаа хар тамхи хэрэглэж байгаа олон хүнийг харлаа. Зэрэгцээд нэг байранд амьдарч байсан. Тэнд хар тамхины хэрэглээ өндөртэй. Ял эдэлж байгаа 1000 гаруй хүний 500-600 нь хар тамхи хэрэглэдэг юм билээ. Энэ хор, уршигт бодисын төлөө гэр бүлийнхнээ, төрсөн эхийгээ зарах ч энүүхэнд. Харин манай Монголд харьцангуй гайгүй юм шиг байна. Энд хоригдож буй хүмүүсийн ихэнх нь хар тамхины талаар ойлголт бага байгаа нь сайн хэрэг гэж бодогдсон шүү.
-Та хоёр хүний “барааг” зөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн байх аа?
-Тийм ээ. Хүн туслаач, аваад гарчихаач гэж гуйсныг нь л авч яваад баригдсан. Хар тамхи хэмээх аймшигт бодисын хор нөлөөг тэнд өчнөөн харлаа. Ямар ч хэрэггүй зүйл байна. Ялангуяа манай орон шиг хүн ам цөөтэй оронд хязгаарлаж, хянаж байхгүй л бол болохгүй зүйл юм.
-Ял шийтгэлээ хөнгөрүүлэх талаар шүүх, прокурор, хорих ангийн удирдлагад хандаж үзэв үү?
-Монголынхоо хуулийг судалж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 413 дугаар зүйлд гадаадад ял эдэлж байсан, тэр ял нь Монголын хуулиас өндөр байвал Монголын хуультай нийцүүлэн тэгшитгэх заалт бий юм билээ. Тэгэхээр Монголынхтойгоо нийцүүлэх болов уу гэж горьдож байна. Энэ дашрамд, Хууль зүйн болон Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газрынханд хандаж нутагт минь шилжүүлэн авчирсанд талархаж буйгаа илэрхийлье. Мөн бидний ял шийтгэлийг Монголынхоо хуульд нийцүүлэх тал дээр анхаарч, харж үзээсэй гэж хүсмээр байна. Монголд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдах гэж буй тухай ярьж байсан. Тэр нь юу болж байгаа юм бол доо гэж бодох юм. Дахиж ийм зүйлд орооцолдохгүй, хичээж амьдарна. Эндээс гарах л юм бол амьдралын төлөө зүтгэнэ.
-Хүүхдээ бага байхад нь ял шийтгүүлсэн гэж О-гийн ярианаас ойлголоо. Манай улсын шүүх бага насны хүүхэдтэй бол оноох ялыг харж үздэг. Казахстаны шүүх энэ талыг харгалзан үздэг юм уу?
-Уг нь бид нялх хүүхэдтэй гээд бичиг баримтыг нь хүртэл хавсаргаж өгсөн ч тус улсын шүүх хүлээж авалгүйгээр ял шийтгэсэн л дээ. Манай шүүх энэ тал дээр харгалзан үзэх болов уу гэж горьдож байгаа. Бид ийм хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа гэдгээ хүүхэддээ огт хэлээгүй. Гадаадад ажил хийж байна, ажлаа хийж дуусчихаад очно гэж охинтойгоо утсаар ярихдаа хэлдэг. Сая ирээд охиноо энд авчрахыг зөвшөөрөөгүй.
-Прокурор яллах дүгнэлтдээ та хоёрт арай хөнгөн ял оноох санал гаргасан гэж сонссон. Үнэн үү?
-Тэгсэн. Прокурор надад 17, эхнэрт маань 15 жилийн хорих ял шийтгэх саналтайгаа илэрхийлсэн. Гэтэл шүүх тус бүрт нь хоёр жилийн ял нэмээд шийтгэсэн. Мөрдөн байцаалтын хугацаа, давж заалдах шат гэсээр байгаад бид 2011 онд хорих ангид хуваарилагдсан. Баригдахаас хоёр сарын өмнө Казахстан хуулиа өөрчилж, хар тамхины хэрэгт ногдуулах ял шийтгэлээ чангаруулсан юм билээ. Биднээс хоёр сарын өмнө баригдсан оросууд бага ял шийтгүүлсэн гээд сууж байсан. Хүний гуйсан зүйлийг л нэг удаа биедээ авч яваад баригдсан болохоор шинэчилсэн хуулийнхаа дагуу өнд өр ял оноосон байх гэж бид боддог. Тус улсад хар тамхины хэрэгт зохион байгуулалттай гэмт бүлэглэл тогтоогдсон бол бүх насаар нь хорих ял шийтгэхээр болсон гэсэн. Гэхдээ биднийг хоригдож байхад энэ төрлийн хэрэгт ийм ял шийтгүүлсэн хүн байгаагүй. Харин хүн амины хэрцгий хэрэгт бүх насаараа ял шийтгүүлсэн хүмүүс орж ирж байсан.
-Хоёр эгчийн чинь тухай интернэтээр дүүрэн мэдээлэл байгааг олж уншсан байлгүй. Тэдэнтэйгээ хэзээ хамгийн сүүлд холбоо барив?
-2011 онд хорих ангид хуваарилагдсаны дараа нэг удаа утсаар холбогдсоноос хойш холбоо тасарсан. Хоёр эгчийг минь эрэн сурвалжилж байгаа тухай мэдээллийг интернэтээс уншиж байсан. Өөрсдийнхөө холбогдсон хэргийн тухай хайлтын системээс хайхад эгч нарын минь Хятадаас ялтан солилцоогоор эгч дүү хоёрыг авчирсан тухай мэдээлэл авсан.
Тэдэнтэй уулзах хугацаа ийнхүү дууссан. Ярилцаж дуусмагц тэд бие биенээ тэврэн авч эхнэр нь нулимс дуслуулж харагдлаа. Хэдийгээр нэг хэрэгт ял шийтгүүлж, нэг улсад ял эдэлж байсан ч зургаан жил гаруйн турш бие биетэйгээ уулзаагүй тэдэнд хоромхон ч болов үг солилцох бололцоо энэ уулзалтын дараа тохиож буйг хэлж байв. Тэд өргөст торны цаанаас хурдхан гарч, үр хүүхэддээ очно, энгийн амьдралд гараад дахиж алдахгүй гэдгээ итгэл төгс хэллээ.
Г.ЦОЛМОН