Өнгөрсөн жилүүдэд монгол бөхөнгийн тоо толгой өсөж энэ онд 13.800-д хүрчээ. Зөвхөн Монголд тэр дундаа Говь-Алтай, Ховд аймгийн сумдаар тархсан энэ амьтан хууль бус худалдаа, агнуурын золиос болохын зэрэгцээ байгаль цаг уурын зохисгүй хүчин зүйлээс шалтгаалан устах аюулд ороод байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (ДБХС) Монгол дахь хөтөлбөрийн газраас монгол бөхөнг судалж, хамгаалахад чиглэсэн олон ажил хийж буй. Тус газрын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан менежер Б.Чимэддоржтой энэ талаар ярилцлаа.
-Дэлхийн байгаль хамгаалах сангийн (ДБХС) Монгол дахь хөтөлбөрийн газраас монгол бөхөнг хамгаалах чиглэлээр ямар төсөл хэрэгжүүлдэг вэ?
-1980-аад оны сүүлчээр Монгол болон ОХУ-ын эрдэмтэн, судлаачид хамтран Шаргын говьд өргөн хүрээтэй судалгаа хийж, монгол бөхөн 700 орчим тоо толгой байгааг тогтоон, энэ амьтныг хамгаалах шаардлагатайг дурдсан байдаг. ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос байгаль хамгаалагч, малчид, нутгийн иргэдтэй хамтарч монгол бөх өн хамгаалах төслийг эхлүүлж, энэ амьтны тоо толгой, нөөцийг тогтоон, хууль бус агнуур, худалдааны эсрэг шуурхай баг ажиллуулах, амьдрах орчныг хамгаалах, бэлчээр зохистой ашиглахад түлхүү анхаарч ажиллаж байгаа. Тоо, нөөцийн мониторинг, тооллого судалгааг жил бүр хийж байна. Энэ ажлын үр дүнд монгол бөхөн 2000 онд 5200 тоо толгой болж өссөн. Гэвч 2002 оны өвөл болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 750 болтлоо цөөрсөн юм. Монгол бөхөнгийн амьдрах орчныг хамгаалах, усан хангамжийг зохистой ашиглах зорилгоор 2012-2023 онд бэлчээрийн менежментийн цогц хөтөлбөр боловсруулан Говь-Алтай аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна.
-Монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох судалгааг хэрхэн хийдэг вэ?
-Зэрлэг амьтны тоо, нөөцийг тогтооно гэдэг амаргүй ажил. Тал хээр, говийн задгай газар нутагт зэрлэг амьтны тоо, нөөцийг тогтоох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шулуун замналын арга гэж байдаг. Шулуун замналын судалгааны ажлыг онгоц ашиглан хийж болох ч энэ нь маш өндөр өртөгтэй. Мөн тухайн амьтны амьдрах орчин, ургамлын гарц зэрэг нэмэлт мэдээлэл цуглуулах боломжг үй. ДБХС-гийн Монгол дахь хөт өлб өрийн газрын мэргэжилтн үүд, Зэрлэг амьтан судлах хамгаалах нийгэмлэг, аймгуудын Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай хамтран монгол бөхөнгийн тархац, байршил, тоо толгойг тогтоох зорилгоор өнгөрсөн оны наймдугаар сард тархац нутаг болох Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд 12.000 км газарт шулуун замналын аргаар судалгаа хийсэн. Газраар хийдэг энэ судалгаа зардал хэмнэхээс гадна, цас, ус, бэлчээрийн талаарх бусад мэдээллийг цуглуулж болдог давуу талБ тай. Энэ аргаар сүүлийн арван жил судалгаа хийж байна.
-Манай улс соргог бөхөнг устаж алга болсон амьтны жагсаалтад оруулсан. Ямар шалтгаанаар соргог бөхөн манай оронд үзэгдэхээ больсон юм бол. Дахин нутагшуулах боломж бий юү?
-Соргог бөхөн Алтайн нурууны өмнө говиор нутагладаг байсан. 1950-иад оноос үзэгдэхээ больсон тул Монгол орны устаж үгүй болсон амьтны жагсаалтад бүртгэсэн. Араатан амьтны нөлөө мөн байгаль цаг уурын хүнд нөхцөлөөс болж манай оронд устсан гэж үздэг. Өдгөө Дундад Ази, Казахстан, Халимаг улсын нутагт соргог бөх өн нутаглаж байгаа. Өнгөрсөн онд Казахстанд 176 мянган соргог бөхөн тоологдсон. Алтайн нурууны урд талд соргог бөхөн сэргээн нутагшуулах боломж бий. Нутагшуулаад дасан зохицож бие даан амьдрах чадвартай болтол харуул, хамгаалалттай байлгах нь чухал. Гэхдээ эхлээд монгол бөх өнгөө хамгаалж, хуучин тархац газарт нь нутагшуулсны дараа соргог бөх өнгийн асуудлыг хөндөх нь зүйн хэрэг байх.
-Монгол бөхөн, соргог бөхөн хоёр хоорондоо ямар ялгаатай вэ. Казахстан улс соргог бөхөнгөө хамгаалах, өсгөх тал дээр ямар арга хэмжээ авдаг вэ?
-Монгол бөхөн давжаа биетэй. Энэ хоёр төрөл зүйл хоорондоо хээл авалцдаг ч гэлээ Алтайн нурууны өмнө талд соргог бөхөн, хойд талд нь монгол бөхөн байсан учир газар зүйн байрлалаас шалтгаалан хоорондоо холбогдох боломжг үй байсан. Казахстан улс өмнө нь соргог бөхөнгийн эвэр экспортлохыг зөвшөөрдөг байсан. Харин одоо 2020 он хүртэл, эсвэл соргог бөхөнгийн тоо толгойг 200.000 болтол агнахыг хорьж экспортыг зогсоосон байгаа.
-Бөхөн ихэрлэх нь олон. Нийт мэндэлсэн янзаганы хэдэн хувь нь ихэр байдаг вэ?
-Нийт төллөж буй хэрэгчний (эм бөхөн) 70 хүртэл хувь нь ихэрлэдэг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилд хийсэн судалгаагаар төлийн 30 орчим хувь нь ихэрлэдэг гэж дүгнэсэн. Бөхөн ихэрлэдэг амьтан учир хамгаалж буй тохиолдолд тоо толгой нь хурдтай өсөн нэмэгддэг.
-Цаг уурын таатай нөхцөлд ч нийт мэндэлсэн янзаганы дөрөвний нэг нь үхдэг гэж дуулсан. Энэ нь юунаас болдог вэ?
-Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгээс 2010, 2011 онд 40 янзаганд байршил тогтоогчтой хүзүүвч зүүж үхэл, хорогдлыг нь судалсан. Янзаганы үхэлд бүргэд, үнэг хамгийн их нөлөөтэй болох нь тогтоогдсон. Хэрэгчин зургадугаар сарын дундуур төллөж, эхний арав гаруй хоног янзагаа бутны ёроол, жалга зэрэг газар нууж, нэг нас хүртэл нь дагуулан явж тэжээдэг. Янзага төрөөд эхний арав хоногтоо, нялх төл байх хугацаандаа их хорогддог.
-Бөхөн агнахыг хуулиар хориглосон. Хууль хэр хэрэгжиж байна?
-Манай улсын хэмжээнд 1930 оноос монгол бөхөнг агнахыг хуулиар хориглосон, дархан цаазтай амьтан. “Улаан ном”-д орсон, нэн ховор ангилалтай. Хэржин (эр бөхөн) дөрвөн сая, хэрэгчин 4.200.000 төгр өгийн экологи, эдийн засгийн үнэлгээтэй. Агнасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэлээ ч цаасан дээр бичсэн хамгаалалт амьдрал дээр төдийлэн хэрэгжихгүй байна.
-Хуулиар хамгаалсан амьтныг хулгайгаар агнаад байгаагийн гол шалтгаан юу байна?
-2014 оны аравдугаар сард монгол бөхөнгийн 74 эвэртэй холбоотой хэргийн шүүх хурал болсон. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ховд аймгийн Чандмань суманд зургаан бөхөн агнасан гэсэн мэдээлэл ирлээ. Сүүлийн гурван жилээр аваад үзэхэд бөхөнтэй холбоотой хууль бус агнуурын 80 гаруй хэрэг гарсан гэх мэдээлэл бидэнд олдоод байна. Хууль бус агнуурыг илр үүлж байгаа ч нэг алдаа дутагдалтай тал нь энэ амьтны эврийг худалдаалдаг сүлжээ, хууль бус наймаачдыг олж хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа юм. Амьтныг хороож авсан эвэр эм биш хор болдог гэж үг бий. Нутгийн иргэд бөхөнгийн мах, арьсыг нь хэрэглэдэгг үй атлаа зүгээр зугаацах гэж хэржинг түүж агнадаггүй нь ойлгомжтой. Бөх өнгийн эврийг хил дамнан худалддаг хууль бус наймаачдын бүлэг байгаа нь илт юм. Гэлээ ч зэрлэг амьтны эд эрхтэнийг хууль бусаар худалддаг сүлжээг илрүүлж чадахгүй байна. Тиймээс хууль бус ан хийсэн хэмээн хэрэг үүсгэж шалгадаг. Мөн зэрлэг амьтны хууль бус агнуур техник технологио дагаад хөгжчихсөн.
-Бөхөн махчин амьтад, хууль бус анчдаас өөрийгөө хэрхэн хамгаалдаг вэ?
-Монгол бөхөнгийн байгальтай ивээл өнгө нь өөрийгөө хамгаалах зохилдлого болдог. Өвөл цайвар, зун нуруу нь хажуу хэсгээрээ шар саарал, ууц нь хүрэн болж байгалийн өнгөтэй ижилсдэг. Бусад хоёр нутагтан, өвсөн тэжээлтний адил хөнгөн хөлийнхөө ачаар аюулаас мултардаг. 90 км цаг хүртэл хурдалдаг гэдгийг нь тогтоосон. Гэлээ ч том машин, цэргийн зориулалттай бууны сумнаас мултарч чадахгүй. Мөн анчдын холбоо харилцаа маш сайн болсон. Байгаль хамгаалагчид мэдээлэл аваад шалгалтаар явах үед хууль зөрчигчдийн нэг нь бусдадаа шууд мэдээлдэг. Тэгээд газар дээр нь очихоор нөгөө хулгайн анчид алга болчихсон байдаг. Төрийн бус байгууллага зарим талаараа төрийн үүргийг бүрэн гүйцэтгэж чаддаггүй. Зөвхөн бөхөн дээр ч биш зэрлэг амьтдын хууль бус худалдааны сүлжээг илрүүлэх зайлшг үй шаардлагатай байна. Зөвх өн эврийг нь авахын төлөө хэржинг агнаснаас болж бөхөнгийн сүргийн харьцаа алдагдаж байна.
-Монгол бөхөн байгаль орчинд ямар ач холбогдолтой вэ?
-Албан ёсоор батлагдаагүй ч малд хортой баглуур хэмээх шүүслэг ургамлыг идэж, тэлэлт, тархалтыг нь барьж байдаг. Говь, цөлийн амьтны гинжин холбооны гол хэсэг юм. Мөн бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулж, хөрсийг сийрэгжүүлэн, хорголоороо говь цөлийн бүсийн ургамлыг борддог.
-Хоёр нутагтан өвсөн тэжээлт амьтдыг бэлчээр талхалдаг хэмээн малчид дургүйцдэг. Энэ мэт сөрөг хандлага хэр байдаг вэ?
-Бөхөн хүн, малаас аль болох зайдуу газар байршдаг ч иймэрхүү сөрөг хандлага өвсөн тэжээлт амьтанд байнга тохиолддог. Хаваржаагаа орхиод явах хооронд хамаг өвсийг нь бөхөн идчихсэн байдаг хэмээн малчид ундууцдаг. Гэхдээ энэ хандлага өөрчлөгдөж, эерэг тийшээ чиглэж байгаа. Зэрлэг амьтад бэлчээрийг малаас илүү талхалдаг гэсэн ойлголт байхгүй.
-Цаашдаа бөхөнгийн тоо толгойг өсгөхийн тулд ямар ажил хийх шаардлагатай вэ?
-Бөхөнгийн тоо толгой 13.800 болтлоо өссөн ч гэлээ нутаглаж буй газар нутаг нь хязгаарлагдмал хэмжээтэй. Тиймээс тэнд ган, зуд тохиолдвол сүргээрээ устаж үгүй болох аюул заналхийлж байна. Дэлхийд зөвхөн Монголд байдаг энэ төрөл зүйлийг устаж үгүй болохоос нь өмнө тоо толгойг нь өсгөх, цаасан дээрх хамгаалалтыг бодитой болгох, хөрсөнд нь буулгах шаардлагатай байгаа юм.
Т.БОЛОР-ЭРДЭНЭ