Соёлын гавьяат зүтгэлтэн С.Зэвсэгийн өрөөгөөр орвол “Үзэг, цаас хоёр минь” гэсэн номоо дөнгөж хэвлэлтээс авчирч байв. За дүү хүү, уншаад санаа оноогоо хэлнэ биз гэж байна. Ер нь мань хүн сонин хүн л дээ. Ямар сайн даа л ардын уран зохиолч Д.Цоодол “...Цаадах чинь айхтар аа. Чимээгүйхэн занхагнаж яваад нэг л мэдэхэд нэг сонин юм гаргаад ирдэг юм” гэж байсан удаатай. Нээрээ ч тэрбээр уран бүтээлийн олз омог ихтэй байна. Одоогоос олон жилийн өмнө дөө мань эрийн “Аварга аваргаараа төрдөг” гэсэн ном бөх сонирхогчдын ширээний ном болсон.
Хожим УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийг “Зууны луйварчин” хэмээн шуугиж байхад “Эрдэнэтийн Отгонбилэг” гэсэн түүний амьдралын тухай ном хэвлүүлж байлаа. Мань хүн олон ч ном гаргасан. Дөнгөж хэвлэлтээс гарч ирсэн “Үзэг цаас хоёр минь” гэсэн шинэ ном нь сонирхолтой юм.
Нэг талаас харахад жирийн нэг сэтгүүлчийн уран бүтээлийн гараа, амьдралын замналыг харуулсан мэт санагдавч асар олон баримтыг шигтгэсэн нь сонин санагдлаа. Тэр дунд газар газар явж, хамж “түүсэн” сэтгүүлчийн тэмдэглэлүүд оржээ. Хамгийн гол нь сонины хуудсанд гарах төдий өнгөрдөг ярилцлагуудыг донжийг нь олоод номондоо оруулчихсан байх юм. Хүн бүхэн өөрийн түүхтэй. Түүнийгээ үлдээх эрхтэй.
Тэр үүднээс авч үзвэл Бакула Ринбүүчи, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.С.Черномырдин, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Т.Наранхүү гээд янз бүрийн хүрээний хүмүүсийн түүх өгүүлсэн яриа энэ номонд оржээ. Хэн бүхэн уншихад сонин ном болж. С.Зэвсэг ер зүгээр сууддаггүй нэгэн. Тун удалгүй дахиад нэг сонирхолтой ном гараад ирэх вий.
Б.ЭЛДЭВ