Монгол, Хятадын Төрийн тэргүүнүүдийг хэл нэвтрэлцүүлж, хилийн шугам тогтооход оролцон, Монголын Энхтайван найрамдлын байгууллагад Хятад, Камбож, БНСУ, Лаос Япон хариуцсан найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллан, япон эрдэмтдийн бичсэн олон арван өгүүлэл орчуулж, ном хэвл үүлэн, 10 гаруй кино дуун хөрвүүлж, 88 нас хүртлээ 20 гаруй жил “Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургуульд багшилсан энэ азай буурай дөнгөж өнгөрсөн оны сүүлчээр соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. Японы эзэн хааны одонгоор Монголоос анх удаа энгэрээ мялааж, Вьетнамын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтан гадас, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Энх тайван найрамдлын мөнгөн медаль зэргээр намтраа чимсэн түүнтэй ярилцсанаа хүргэе.
-90 жил туулсан амьдралын тань намтар содон явдлаар дүүрэн гэж дуулсан. Япон хэл хаана сурсан бэ?
-Хөлөн буйрын Морин даваа хошуунд 1928 онд Доёд хэмээх тариаланч, анчныд төрсөн. Ээж минь бичиг үсэг мэдэхгүй, үр хүүхдээ хүмүүжүүлж, ар гэрийн ажлаа амжуулахад амьдралаа зориулсан. 1941 онд Хянганы Вангийн сүмийн цэргийн сургуульд гурван жил суралцаад Харбины Цэргийн анагаах ухааны сургуульд элссэн. Япончуудын ноёрхлын үе байсан учир тэдний хэлээр хичээл заана. Япон багш, оюутнууд ч тэнд олон байсан нь хэл сайн сурахад дөхөм болсон. Харбины Цэргийн анагаах ухааны сургуулийн өвөрмонгол, хятад, манж, япон солонгос оюутнууд сав л хийвэл хоорондоо зодолдоно. Би Японы эсрэг зогсдог, шаггүй зодоончдоо тооцогддог учир намайг жижиг бар гэж хочилдог байлаа.
-1945 оны чөлөөлөх дайны дараагаар танай сургуулийн япон, багш, оюутнуудын хувь заяа хэрхсэн бол?
-Нэгэнт япончууд бууж өгсөн учир манай сургуулийн япончуудад ноцтой аюул тохиолдоогүй. Сургуулийнхнаас мөнгө хурааж, нутаг буцахдаа замын зардал хийгээрэй гэж тус бүрт нь 10 юань өгсөн. Харин цэргийн сургуульд байсан япончуудыг бүгдийг нь хороосон юм билээ. Энэ үед Японы бууж өгсөн цэрг үүдийн зэвсгийг хурааж байсан Монголын их бууны хамгаалах штабын ангийнхантай танилцсан юм. Аюуш даргатай тэр ангийнхан биднийг Монгол руу хамт явахыг уриалж, Алтанноров, Эрхэт, Зоригт, Хишигт нарын таван хүү зөвшөөрсөн. Биднийг явах замд Хянганы ноён нурууны орчимд япон цэргийн үлдэгдлүүд таарч, байлдаж байлаа.
-Тэгэхээр гэрийнхэндээ ч хэл дуулгалгүй Монголыг зорьсон хэрэг үү. Тэдэнтэйгээ дахин уулзсан уу. Танаас болж хамаатнуудыг тань хавчиж гадуурхсан болов уу?
-Монголыг зорьсон тэр нутгийн бид дарга болъё гэж санаж, ямар нэгэн ашиг хонжоо хайгаагүй. Тэр үед хүүхэд байсан учир Монголдоо амьдаръя гэсэн сэтгэлээр л аав, ээждээ ч хэлэлгүй, гэнэт л шийдсэн хэрэг. Том эгч Харнүдэн хошууны сургуульд багш, Улаантуг ах Мүгдэний Анагаах ухааны их сургуулийг дүүргэсэн эмч, том дүү Гавьяат намын хороонд, Үнэнбуян Харбины Анагаах ухааны сургуульд эмч, бага нь болох Шю Фан Хөдөө аж ахуйн их сургууль төгссөн. Манай гэрийнхэн надаас болж хэлмэгдсэн. Тэднийг үргэлж шалгаж, ямар нэгэн тагнуулын хэрэгсэл хайж гэрийнх нь тааз, шалыг ховхолдог байсан юм билээ. Зодуулдаг байснаас болж том ах, Хятадыг чөлөөлөх дайнд яваад Үнэнбуян өөд болсон. Хожим тэднийг минь цагаатгасан. Одоо хүүхдүүд нь сайн яваа, нэг нь хошууныхаа ардын хурлын нарийн бичгийн дарга, нөгөө нь Хөх хотод нэртэй эмч гэсэн.
-Тэгээд та Монголд ирээд хэрхэн хөлөө олсон бэ?
-Монгол цэргүүд амласан ёсоор тусалж, одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн ард цэргийн байранд бид байрлаж байлаа. Цэргийн яамны Барилгын хэлтэст ажиллан, өглөө босоод л Улаанхуаран руу алхаж, тэнд чулуу ухдаг олзны япончуудад хэлмэрчилнэ. Миний авга ах Алтангад Өвөрмонголдоо хувьсгалч байгаад Монголд ирсэн байж. Гадаад явдлын яамны сайд Б.Жаргалсайхан, академич Ш.Лувсанвандан нартай дотно нөхөрлөдөг, чамг үй боловсролтой хүн байсан гэдэг. Намайг энд ирснийг мэдээд уулзаж, 1948 онд Цэргийн ерөнхий сургуульд элсүүлсэн юм.
-Олзны япон цэргүүдээс монгол эмэгтэйтэй гэр бүл болох нь мэр сэр байсан гэдэг. Тэдэнтэй ажиллахад сонин содон явдал тохиолдож байв уу?
-Биднийг хэзээ нутаг буцаах юм бол, харих юмсан гэж л байнга ярьж, тамхи, талх өгөхийг гуйна. Даанч би ч гэсэн цэргийн нормтой болохоор илүүчлэх юмгүй байлаа. Монголчууд сайхан сэтгэлээр хандаж гамбир, талх өгөх нь бий. Нэг удаа Дандар баатар надад аминчлан “Алмаас минь ээ, монгол, япончуудын харилцааг хариуцдаг болохоор чинь хэлж байгаа юм шүү. Япончуудын хүзүүг хуга мушгидаг гэж миний талаар хүмүүс ярьдаг. Баатар гэж намайг хэтэрхий дэвэргэснээс болж тийм яриа гарсан байх. Үнэхээр би тэднийг хайр найргүй хороодог нь үнэн байлаа гэхэд төр засаг хүлээцтэй хандахгүй шүү дээ” гэж учирлаж билээ. Олзлогсдын дотор загасчин, тариачин, сэтгүүлч, багш, жолооч гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байлаа. Харбины Цэргийн анагаах ухааны сургуульд миний дээд ангид суралцаж байсан Кацуга Юки О нэртэй япон эр олзлогдсон цэргүүдийн эмчээр ажиллаж байсан юм. Тэр хүн нас барагсдын гэзэг, хумснаас авч гэрийнхэнд нь өгнө гээд авч явсан. Хожим, олзлогдсон хүмүүсийг Монгол руу ирүүлэх аялал зохион байгуулсан хүн дээ. Ирэх бүртээ Монгол, Японы туг барьдаг. Асрамжийн газар нээж, Дамбадаржаад Японы олзлогдсон цэргүүдийн дурсгалд зориулсан цогцолбор байгуулсан.
-Та долоовор хуруугаа дайны үед алдсан уу?
-Цэргийн ерөнхий сургуульд суралцаж байтал “Гоминдаанынхан Хятадын эсрэг дайнд бэлдэж байна” гэх яриа тарж, биднийг сургуулиас гаргасан. Гутлын үйлдвэрт улны эсгүүрчин болоод даргадаа магтуулмагцаа “Одоо ч ажлыг умалзуулаад өгнө дөө” гэж бодоод идэвхтэйхэн шиг ажиллаад байтал төхөөрөмжинд нь хуруугаа хавчуулчихсан. Гаргүй боллоо, одоо яаж амьдарна даа гэж айсан ч ашгүй хуруугаа л алдсан. Цэргийн ерөнхий сургуульд байхдаа Ж.Жамъян генералын хамт Байтаг Богдыг дээрэмчдээс чөлөөлөх байлдаанд тулалдаж, хятад хэлтэй олзлогдсон хасгуудыг хэлмэрчилж явсан. Сум хажуугаар шунгинадаг байсан ч азаар оногдоогүй. 1950 онд 50 гаруй өвөрмонголыг Гадаад явдлын яаманд цуглуулж, хятад хэлний шалгалт авсан юм. Эцсийн дүнд би тэнцсэн бололтой. Гадаад явдлын яамны Санжмятав хэмээх дарга “Чамайг монгол, хятад хэлний хэлмэрчээр ажиллуулна” гэхээр нь сургууль ч төгсөөгүй байж том яамны хүн болно гэхээс эмээж татгалзсан. Миний үгийг тоолгүй яамандаа ажиллуулсанд одоо баярладаг. Тэнд ажилд ороод хэдхэн сар болж байтал БНХАУ-ыг тунхагласны нэг жилийн ой тохиосны баярын хүлээн авалт болж, маршал Х.Чойбалсангийн хэлэх үгийг орчуулсан. Сандарснаасаа болоод Лю Шаоци, Жоу Эньлай хоёрын нэрийг андуурч хэлж билээ.
-1962 онд Монгол, Хятадын хилийн гэрээ байгуулсан тухай Ю.Цэдэнбал гуай дурсахдаа Мао их зальтай хүн гэж байсан юм билээ. Олон нийтэд хүрээгүй, тэдний юу ярьж байсан тухай дурсана уу?
-Өвгөн ах нь тэр тухай нарийн санахгүй юм. Мао Зедуны тухай айхтар дурсамж үлдээгүй бололтой, тамхи их татаж байсан. Бал дарга “Чи битгий сандраарай, би богино өгүүлбэрээр товч ярина” гээд их намуухан дуугаар ярьж байлаа. Жоу Эньлай яггүй мэдлэгтэй, бүгдийг нягт нямбай хянадаг, хичээнгүй хүн байсан.
-Маршал Х.Чойбалсан 1949 онд хоёр Монголыг нэгтгэх сүүлийн оролдлого хийсэн гэдэг. Ю.Цэдэнбал гуай энэ талаар ам нээх ч юм уу, өөр бидний мэдэхгүй хэлэлцээрт таныг дагуулж явж байв уу?
-Аль яриа нь нууц, аль нь тийм бишийг би ялгаж мэдэхгүй юм. Ямартай ч энэ тухай үг дуугарч болохгүй шүү гэж анхааруулж байсан зүйлгүй. Хоёр улсын тэргүүнүүд намынхаа бодлогоос гажилгүй, коммунист үзлийн хүрээнд л харилцаж байсан.
-Та Монгол, Хятадын хил тогтоох гэрээ хийх үед орчуулагчаар ажиллаж явсан. Энэ үед зөвхөн нэг уул, голын тухай л гэхэд хэдэн өдөр маргалдаж, зарим үед бууныхаа гэр рүү гараа зангах тохиолдол ч байсан гэдэг. Энэ тухай дурсана уу?
-1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлайн урилгаар тус улсад Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал айлчилж, өмнөд хилийн асуудлаар гэрээ хийсэн. Тэр хэлэлцээрийн үеэр Соёолж уул, Байтаг Богдын тухай маргаж, хоёр тал дунджаар шийдсэн. Гэхдээ жинхэнэ маргаан дараа нь геодезийн хэмжилт хийх үед болсон доо. Халх гол суманд байдаг нэгэн голын нэрийг манайхан Хуурай урсгал гэж логикгүй орчуулсан байсныг тэр үед би Үндсэн урсгал гэж зөв болгож байлаа.
-Та Хятадад суугаа Монголын Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм билээ. Байдал хэцүүдэж, манай консулынхан нутаг буцахаар онгоцонд суухад нь хятадууд зүүгээр хатгах зэргээр хорлож байсан тухай яриа байдаг. Өвөрмонгол гаралтай гээд таныг тагнаж, турших, хорлохоор оролдож байв уу?
-Хоёр улсын харилцаа муудах тийш хандахад би Монгол руугаа буцах хүсэлтээ явуулж, тэр ёсоор болгосон учир надад аюул учраагүй. Харин намайг явсны дараа байдал хэцүүдэж, Элчин сайдын яамны машин шатаасан, лоозон барьсан хүмүүс яамны байр руу орохыг завдсан зэрэг хэрэг дуулддаг байсан. Хятадад суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан гэснээс нэг сонин түүх дурдъя. Намайг Вангийн сүмийн цэргийн сургуульд байхад Манж Гогийн сүүлийн хаан Фү И манайд ирж байлаа. Хэрэндээ л онц сурдаг байсан учир түүнд багш миний өдрийн тэмдэглэлийг үзүүлэхэд “Цэвэр бичигтэй сайн хүүхэд байна. Та нар энэ хүү шиг өдрийн тэмдэглэл хөтөлбөл зохилтой” гэж захисан юм. Тэр үед хэдий хүүхэд байсан ч өндөрдүү биетэй, урт хүзүүтэй хүн байсан нь одоо ч тод санагдаж байна. Хожим Элчин сайдын яаманд ажиллаж байхад Бээжингийн нэгэн зочид буудлын өмнө хөх хувцастай эр таарсан нь нэг их танил санагдсан ч анзаараагүй. Хожим бодох нь ээ, Фү И байсан. Хэрвээ тэр үедээ таньсан бол очиж ярилцах байлаа.
-Нутгаа санадаг уу?
-Үгүй, яах юм бэ. Монголд ирсэн нь гарцаагүй зөв сонголт. Бага байхдаа монголчууд бүгд нэг маягийн амьдралтай коммунист гэж бодож байгаад энд ирээд Монгол гэдэг бие даасан улс юм байна гэдгийг мэдээд сэтгэл амарсан.
-1947 онд 12 мянга, 1948 онд 20 мянга гээд л 40 жилийн хугацаанд олон мянган өвөрмонгол хүн хэлмэгдсэн. Энэ тухай дурсахаараа юу боддог вэ?
-Аль ч улсад тохиолддог асуудал гэж боддог учир нэг их эмзэглэдэггүй. Коммунизмийн үед бий болдог баруун, зүүний нугалаа буюу эрх барьсан намын алдааны нэг хэлбэр.
-Танд биелүүлж чадаагүй хүсэл байдаг уу?
-Мөрөөдөл хязгааргүй. Уг нь физикч болно гээд МУИС-д тоо физикийн ангид суралцаж байсан юм. Тэгтэл Ш.Лувсанвандан гуай монгол хэлний ангид оруулсан. Одоо бодох нь ээ, миний ирээдүйн замыг зөв чиглүүлжээ.
“Муу хүүгээ зовоочихов уу даа. Одоо ч эртний явдал мартагдаж, толгой ажиллахаа больжээ. Телевиз, сонинд өгөх миний ярилцлага чамаар л дуусаг дээ. Уг нь намтраа бичих мөрөөдөл байна. Гэвч сачий хүрэх үү, яана даа” хэмээн санаа алдаж, жоготой инээсээр өвгөн ах яриагаа дуусгав
Б.ДӨЛГӨӨН