Сүхбаатар дүүргийн нутаг, Таван буудлын ойролцоо 2014 оны есдүгээр сарын 10-ны 07.45 цагийн орчимд хичээлдээ явж байсан 12 настай С охиныг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсгийн 0023 СЭҮ улсын дугаартай автомашин дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тухайн үед зам түгжрэлтэй байсан учраас Цагдаагийн хэсгийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарт урсгал сөрж явах хууль бус тушаал өгсөн байдаг. Гэтэл жолоочоо ийм хэрэг хийхэд хүргэсэн Б.Саранбаатараас цагдаагийнхан гэрчийн мэдүүлэг аваад л өнгөрчээ. Түүгээр ч зогсохгүй хохирогчдыг хавтаст хэрэгтэй танилцуулалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан гэнэ. Хууль зөрчсөн Цагдаагийн хэсгийн дарга, дэд хурандаа Б.Саранбаатар, жолооч Ц.Ууганбаатар, хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа Цагдаагийн хэсгийн даргыг хаацайлсан мөрдөн байцаагч Ганболд, хэрэгт хяналт тавьсан прокурор Баасанх үү нарт талийгаач охины ээж, өвөө нар гомдолтой яваа аж. Охины ээж М.Оюунчимэг, өвөө Ш.Мягмарсүрэн нартай энэ талаар ярилцлаа.
-Хэрэг гарснаас хойш дөрв өн сар өнгөрлөө. Одоо ямар шатанд яваа бол?
М.О: -Анхан шатны шүүхэд шилжээд, хурал нь болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Бидний эрх ашгийг хамгаалан шүүх хуралд оролцож буй өмгөөлөгч Т.Баярбат хэд хэдэн үндэслэл шүүхэд гаргаж тавьснаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгч И.Ганбат тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн түүнийг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсон гол үндэслэл нь хууль бус тушаал өгсөн, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж байсан Б.Саранбаатарыг хариуцлагад татах, хохирлын хэмжээг нарийвчлан гаргах, иргэний хариуцагчийг зөв тогтоох. Гэвч прокурор энэ шийдвэрийг үл зөвшөөрч, Давж заалдах шатны X шүүхэд эсэргүүцэл бичсэн юм билээ. Бид түүнийг нь мэдээгүй байтал тус шүүхээс утасдаж хэлснээр өнгөрсөн сарын 16-нд давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрөөд байхад Замын цагдаагийн Мөрдөн байцаах алба, прокурорын шатанд хэрэг буцаж очсон эсэх нь тодорхойгүй, биднийг нэг ч удаа дуудаж уулзалгүй өдий хүрлээ.
-Ц.Ууганбаатар, Б.Саранбаатар нартай та бүхэн уулзсан уу. Тэдний өмнөөс ЦЕГ уучлал гуйгаад л өнгөрчихөв үү?
-Ажил явдал өнгөрснөөс хойш тэдний хэн нь ч бидэнтэй уулзаагүй. Ядаж таван үгийн солио ч байхгүй. Монгол Улсын төрийн өмнө тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч нар ийм хэрэг өдүүлчихээд хэнэг ч үгүй яваад байна шүү дээ. Хэрэг гарсны дараахан Б.Саранбаатарын ар гэрийнхэн гээд хүмүүс түлээ, мод авчирч өгч байсан ч ажил явдал өнгөрснөөс хойш таг чиг болсон. Хэн нь ч утсаар яриагүй. Шүүх хуралд Ц.Ууганбаатарын ээж, эхнэр нь ирсэн.
-Сая та бүхний ярианаас дэд хурандаа Б.Саранбаатарыг энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаагүй гэж ойлголоо. Хууль бус тушаал өгснөөс жолооч нь урсгал сөрсөн гэж тайлбарласан тухай мэдээлэл байдаг биз дээ?
-Б.Саранбаатарыг ажлын хариуцлага алдсан гэж цагдаагийн байгууллагаас халсан гэх мэдээлэл байгаа. Түүнээс биш энэ хэрэгт түүнийг гэрчээр л оролцуулсан байсан. Харин шүүх бүрэлдэхүүн үүнийг зөв харж, холбогдуулан шалгах чиглэл өгсөн байгаа. Гэхдээ Б.Саранбаатар, Ц.Ууганбаатар нар одоо эрх чөлөөтэй яваа юм билээ. Хэргийн хамгийн гол буруутан бол дэд хурандаа Б.Саранбаатар шүү дээ. Гэтэл прокурор, мөрдөн байцаагч нар түүнийг зорчигч гэж үзсэн байгаа юм. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр цагдаа, прокурорынхон Б.Саранбаатарыг хамгаалж, хаацайлаад байгаа санагдсан. Шүүх хурал дээр прокурор нь “Саранбаатар зорчигч юм чинь хэрэгт татах ямар хэрэг байна” гэсэн. Цагдаагийн хэсгийн дарга нь “Дарга дуудлаа, би яараад байна, урсгал сөр” гэсэн хууль бус тушаал өгөөгүй бол Ц.Ууганбаатар өнөөдөр хэрэгтний ширээнд суухгүй, миний охин хорвоогоос цаг бусаар буцахгүй байсан шүү дээ. Ийм тушаал өгснөө хавтаст хэрэгт жолооч ч, өөрөө ч мэдүүлсээр байтал өнөөдөр яахаараа Б.Саранбаатар таксинд сууж яваа зорчигч болчихдог юм бэ. Зорчигч хүн жолоочид “Урсгал сөр” гэсэн үүрэг өгөхгүй, тэгэх ч эрх байхгүй шүү дээ. Мөрд өн байцаагч, прокурорынхон яагаад илт хууль бусаар энэ хэргийн холбогдогчийг хаацайлаад байгаа юм бэ. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсгийн дарга асан тэр хүн гурван өөр янзын тайлбар хэлдэг юм билээ. Нэг болохоор шоконд ороод эмнэлэгт үзүүлэхээр ослын газраас явсан гэсэн. Бас “Дээрээс дарга дуудаад яараад явсан” гэсэн байгаа. Орой ажлаа тараад гэртээ ороход дөрөвхөн настай дүү нь “Ээжээ, би аниагаасаа чихэр гуйж идмээр байна. Аниа надаас харамлахгүй шүү дээ. Миний аниа надад хэзээ ирэх юм бэ” гээд өр өвтгөх юм. Бас цэцэрлэгтээ явахаараа “Аниа хэзээ ирж намайг цэцэрлэгээс авч харих юм бэ” гээд нэхээд байгаа. Хар нялхаас нь өсгөсөн нагац ах нь орой болгон зургийнх нь өмнө суугаад уйлаад сууж байгааг харахад сэтгэл өвдөхгүй байхын арга алга. Элэг бүтэн байсан амьдралыг минь төрийн цагдаа нар орвонгоор нь эрг үүлж хаячихаад юу ч болоогүй юм шиг явж байгаа нь шударга явдал гэж үү. Бид тэдэнд гомдолтой байна. Тэр хүмүүс миний охиныг дайрч хөнөөчихөөд юу ч болоог үй юм шиг явж байна. Гэтэл охин минь өнөөдөр хүйтэн шороонд булаастай. (Ээж М.Оюунчимэг нь энэ бүгдийг ярихдаа нулимсаа барьж дийлэхгүй байлаа) Охин минь өдөр болгон нүдэнд харагдаж, сэтгэлд үзэгдэж байна. Хэдхэн хоногийн өмнө охиноо зүүдэлсэн. “Ээжээ би даараад байна. Та надад яагаад хувцас авч өгөхгүй байгаа юм бэ” гэж зүүдэнд минь хэлж байсан. Энэ бүхэн надад үнэхээр хэцүү байна. Энэ аймшигт осол болохоос долоо хоногийн өмнө би охинтойгоо амьдралын талаар ярилцсан юм. Оюутан болж, мэргэжил эзэмшинэ. Сайн хүнтэй сууж, олон хүүхэдтэй болно. Ээж нь охиныхоо хүүхдүүдийг өсгөж өгнө гээд сайхан зүйл ярилцаад явж байсан юм шүү дээ. Ийм сайхан зүйл яриад дэгж дэрвэж явсан охин минь өнөөдөр бидний дунд алга. Амьдрал үнэхээр хатуу юм байна. Охин минь ээжийнхээ мэргэжлийг өвлөж тогооч болно гэж байсан. Би тухайн үед нь “Тогооч хүн гэдэс цатгалан байдаг юм. Гэхдээ өөр мэргэжилтэй болсон нь дээр байх” гэж зөвлөсөн. Дараа нь охин минь надад “Би мэргэжлээ сонгочихлоо. Цагдаагийн ажилтан болно” гээд ярьж байсан юм шүү дээ. Би ч тэр үед нь “Хуульч болохын тулд юу хэрэгтэй вэ. Ээж нь юугаар тусалж дэмжих вэ” гэхэд эхний ээлжинд компьютертэй л болмоор байна гэсэн. Би зээлээр ч болтугай компьютер авч өгье гэж хэлсэн юм. Гэтэл өнөөдөр охин минь цагдаагийнхаа машинд дайруулан амиа алдчихаад байна.
-Б.Саранбаатарыг ямар дарга дуудсан бэ гэдгийг мөрдөн байцаагч тодруулах үүрэгтэй. Хавтаст хэрэгт энэ тухай дурдсан байдаг юм уу. Шүүхийн хэлэлцүүлгийн үед энэ талаар ярьсан уу?
Ш.М: -Ямар ч дарга дуудааг үй юм билээ. Үүнийг мөрдөн байцаагч нь шалгаж тогтоосон байсан.
-Замын цагдаагийн Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах алба, Тээврийн прокурорын газрынхан прокурор, шүүхэд хэргийг шилж үүлэхдээ та бүхэнд танилцуулах ёстой биз дээ, уг нь. Хохирогчдод мэдэгдэлгүй дараа дараачийн шатанд шилжүүлж болдог юм уу?
-Мөрдөн байцаах, прокурорын байгууллагад бид итгэхгүй байна. Тэд талийгаач охиныг минь буруутгаад байдаг. Прокурор Баасанхүү гэдэг нөхөр хуулиа дээдэлж ажиллаж чаддаг хүн үү, үгүй юү. Бид түүнд маш их гомдолтой байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн уг хэрэгт хяналт тавьж, улсын яллагчаар оролцсон прокурорыг буруутгаж байсан. Мөрдөн байцаагч, прокурорынхон биднийг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй, хэдэн баримтад гарын үсэг зуруулж авсныгаа хэрэгтэй танилцуулсан гэж хэлээд байдаг юм. Мөрдөн байцаагчаас хэрэг юу болж байгаа талаар нэг удаа очиж лавлахад “Прокурорт шилжсэн” гэсэн. “Хэн гэдэг прокурор хянаж байгаа юм бэ” гэхэд “Хэн гэлээ, би материалаа харж байж хэлье” гэх мэтээр бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй байсан. Прокурорын байгууллагад нь очоод асууж сураглатал “Яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилж үүлчихсэн” гэсэн. Хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтээ илэрхийлэхэд “Шүүх дээр та нар мэдэх зүйлээ мэд” гэсэн. Давж заалдах шатны шүүх хурал болохыг нь ч мэдээгүй байтал “Прокурорын эсэргүүцлээр маргааш хэлэлцэхээр боллоо” гэж утасдсан. Эндээс харахад хохирогч биднийг мөрд өн байцаах, прокурорын байгууллага үл ойшоогоод байх шиг санагдсан. Өнөөдөр Монгол Улсад шударга зүйл гэж алга. Хуульчид нь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст л үйлчлээд Б.Саранбаатарыг хамгаалаад, жолоочид л хэргийг нь тохоод өнгөрөх гээд байна.
-Ослыг харсан хүмүүс олон зүйл хэлдэг. Цагдаагийн машинд хоёр биш, гурван хүн байсан. Талийгаачийн ахыг цагдаа цохиж авч байсан, цагдаагийн машин дуут дохиогоо асаагаагүй байснаа осол гармагц асаасан гэх мэт. Энэ хэр бодитой бол?
М.О: -Бид осол гарах үед тэр хавьд байгаагүй болохоор маяакаа асаасан эсэхийг нь сайн мэдэхгүй. Хэрэв тэр машин дуут дохиогоо хангинуулж явсан бол миний охин сонсохгүй явна гэж байхгүй. Дуут дохио хангинуулж яваа машиныг хүн болгон л юу болов гээд анхаарч харна шүү дээ. Жолооч Ц.Ууганбаатар нь “Дуут дохиогоо асаагаад явж байсан” гэж хэлдэг юм билээ. Би тэр үгэнд итгэхгүй байгаа. Автобусанд байсан зарим хүн цагдаагийн машин урсгал сөрж явааг харсан байна лээ. Тэр үед дуут дохио дуугараагүй, осол гарсны дараа жолооч нь маяакаа асаан чанга хэмнэл дээр нь тавьсан гэж ярьж байсан. Миний дүүгийн найз нь автобусанд явж байгаад “Дүү чинь зам гарах гэж байна” гэж дүүд минь утсаар хэлснээ төд удалгүй “Болохоо болилоо. Хурдан гүйгээд ир” гээд дуудсан юм билээ. Гүйж очоод охиныг минь цамцаараа бүтээж байтал машинаас бууж ирсэн цагдаа түүнийг хоёр ч удаа цохисон гэсэн. Гэртээ ирэхдээ уруул нь хавдчихсан байсан. Гэвч бид тухайн үед тэр асуудлыг огт хайхраагүй, зөвхөн охиныхоо араас л шаналсан хүмүүс байсан шүү дээ. Машинд хоёулаа бус гурвуулаа явсан гэх мэдээлэл байдаг. Үүнийг нь автобусны жолооч ч харсан гэдэг юм билээ. Тэгэхэд машинаас нэг эмэгтэй хүн буугаад такси зогсоон суугаад алга болсон гэдэг.
Т.БАЯРБАТ: Б.САРАНБААТАРЫГ ХАРИУЦЛАГАД ТАТАХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВСАН
Хохирогчийн өмгөөлөгчөөр энэ хэрэгт оролцож буй “Легал адвайзер консалтинг” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрл өлийн өмгөөлөгч Т.Баярбатаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах болсон үндэслэлийг тодрууллаа.
-Сүхбаатар дүүргийн нутагт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсгийн машин урсгал сөрж 12 настай охиныг дайрч хөнөөсөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Ямар үндэслэлээр хэргийг дахин шалгахаар болов?
-Энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан талаар хохирогчоос нь та мэдээлэл авсан байх. Бид анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 44 дүгээр зүйлд заасан “Тушаал, захирамж биелүүлэх гэсэн” заалтыг үндэслэл болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тодорхой үндэслэл гаргасан. Уг зүйл заалтад “44.1.Заавал биел үүлэх тушаал, захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Харин хууль бус тушаал, захирамж өгсөн этгээдэд гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 44.2.Илт хууль бус тушаал, захирамж биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Илт хууль бус тушаал, захирамжийг биел үүлээгүй этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн заалт бий. Мөрдөн байцаалтын шатанд Цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж байсан Б.Саранбаатар урсгал сөрж явах тушаал өгсөн талаараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Сэжигтэн, яллагдагчаар татагдсан жолооч Ц.Ууганбаатар “Даргын өгсөн тушаалын дагуу урсгал сөрсөн” гэж тайлбарласан. Тиймээс би шүүхэд “Б.Саранбаатарыг хариуцлагад татах ёстой учраас шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан.
-Өөр ямар үндэслэлээр шүүх хэргийг дахин шалгуулах шийдвэр гаргасан юм бол?
-Хохирол төлөх асуудлыг нэг мөр болгох, талийгаачийн зам хөндлөн гарч явсан газар нь гарцтай байсан, эсэхийг нарийвчлан тогтоож, эргэлзээгүй болгох, иргэний хариуцагчийг зөв тогтоож, шийдвэрлэх гэсэн үндэслэл дурдсан байсан гэв.
Бидэнд олдсон мэдээллээр энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэсгийн нягтлан бодогчийг машин гэмтээсэн асуудалд иргэний хариуцагчаар татсан сурагтай. Уг нь “Дээрээс дуудсан” дарга, эсвэл цагдаагийн байгууллагыг иргэний хариуцагчаар татах ёстой баймаар.
Г.РАВЖАА