Алдартнууд тэнгэрт халисан ч “мөнгөний уурхай” хэвээр байдгийг “Форбес” сэтгүүлээс жил бүр гаргадаг жагсаалтаас харж болно. Эзэн нь нөгөө ертөнцөд одсон ч хийж бүтээсэн зүйл, үлдээсэн өв хөрөнгө нь үр өгөөжөө өгсөөр. “Форбес” сэтгүүлийн хамгийн сүүлд гаргасан жагсаалтыг хүргье.
1. Домогт Майкл Жексон нас барснаасаа хойш нэг тэрбум долларын орлого олжээ. Цомгийн орлогоороо 383, ‘This is it” кино нь 400 сая долларын ашиг олсноос гадна хэрэглэж байсан эд зүйлсийг нь дуудлага худалдаанд оруулж чамгүй мөнгө олжээ. “Sony music group” түүний амьд ахуйдаа бүтээсэн 10 цомгийг ирэх долоон жилийн дотор дахин худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Тиймээс ойрын жилүүдэд попын хааны нэр энэ жагсаалтаас буухгүй нь бололтой.
2. Жагсаалтын дэд байранд загвар зохион бүтээгч Ив Сан Лорен оржээ. Өнгөрсөн жилийн хугацаанд түүний бүтээсэн хувцасны цуглуулга 350 сая долларын орлого олжээ. Эдгээр мөнгө Ив Сан Лорены байгуулсан буяны санд ордог аж.
3. Бродвей театрын хамгийн шилдэг хослол хөгжимчид агсан Ричард Рожерс, Оскар Хамерстейн нар 235 сая долларын орлогоороо гуравт бичигджээ.
4. Рок-н-роллын хаан Элвис Пресли өмнөх жилийн жагсаалтыг тэргүүлж байсан бол энэ удаа гурван алхмаар ухарчээ. Түүний дуунууд 55 сая долларын ашиг авчирсан аж.
5. Оксфордын их сургуулийн профессор, “Бөгжний эзэн” зохиол бичсэн Жон Толкин 55 сая долларын орлого олсон байна.
6. Зохиолч Чарльз Шульц энэ жагсаалтын зургадугаарт оржээ. Хүүхэлдэйн киноны баатар Чарли Браун, түүний нохой Снүүпиг хүмүүс андахгүй. Тэгвэл тэд “аавдаа” 35 сая долларын ашиг авчирчээ.
7. “Битлз” хамтлаг Есүсээс ч алдартай боллоо хэмээн нэгэнтээ хэлж байсан Жон Леннон нас барснаасаа хойш нийт 15 сая долларын орлого олсон байна. Харин Есүс Христ хэдий хэмжээний орлого олсныг хэн ч хэлж мэдэхгүй билээ.
8. “Малгай доторх муур” номын зохиолч Теодр Швис мөн 15 сая долларын орлого олжээ. 9. Суут эрдэмтэн Альберт Эйнштэйн бие барснаасаа хойш 10 сая долларын орлоготой болжээ. Тэрбээр 16 настайдаа “Гэрлийн цацрагтай хүн зэрэгцээд гүйвэл яах бол” гэж бодсон нь хожмоо харьцангуй онолын үндэс болсон гэдэг.
10. Телевизийн шоу нэвтрүүлэг санаачлагч, Америкийн эрдэмтэн, зохиолч Майкл Кричтон 2008 онд нас барснаасаа хойш есөн сая доллар олсон нь жагсаалтын аравдугаарт орсон байна.
Б.Эгшиглэн