Сүүлийн үед нийгэмд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар буюу шинжлэх ухааны салбарын шинэчлэл, ШУА-ийг их сургуулиудтай нэгтгэх нь зөв эсэх талаар бид редакцдаа эрдэмтдийг урьж ярилцлаа. Уулзалт ярилцлагад БСШУЯ-ны Шинжлэх ухаан, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ардын багш, доктор, профессор С.Галсан, доктор профессор, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, гавьяат багш, доктор, профессор Ц.Дэмбэрэл нар оролцлоо.
-Шинэ оны босгон дээр ШУА-ийн эрдэмтэд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх, заримыг нь татан буулгах талаар мэдэгдсэн нь энэ салбарынхныг дээр дорг үй бужигнахад хүргээд байна. Шинжлэх ухааны хүрээлэнг үүдийг их сургуулиудтай нэгтгэх нь зөв үү. Энэ асуудалд яам ямар байр суурьтай байна вэ?
Ж.Д: -Ер нь БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газар бодлогоо гаргаад, түүн дээр суурилж, шийдвэрээ гаргадаг байвал зөв гэж би хувьдаа үздэг юм. Түүний төлөө л шинжлэх ухааны бодлогын газар байна аа гэж би ойлгодог. Гэхдээ хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нийлүүлэх гэж буй нь бидний судалгаанд тулгуурлаж гаргасан шийдвэр ерөөсөө биш. Ер нь их сургууль дээр судалгаа явуулдаг дэлхийн жишиг бий. Их сургууль бол судалгааны маш том байгууллага. Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогод ч их сургуулийг эрдэм шинжилгээний байгууллага гэж шинээр томъёолж оруулсан байгаа. Судалгааны ажил үндэсний шинж чанартай хүрээлэнгүүд дээр бас хийгддэг. Нэгийг нөгөөгөөр нь үгүйсгэж огт болохгүй. Америкт үндэсний судалгааны хүрээлэнгүүд байна. Японд бас үндэсний судалгааны төвүүд, хүрээлэнгүүд бий. Германд суурь судалгааны Макс Планкийн нийгэмлэг гэхэд гадаадад салбартай 83 институтад судалгаа хийдэг. Зарим хүрээлэн эрдэм шинжилгээний 700 гаруй ажилтантай. Өнөөдөр их сургуулиудыг судалгааных гэж хэлэхэд, дэлхийн сургуулиудтай харьцуулахад манайх чамлагдахаар байна. Ийм байхад хэдэн хүрээлэнгүүдийг механикаар аваачаад нэгтгэчихвэл юу ч биш болчих вий. Аливаа ажлыг тооцоо судалгаанд тулгуурлаж хийх хэрэгтэй. ШУА-ийн хүрээлэнг үүдэд тодорхой хэмжээний дутагдалтай зүйл бий. Академийнхан ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаа. Шинжлэх ухааны салбарт төсвөөс санхүүждэг 49 хүрээлэн, хувийн секторын 12 хүрээлэн, эрдэм шинжилгээний ажил явуулдаг 15 их сургууль байна. Тэр 49 хүрээлэнгийн 20 нь ШУА-ийн харьяаных. ШУА-ийг Монголын шинжлэх ухааны салбар гэж ойлгож болохгүй гэсэн үг. Түүний нэг л хэсэг нь. Их, дээд сургуулиудад 15 хүрээлэн байна. Түүнээс гадна яамдын харьяа 13 хүрээлэн, гадаадынхантай хамтран байгуулсан нэг хүрээлэн бий. Өнөөдөр их сургууль дээр байгаа 15 хүрээлэн ШУА-ийн харьяа хүрээлэнгээс илүү ажиллаад байгаа юм алга. Тиймээс нэгтгэх цаг нь болоогүй.
-ШУА энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Олон эрдэмтэн, хүрээлэн байдаг, ШУА чухам яг юу хийдэг байгууллага вэ?
Д.Р: -Хүрээлэнгүүд юу хийж байгаа тухай 10-20 минутад багтаагаад ярих боломжгүй. Ер нь хүн төрөлхтний нэг өвөрмөц шинж чанар бий л дээ. Нэгдүгээрт, угаасаа шинжлэх ухааныг ойлгох түвшинд очно гэдэг нь өөрөө их өвөрмөц асуудал байгаа юм. Хоёрдугаарт, эрдэмтэн, судлаачид хийж байгаа зүйлээ сурталчлаад байж тэр бүр чаддаггүй. Үүнээс болоод дэлхий даяар энэ эрдэмтэд ер нь юу хийдэг юм бэ гэсэн асуулт тулгардаг. Сая хүрээлэнгийн бүх захирал тайлангаа тавилаа. Үүнээс ганц нэг үр дүнг нь дурдъя. Шинжлэх ухааныг онолын суурь судалгаа, хавсарга гэж хоёр хуваадаг. Академийн хүрээлэнгүүд анхнаасаа онолын судалгааны чиглэлээр байгуулагдсан. Манай онолын физикчдийн групп бий. Нэг гол төлөөлөгч нь саяхан Чингис хааны одон авсан академич Х.Намсрай гуай. Залуу үеийн физикчдийн эгэл бөөмстэй холбоотой ажлууд дэлхийн өндөр түвшний физикийн сэтгүүлүүдэд хэвлэгдээд эхэллээ. Үүнийг физикийн салбарын шинэ онолын эхлэл гэж мэргэжлийн судлаачид үзэж байгаа. Энэ бол онолын физикийн дорвитой үр дүн гэж хэлж болно. Түүнээс гадна академич Баатар тэргүүтэй багийнхны ХБНГУ-ын “DESY” төв дээр хамтран хийж байгаа судалгаануудыг дэлхийн түвшинд хүрсэн ажлууд гэж хэлж болно. Өөр нэг онолын том судалгаа хийдэг хүмүүс бол манай палеонтологичид. Тэд манай гариг дээр амьдрал үүсэн бий болсон, яаж хөгжсөн, энэ замд байгаа нэг том харанхуй зайг нөхөхөд хувь нэмрээ оруулдаг улс. Тэдний маань нэг ажлын талаар энэ жил “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн. “Nature”- т бүтээлээ хэвлүүлнэ гэдэг бол судалгаа хийдэг хүн бүрийн мөрөөдөл. Үүнийг муу байна, бага амжилт гэж хэлж болохгүй. Эхний асуултын тухайд оны өмнө Шинжлэх ухаан, дээд боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбоо жагсаал зохион байгуулж, тэнд ажилладаг бүх судлаач, эрдэмтэн оролцсон. 700 гаруй хүн очсон. Манайд ямар нэгэн өөрчлөлт хийхдээ хүчээр хийдэг болж. Социализмын үед ч иймэрхүү өөрчлөлтийг хүчээр хийдэггүй байсан шүү дээ. Хав дарж, далд сууж байгаад өөрчлөлт хийгээд гэнэтхэн шийдвэр гаргаад алх цохичихдог тэр процесс манайд улам хүчтэй болж байгаад их харамсаж байна, ялангуяа сүүлийн 15 жил. Ардчилсан нийгэм төлөвшиж чадахгүй байгаагийн шинж л дээ. Жишээ нь, би академийн удирдлагад байдаг хүний хувьд хүрээлэнгүүдийг яаж өөрчлөх гэж байгаа, эндээс хэдэн төгрөг хэмнэх, тэр нь эдийн засгийн энэ хямралт байдлаас гаргахад хэрхэн нөлөөлөх талаар ямар ч мэдээлэлгүй сууж байна. Дам яриа, гудамжнаас л энэ тухай сонссон. Талуудын оролцоог бүрэн хангаж байж шийдвэр гаргадаг ардчиллын гол зарчмаасаа бараг 180 градус эргэсэн ийм арга замаар шийдвэр гаргах гээд байгаад нь энэ салбарынхан бүгд дургүйцэж байна. Ялангуяа академийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд. Үүнтэй холбогдуулаад академиас социологийн судалгаа явуулсан. 98 хувь нь үүнийг эсэргүүцсэн бол нэг хувь нь эргэлзэж, нэг хувь нь дэмжсэн дүн гарсан.
-Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэсэн жишиг дэлхийн улс орнуудад цөөнгүй бий. Нэгтгэх нь буруу гэх гол үндэслэлүүдийг хэлэхгүй юү?
-Д.Р: Ер нь аливаа шийдвэр цаг үеийн дуудлагыг харгалзаж гарах ёстой юм л даа. Цаг үеийн дуудлага гэдгийг манай төр засгийн удирдлага эдийн засгийн хямралаас гарах дуудлага гэж харсан нь зөв хэрэг. Гэхдээ үүгээр далимдуулаад цаг нь болоогүй юмыг хажуугаар нь хүчээр шахчих гээд байгаа нь харамсалтай. ШУА-ийн хүрээлэнг их сургуулиудад аваачих асуудал үндсэндээ сүүлийн 22 жил яригдаж байгаа. Академийн хүрээлэнгүүдийг Шинжлэх ухаан, дээд боловсролын хороо руу татаж авах, төвлөрүүлэх асуудлыг өмнө нь ч ярьж байсан. Хүрээлэнгүүдийг их сургуулиудад аваачих нь ямар хэрэгтэй юм бэ гэдгийг бид тал талаас нь зөв харах ёстой. 1997 онд М.Энхсайханы Засгийн газар шинжлэх ухааны салбарт хамгийн их доргионтой шинэчлэл өөрчлөлт хийсэн. Салбарын яам, их дээд сургууль, ШУА-ийн харьяанд байсан эрдэм шинжилгээний 100 орчим хүрээлэнг нэгтгэхийг нь нэгтгэж, заримыг нь татан буулгаад, 30 болгосон. Тэнд ажиллаж байсан 6000 хүнийг 3000 болгож цөөлсөн. Тэр үед салбарын судлаачид эсэргүүцээгүй. Яагаад гэвэл 6000 хүнтэй салбарыг аваад явах чадавхи, боломж тэр үеийн Засгийн газарт байгаагүй. Эдийн засаг хүнд байсан. Энэ бол цаг үеэ олсон шийдвэр. Гэтэл одоо 30 хүрэхгүй тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэ салбарыг нэг тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт гаргахын төлөө бужигнуулах гэж байгаа нь цаг үеэ олоогүй асуудал. Манай их сургуулиудыг анхнаасаа судалгааны их сургууль болгох чиглэлээр байгуулаагүй. Манайд дээд мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байсан учраас их сургууль байгуулсан. Их сургуулиас ШУА тасран гарсан. Тухайн үеийн онцлогоос хамаараад багш нар нь сургалтан дээрээ голлож ажилладаг, эрдэмтэд нь судалгаагаа хийдэг ийм л бодлого байсан. Одоо ч тэр байдал өөрчлөгдөөгүй. МУИС-ийг өөрчлөхийн тулд хав хараар будаж байгаад шинэчлэл хийсэн. Одоо хоёр жил болоход лав л сайжраагүй. Маш их бужигнаантай байгаа энэ үед хүрээлэнгүүдийг нийлүүлчихвэл аль алиныг нь унагаах аюултай. Нөгөө талаас эрдэм шинжилгээний ажилтан 500 мянгыг авч байхад их сургуулийн шинэ залуу багш сая орчим төгрөгийн цалинтай. Академийн профессорууд 700 мянга гаруй төгрөг, их сургуулийн профессор 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Тэгэхээр тэнд очвол арай дориун судлаачид маань илүү цалин руу нь явна. Энэ бол хүний амьдралын шаардлага. Тэгээд хүрээлэнгүүд хүнгүй болно. Өмнө нь ийм үйл явдал болсон. Үүнийг мэдсээр байж давтах нь их аюултай.
-Н.Д: Би 1992 онд Москвад “Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимтэй хэв маягт шилжүүлэх нөхцөл бүрдүүлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Эдийн засгийн өсөлт хоёр хэв маягтай. Экстенсив буюу тоон өсөлт, эрчимтэй буюу чанарын (үр ашгийн) өсөлт гэж. Үр ашгийн, гол нь бүтээмжийн өсөлт гаргах суурь нь шинжлэх ухаан юм. Шинжлэх ухаан, технологийн хөгжил зургадугаар үе рүүгээ орж байна. Бид хоцрогдсон гурав, дөрөвдүгээр үеийн технологи гаднаас оруулж ирж ашиглаж байна. Монголын эдийн засгийн гол тулгуур нь уул уурхай, хөдөө аж ахуй- хөнгөн үйлдвэр хоёр юм. Одоо шинжлэх ухаан л дутаад байна. Бүхий л орны эдийн засаг уул уурхай, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан гэсэн гуравхан тулгууртай. Хувийн жингээрээ ялгаатай. Америк зэрэг хөгжингүй орнуудад шинжлэх ухаанаас гол орлогоо олдог. Дэлхийн банкны өрсөлдөх чадварын институтээс бүх орны хөгжлийг түүхий эдийн, үр ашгийн, инновацийн гэсэн гурван шатанд хуваадаг. Монгол Улс хөгжлийн эхний шатан дээр байгаа тул бүтээмж, цалин нь доогуур амьдарч байна. Бид судлаачид, багш, оюутны толгойг ашиглаад “хоёр толгой”-гоос илүү орлого олдог болмоор байна. Мэдлэгийн буюу инновацилаг эдийн засгийнхаа суурийг тавимаар байна.

-Тэгэхийн тулд яах ёстой вэ?
-Монголын шинжлэх ухааныг 1961 оноос их сургуулиас тусад нь салгаж, ШУА, хүрээлэн хэлбэрээр хөгжүүлэх гэсэн оролдлого үр дүн авчирсангүй. Наад зах нь хөдөө аж ахуйн салбарын үр ашиг дээшилсэнг үй. Голландаас төмсний үр импортлох нь өгөөжтэй байна. Хээлтүүлэгч бухаа Францаас авч байна. Монголын гэх дэлхийд гарсан технологи алга. Монголын шинжлэх ухаан эдийн засгийн үр өгөөжгүй байна. 55 жилд олон зуун тэрбум төгрөг зарцуулаад хэдхэн саяын орлого л олсон байх. Гэтэл Сингапур улс 10-15 жилд загасчны тосгоноос өндөр технологи хөгжсөн улс болж, дэлхийд манлайлж байна. Япон, Өмнөд Солонгос, Хонконг, Хятад, Зүүн өмнөд Ази бүхлээрээ шахам 10-20 жилд хөгжсөн. Нууц нь гэвэл технологи, шинжлэх ухааны зөв бодлого. АНУ-ын эдийн засаг Японд шахагдаад ирмэгц их сургуулиа судалгаа, бизнесийн төв болгосон. Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлээ интеграцилж чадсан. Их сургууль, түүнийг тойрсон компаниудын орлого том улсуудынхаас ч илүү болсон. Иймд Монгол Улс шинжлэх ухаандаа реформ, чадвал хувьсгал хийх ёстой. Дэлхий нийт их сургуульд суурилсан шинжлэх ухаанд шилжиж байна. Стэнфордын их сургуулийн Цахиурын хөндий, Массачусетийн их сургууль АНУ-ын эдийн засгийг сэргэн мандлын замд чирч гаргасан. АНУ баян учраас их сургууль нь баян байгаа юм биш, их сургуулиуд нь баян учраас АНУ баян байна гэсэн загвар гарч ирсэн. Бүх орнууд энэ загварыг дуурайх боллоо. Мэдээж баян, олон зуун сая хүнтэй орнуудад ШУА-иа устгаагүй, төрийн бус байгууллага болгож байгаа. Санхүүжилтийг нь багасгаж байна. Сонгодог жишээ гэвэл Франц. Дэлхийн анхны ШУА-иа өөрчилж, суурь судалгаагаа эрс багасгалаа. 2012 онд Францын Засгийн газар их сургуулиудаа нэгтгэн, шинээр тавыг байгуулж, 87 байсныг 10 болгосон. Энэ ажлаа 22 тэрбум еврогоор санхүүжүүлсэн. Орос улс энэ замыг сонгож байна. Их сургуулиа шинээр ангилж, цөөн тооны сургуулийг төрөөс дэмжих боллоо. Сколькова гэсэн их сургууль-инновацийн төв байгууллаа. ШУАиа өөрчилж эхэллээ. Өмнөд Солонгост 1994 онд ашгийн бус ШУА байгуулсан. Монгол Улс ч гэсэн дэлхийн шинжлэх ухааны үр ашигтай загварт шилжих ёстой. Энд судалгаа хийнэ гэж цаг алдах хэрэггүй. ШУА, их сургууль хоёртоо зэрэг шинэчлэл хийе. Хүрээлэнг их сургуульд нэгтгэж, эрдэмтдийн хүчийг төвлөрүүлье. Ерөнхий сайд Сайханбилэгийн санаачилгыг дэмжье. 1990-ээд онд энэ өөрчлөлтийг хийх ёстой байсан юм.
-Монголын их сургуулиудыг Стэнфордтой зүйрлэх аргагүй шүү дээ. Хүрээлэнг нэгтгэхэд их сургуулиудын судалгааны бааз суурь, боловсон хүчний чадвар чадавх хангалттай түвшинд байж чадах уу?
Н.Д: -Бааз суурь, багш нарын чадавх гэсэн асуудал байх ёсгүй. Нийлүүлэх болоогүй байна, нийлүүлбэл хоёулаа унана гэх мэт үзмэрчдийн үгэнд бүү итгэ. Энэ нийлүүлэлтийг хэрхэн зөв удирдах вэ гэсэн асуудал бий. Их сургуулийн профессор долоо хоногт 12 цагийн хичээл ордог. Долоон шөнө, таван өдөр чөлөөтэй байна. Судалгаа хийх цаг ихтэй. Төсөл олдохгүй, илүү цаг сонирхож байгаа. Их сургууль бакалавр бэлтгэх ажлаа 50 хувь хасаад магистр, доктор, судалгаа, инноваци, гарааны компанид ажлын 50 хувиа чиглүүлье. Байр сууцаа чөлөөлж бэлдэх ёстой. Ирж буй эрдэмтдээс шилж, 12 цагийнхаа зургааг нь өгөхөд хоёуланд нь судалгааны цаг хангалттай. Эрдэмтдийн цалинг багшийн түвшинд аваачих ёстой. Монголын физикчдийн тоо Макс Планкийн хүрээлэнгийн физикийн эрдэмтдийн гуравны нэгд ч хүрэхгүй. Тэгэхээр бид хүчээ нэгтгэх хэрэгтэй. Их сургууль дээр Физикийн хүрээлэнг авчирлаа гэж бодъё. Гэхдээ зөвхөн сургуульд авчрах биш, МУИС, ШУТИС, МУБИС, Физикийн хүрээлэн дөрвийг нэгтгэх хэрэгтэй. Монголын физикчдийн том баг тэнд бий болно. Багш нар нь хичээлээ сургуулиудад очиж заадаг ч юм уу. Судалгаагаа бас адилхан хуваагаад хийг. Ингэвэл бүтээмж дээшилнэ. Хүpээлэнг их сургуультай нийлүүлэх давуу талууд буюу үндэслэлүүд байна. Үүнд, судлаачдын хүчийг нэгтгэж, хоршвол бүтээмж дээшилнэ. Сургалт судалгаа, бизнесийн ажлыг зохистой удирдах боломж бүрдэнэ. Багш нар судалгааны ажилд өргөнөөр оролцоно. Хичээлийг судалдаг сэдвээр нь эрдэмтэд заах учир чанар сайжирна. Багш, судлаачид аль аль нь гарааны компани байгуулах боломж нээгдэнэ. Сургалт, шинжлэх ухаанд бүрэн суурилж, эрдэмтэд хичээлийг судалдаг сэдвээрээ хувааж заах учир хичээлийн ч, мэргэжилтний ч чанар сайжирна. Төсвийн хөрөнгийг хувааж, давхардуулан цацахгүй болно. Лабораторийг оюутан, магистрант, докторант олуулаа ашиглаж нээлт гаргах магадлал олон дахин нэмэгдэнэ. Залуу хүний сониуч зан, цуцахгүй эрч хүч, амьдралын төлөөх тэмцэл нээлт гаргахад таатай нөлөөлдөг гэж үздэг. ШУА-ийг төрийн бус байгууллага болгоё. Эрдэмтдийг философийн болон шинжлэх ухааны доктор гэж ялгахаа больё. Судалгааны ажлыг том хүрээлэн биш, жижиг багаар хийгээд Макс Планкийн нийгэмлэгийн уян хатан загварыг авъя. Хэсэг эрдэмтэд бие биедээ академич гэдэг цол өгөөд сарын 650 мянган төгрөгийн тэтгэмж авдгийг болиулъя. Боловсон дээрэм биш үү. ШУАийн одоогийн цалингийн систем их буруу. Цаасан тайлангаар хуурдаг.
С.Г: -Үндсэн хуульд шинжлэх ухаантай холбоотой ганцхан заалт бий. Засгийн газар улсын хэмжээгээр шинжлэх ухааны нэгдсэн бодлого явуулна гэж. Энэ асуудлыг шууд гардан хийх газар бол Засгийн газар. Засгийн газарт чадвар байна уу гэвэл алга. Дэлхий дахинд шал өөр нөхцөл үүсчихээд байна. Би 20-иод жилийн өмнө “ШУА-ийг шинэчлэх цаг нь болсон” гэж бичиж байлаа. Ерөөсөө шинжлэх ухааны энэ байгууллага хөдөлгөөнд орох дургүй, ийм хөшчихсөн юмыг хөдөлгөх ч маш хэцүү. 100 хувь эсэргүүцэлтэй тулгарна, тэгээд л өнгөрөө. Чадраа надад “Чи академийг их сургуультай нийлүүлье гэж бичжээ. Академийг устгах шалгарсан арга бол энэ” гэж хэлж байсан. Яагаад гэсэн чинь Эдийн засгийн хүрээлэнг аваачсан чинь одоо уналаа гэж хэлж байгаа юм. Тэгэхээр нь би “Тэр чинь социализмын эдийн засаг унаж байгаа болохоос эдийн засаг унаж байгаа хэрэг биш” гэж хэлсэн. Тийм учраас урагшаа хөгжихийн тулд ирээдүйг л харах хэрэгтэй. Үүн рүү харсан юм хийхгүй бол өнөөдөр бид XII, XIII зуун, түүнээс өмнөх зүйлийг яриад байж болохгүй л дээ.
Ц.Д: -Бидний 40 орчим эрдэмтэн нийлж, ил захидал бичсэн. Шинэчлэл хийе гэсэн санаа бол зөв. Ерөнхий сайд аль нэгэн өнцгөөс нь асуудлыг сөхсөн байна. Сөхөхдөө хүрээлэн талаас нь сөхчихжээ. Энэ бол биш ээ. Үүнийг Ерөнхий сайдын үгээр биш, санааг нь авч баяжуулаад, бүр том түвшинд нь харвал ерөөсөө Монголын шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын асуудал байна гэж үзсэн. Мөрөөрөө ажлаа хийж яваа, бага цалинтай, ядарсан эрдэмтэд, хүрээлэнгүүдээр оролдох цаг нь болоогүй. Оролдъё гэвэл ШУА, их сургууль, Засгийн газар, яамны оролцоогүйгээр хөндл өнгийн комисс гаргаж, хаана ямар давхцал байгааг нь гаргаж ирье. Харин социализмаас одоо хүртэл ашиглаж байгаа, 25 жил болсон, 1994 онд ЮНЕСКО-гоос өгсөн зөвлөмж дотор ч тусгасан шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх энэ асуудлаа л хөндье. Энэ бол одоогийн байгаа ШУА гэдэг дундын байгууллагыг өөрчилье гэсэн санаа. Устгая гэж ерөөс өө яриагүй шүү. Энэ байгууллагыг зөвхөн хэдэн хүрээлэн хариуцдаг биш, их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд, хувийн секторынхон гээд бүгдийг нь эгнээндээ нэгтгэдэг Монгол Улсын ШУА болгоё. Бүр том, жинхэнэ үндэсний академи болгоё. Давын өмнө хийх ажил бол энэ. Гэтэл манайхан амин чухал, барьж авах юмаа орхичихоод хэдэн хүрээлэн нийлүүлээд, салгаад байр савыг нь цэцэрлэг яслид өгнө гэнэ үү, хачин юм яриад байх юм. Ж.Д: -Бид төрийн бодлогодоо хүч, нөөц төвлөрүүлнэ гэж заасан. Дэд бүтэц, хүний нөөцийг бүгдийг нь төвлөрүүлж ажиллана гэсэн санаа. Эднийг салангид холбоогүй байлгах биш, үйл ажиллагааны нэгдэл байлгах нь чухал. Түүнээс биш, хэнд харьяалалтай байх нь сонин биш. Шинэчлэлд тодорхой үе шат мэдээж хэрэгтэй. Гэхдээ шууд нэг өдөр хийж болохгүй. Сарын дараа ч юм уу, аажмаар эхэлнэ. Их сургуулийг бэлдэх ёстой. Механикаар хажууд нь юм аваачиж тавиад харахад судалгааны их сургууль болчихсон юм шиг байж болохгүй. Судалгааны их сургууль болгохыг дэмжинэ гэж шинжлэх ухааны бодлогодоо тусгасан байгаа. Гэтэл өнөөдөр их сургуулиудад цахилгаан, дулааны үнийг л төрөөс өгдөг. Би МУИС-ийн төгсөгч. Төгсөөд таван жил сургуульдаа багшилсан. Дараа нь 17 жил гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаад ирээд МУИС-ийн Физикийн сургуулийн захирлаар гурван жил ажиллаад, яаманд газрын даргаар ирээд жил болоогүй байна. Тийм учраас их сургууль доторх амьдралыг сайн мэднэ. Физикчид өөрсдөө санаачлаад Монголын физикийн нийгэмлэг байгуулсан, би ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Академийн физикчид, МУИС, ШУТИС, МУБИСийн физикчдийг бүгдийг нь нэгтгэж, хурлаа хийгээд нэгдэл болоод явж байна. Ийм нэгдэл байх нь чухал. Түүнээс биш, механикаар нийлүүлээд орхих биш юм.
Н.Д: -Ерөнхий сайдын ярьсан, хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгэнэ гэдэг бол судалгааны үндэслэлтэй гарсан шийдвэр. Энэ хоёрыг нийлүүлье гэж өмнө нь эрдэмтэд олон ч удаа бичиж байсан шүү дээ. Одоо харин нийлүүлэх нь сайн уу, тусдаа гарах нь сайн уу гэдгээ л ярья. Хамгийн чухал зүйл бол их сургуулиа өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд их сургуулийг судалгааны чиглэлтэй болгож зарлах шаардлагатай, нэгдүгээрт. Их сургуулийн дутагдал нь дандаа бакалавр бэлтгэдэг. ШУТИС яг нарийн яривал Стэнфорд, Харвардтай адилхан 20 мянган оюутантай. Гэтэл бүтээл, инноваци гэж юу ч байхгүй. Тэгвэл их сургуулиуд магистр, докторууд дээрээ хүчээ хаяад бакалавруудаа болиод, тодорхой хэдэн чиглэл дээр ажиллах хэрэгтэй. Тийм учраас их сургуулиа бэлэн байдалд оруул аа. Хүрээлэнгүүдээ татаж авах байруудаа чөлөөл, бакалавруудаа цөөл гэмээр байгаа юм.
Д.Р: -Их сургууль, академийг нэгтгэх үү, нэгтгэхгүй юү гэдэг гол асуудал биш. Би түрүүн хэлсэн. Одоогийн нөхцөлд болохгүй байна. Манай Дашзэвэг академик шинжлэх ухаанаасаа гараад олон жил болсон учраас хүрээлэнгийн бодит байдлыг мэдэхгүй байж болно. Хүрээлэнгүүд, их сургуулиудын лабораториудаар яваад үзэх хэрэгтэй. Бакалавр зэрэгтэй хүнд шинжлэх ухаанаа хариуцуулдаг салбар дэлхийд байхгүй. Би хүрээлэнг их сургуулиудтай нэгтгэж яагаад болохг үй, түүний сул тал гэж хоёр зүйл хэлсэн. Нэгд үгээрт, их сургууль өнөөдөр учраа олохгүй бужигнаж байна. Хоёрдугаарт, их сургуулийн профессор, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин хоёр дахин зөрүүтэй байгаа учраас эрдэм шинжилгээний ажилтан үлдэхгүй. Одоо би гурав дахь шалтгааныг хэлье. Физикчид үүнийг ойлгох байх. Аливаа хоёр системийг нийлүүлэхэд чанарын үзүүлэлт нь дундажлагдаж, эзэлхүүний үзүүлэлт нэмэгддэг. Жишээ нь, 40 болон 70 градустай ус 100, 100 млийг нэмэхэд 200 мл болно. Энэ бол тоон үзүүлэлт, хоёр дахин нэмэгдчихэж байгаа. Чанарын үзүүлэлт нь 40, 70 градусын дунд очоод зогсчихдог. ШУА, их сургуулиудын чанарын үзүүлэлтийг үнэлээгүй. Манай боловсрол, шинжлэх ухааны салбар хэзээ ч мониторинг хийж үзээгүй. Мониторинг хийх ёстой. Гэвч чанарын үзүүлэлт дундажлагддаг учраас аль аль ч үгүй, хоёрын хооронд, гурвын дунд болох нь тодорхой. Тиймээс байгалийн суурь хууль энэ нийгэмд ч үйлчилдэг, үүнийг бид бас бодох ёстой. Түүнээс академид дургүй, академийг хаяад явчихсан хэдхэн хүний үгээр төр засаг нь хүртэл дөрлөгдөөд байвал туйлын том алдаа. Би түрүүн хэлсэн. Оролцооны зарчмаа хадгалаач ээ. Сонирхогч, оролцогч, эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүх талыг оролцуулж байж бид зөв шийдэлд хүрнэ. Иймээс бид энэ өөрчлөлт шинэчлэлээ зоригтой хийе. Гэхдээ Дэмбэрэл докторын ярьж байгаа шиг Засгийн газар нь ч ордоггүй, яам, ШУА, их сургуулийнхан ч ордоггүй, хөндлөнгийн хүмүүсээр хийлгэе. Харин УИХ-д нэгдүгээр хэлэлц үүлгээр ороход бэлэн болчихсон бодлогын баримт бичиг батлагдсаны дараа болно биз. Бодлогын баримт бичиг боловсруулах Ажлын дэд хэсэгт их сургуулийн шинжлэх ухаан хариуцсан проректорууд зонхилж орсон гэж дуулдсан. -Танай академиас хүн орсон уу? Д.Р: -Ороогүй байх аа. Тэр бодлогын баримт бичиг гарч ирэхээр өөрчлөлт, шинэчлэлийг зоригтой хийе л дээ. Хүрээлэн, их сургуулийг нийлүүлснээр хөрөнгө санхүү хэмнэгдэнэ гээд байгаа. ДНБий 0.17 хувийг л шинжлэх ухаанд өгдөг. Үүнээс ч илүү юм хэмнэвэл яах вэ. Балбын вант улс манайхаас дор ч шинжлэх ухаандаа ДНБ-ийхээ 0.66 хувийг өгдөг. Ази тив ДНБ-ийхээ хоёр хувийг шинжлэх ухаандаа зориулдаг. Манай шинжлэх ухаанд олон эх үүсвэртэй санхүүжилт хэрэгтэй. Өөрчлөлтийн гол зорилго тэр лүү явах ёстой. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй орны жишгээр бол шинжлэх ухааны санхүүжилтийн 70 хувийг нь үйлдвэр, бизнесийн салбарынхан хийдэг. Манайд тэндээс хийгдэж байгаа юм лав л статистикт орж ирэхгүй байна. Жишээ нь, АНУ 450 тэрбум ам.доллараар шинжлэх ухаанаа санхүүжүүлж байхад 150 тэрбум ам.доллар буюу гуравны нэгийг төр нь гаргадаг. Манайх Азийн дундаж буюу ДНБ-ийхээ хоёр хувийг энэ салбартаа өгвөл 0.7 хувийг төрөөс гаргах ёстой болно. Ингэж байж шинжлэх ухаан бодит байдлаар хөдөлгөөнд орно. Дөрөв дэх зүйл бол ШУА-ийн хүрээлэнгүүдийг төсвийн байгууллага гэж хүмүүс их андуурдаг. Төсвийн байгууллага биш. Төсвөөс санхүүжилт авахын тулд байшин барихад тендер зарлаад баахан компани өрсөлдүүлж байгаад өгдөгтэй л адилхан. БСШУЯ-наас зарласан таван төрлийн төсөлд өрсөлддөг. Монголын иргэн байтугай харьяалалг үй хүн ч тэнд өрсөлдөх боломжтой, хуулиараа. Эндээс хэн жаахан юм олж авна, тэр ажилтай байдаг. Ийм л зарчимтай.
Ц.Д: -Их сургууль дээр суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага Монголд бий. Дэлхийн жишиг, хандлага ч үүн рүү чиглэсэн. Ингэвэл хөрөнгө, оюуны хүч хэмнэж болохоор байна. Дундын лаборатори байгуулж ашиглая гэж эерэг талаас нь харж байгаа Дашзэвэгийг би 100 хувь дэмжиж байна. Яг өнөөдрийн байдлаар ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай шууд нийл үүлчихье гэвэл Рэгдэл гуайн хэлж байгаа шиг эрсдэл бас бий. Одоо судалъя, Ажлын хэсэг гаргая. Гэхдээ тэр нь хөндлөнгийнх байх ёстой. Зах зээлийн зарчим нь хөндлөнгийн аудит хийлгэх явдал шүү дээ. Ер нь шинжлэх ухааныг их сургуульд суурилуулах зарчмаас хазайж огт болохгүй. Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын бүтэц өөрөө хуучнаараа байна. Өнөөдөр “Томпсон Ройтерс”-ын индексэд дурдсанаар гадаадын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд ШУА-ийн эрдэмтдийн нийтлүүлсэн бүтээлээс авсан эшлэлийн тоо байнга буурч байна. Гэтэл их сургуулийн эрдэмтдийнх өсөж байна. Яг үнэндээ хүрээлэнгийн ажил ШУА-ийнх биш шүү дээ. Үүнийг ялгаж, заагламаар байна. Хоёрдугаарт, энэ бүтэц буруу байгаа учраас тухайлбал, Шинжлэх ухаан технологийн сангийн “Мэдээлэл” сэтгүүлийг үзээрэй. Академийн эрдэмтэд төсөл хэрэгжүүлээд тайлангаа өгөхөө бүр больсон. 2008 онд ШУА-ийн авч хэрэгжүүлсэн тайлангаа огт өгдөггүй төслийн тоо 65 байж. Гэтэл 2011 онд 121 болсон байна. Манай нэг найз ярьж байсан. Төсөл аваад хоёр жил болоход гадаад, дотоод яваад юу ч хийж чадааг үй юм байж л дээ. Тэгээд яах вэ гээд санаа зовоод асуусан чинь “Хэдэн хуудас бичиг өгчих” гэж. “Юу бичих юм бэ гэсэн чинь юу ч хамаагүй гэсэн байгаа юм. Та нар бод доо, манай шинжлэх ухааны төсөл ингэтлээ заваарчихсан.
Д.Р: -Наадах чинь гэмт хэргийн чанартай юм байна. Чамаас нэр ус асууна шүү.
Ц.Д: -Энэ бүхэн эзэнтэй.
-Л.Гантөмөр сайд суурь судалгааны байгууллагууд, шинжлэх ухааны хүрээлэнгүүд үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна, манай улсад ШУА байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Харин шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгахгүйгээр дотор нь нэгтгэх асуудлыг ярина гэж дуулдсан. Үйл ажиллагааны чиглэл нь давхацсан, нэгтгэх боломжтой хүрээлэн ШУА-д хэр олон байна вэ?
Д.Р: -Бид Ерөнхий сайдад “Ингэж нэгтгэвэл илүү зохимжтой юм болов уу” гэж бичгээр саналаа өгсөн. Академи 20 хүрээлэнтэй. Нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, академи хоёрын дунд нэртэй боловч тэнд ажилладаг хүрээлэн л дээ. 19 хүрээлэнгээ бид 10 орчим болгоё гэсэн санал өгсөн. Тэр саналын дагуу өөрчл өх эсэхийг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, хүрээлэнгүүдийг нэгтгэх, чанаржуулах, хөрөнгө, хүчийг зөв чиглэлд төвлөрүүлэх гэдэг дээр бид 100 хувь санал нэгтэй байгаа. Үүнийг академийн эрдэмтэд, Дэмбэрэлийн үзэн ядаад байгаа академийн удирдлагууд ч эсэргүүцэхгүй байгаа. Энэ бол хийх ёстой, хэзээ, яаж хийх вэ гэж шийдлээ хүлээж байгаа ажил. Академийг гутаахын тулд худлаа тоо ярьж болохгүй. 27 хүний гарын үсэгтэй ил захидал байсан. Эшлэл, тоог юунаас авсныг мэдэхгүй. Бид ийм тоо гаргаад ирэхээр нь судалж үзлээ. Нэгдүгээр сарын 8-ны байдлаар “Web of science”-д бүртгэлтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэж байгаа өгүүллүүдийн 52.5 хувь нь манай ШУА-ийнх байна. Их сургуулиудынх тусдаа бий. 11 мянган эшлэлийг ШУА-ийн бүтээлүүдээс авчээ. 14.800 эшлэл байна лээ. Бид сайн муу ч гэсэн эрдэмтэн хүмүүс, баталгаатай мэдлэг бүтээхийн тулд явж байгаа улс. Нэг байгууллагын нэр хүндийг унагахын тулд санаандаа орсон, эсвэл хуучин тоо ярьж болохгүй. Скорпусаас харахаар арай өөр тоо гардаг. Яагаад гэвэл тэнд Монголын их сургууль, Өвөрмонголын их сургуулийн юмыг холиод гаргачихдаг. Их сургуулийнх өндөр гарч байгаа нь үүнтэй холбоотой байх. Ер нь манайд хүч хөрөнгө хэмнэх олон арга зам бий. Зорилго нь салбарын өгөөжийг л дээшлүүлэх ёстой. Монгол Улсын шинжлэх ухааны салбар эдийн засгийн өгөөжгүй байна гэдэгтэй би санал нэгдэнэ. Гэтэл дэлхийн мэдлэгийн үйлдвэрт оруулж байгаа өгөөжийг яаж үнэлдгийг бид мэддэггүй. Үүгээр үнэлж үзэх ёстой. Өнөөдөр үйлдвэрлэлийн салбарт материалын бус үйлдвэрлэл хурдтай хөгжиж байна. Материалын бус үйлдвэрлэл нь оюуны багтаамж, шинжлэх ухааны ололтод тулгуурладаг. Монгол Улсын төрийн бодлого нүүрсээ ухаж зөөгөөд мөнгө олно гэдэг рүү л яваад байгаа. Тэгэхээр нүүрсэнд богино эргэлт хийгээд байгаа төр засаг шинжлэх ухаан руу сайхан нүдээр хартал удна. Энд бид их юм горьдох, шүүмжлээд байх ч шаардлага алга. Одоо шинжлэх ухаан руу зөв харуулахын тулд бизнесийн салбартайгаа ажиллах нь л чухал. Би Боловсрол, шинжлэх ухааны 21 сайдыг лав танина. Ерөнхий сайдуудын хэн нь ч Монгол Улсын хөгжил шинжлэх ухаандаа тулгаарлаж явна гэж хэлээгүй. Тэдний толгойд тийм орон зай одоо хүртэл алга. Ер нь шинжлэх ухаан, тэр тусмаа эрдэмтэн хүмүүс Ерөнхий сайдыг нэг үг хэлэхээр дагаж, далдганаад байж болохгүй.
-Академич цолтой хүн сар бүр 650 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг. Монголын оюутны холбооноос хэвлэлийн хурал хийж, оюутны 70 мянгаасаа татгалзъя гэж уриалсан. Тэгвэл эдийн засаг хүнд байгаа энэ үед академич нар урамшууллын мөнгөнөөсөө татгалзаж яагаад болохгүй гэж?
Д.Р: -Энэ бол тэтгэлэг биш юм, академичийн нэмэгдэл гэдэг нэртэй, хуулиар олгодог мөнгө. Үүнийг нэлээд олон газар янз бүрийн хэлбэрээр өгдөг л дөө. Академич хүн гар дээр сар бүр 530 орчим мянган төгрөг авдаг. Энэ бол нууц юм биш. 59 академич бий. Энэ мөнгийг тэдэнд хийсэн ажлынх нь төлөө өгч байгаа юм. Энэ мөнгийг хасаад, сүрхий хэмнэлт гаргана гэдэг юу л бол. Дэмбэрэл эд нарын бичсэн зүйлийг би хааяа уншдаг юм аа. Хамаг сэдэв, хамаг төслийг өнөө хэдэн академич нь аваад, удирдаад байна л гэдэг. ШУА дээр хэрэгжиж байгаа эрдэм шинжилгээний ажлын 26 хувийг академичид, 74 хувийг докторууд удирдаж байна. Хоёрдугаарт, академи их мөнгө авлаа, сэдэв нэмэгдлээ гэж ярьж байна. Сэдвийг сонгон шалгаруулах, цөм технологийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд манай академи оролцдоггүй. Биднийг оролцуулдаг ч үгүй. Бид бага чуулганаараа хэлэлцээд, ерөнхий үнэлэлт дүгнэлт гаргаад өгье гэдэг. Яаманд комисс ажиллаж, тэд шийддэг. Үхлээ хатлаа, мөнгө өг гэдэг юм бидэнд байхгүй. Шинжлэх ухааны салбарын удирдлага, бүтцийн өөрчлөлтийн тухай ил захидлыг харсан. Менежментийн асуудалд гарцаагүй шинэчлэх юм бий. Менежментийн асуудлыг шинэчлэх замаар бид хэмнэлт гаргаж болно. Үүнийг хийхэд тодорхой эрх мэдэл хэрэгтэй шүү дээ. Гэтэл академи төсөл хуваарилахад оролцдогг үй. Тэгэхээр үр ашигтай менежмент хийхэд хүндрэлтэй. Түрүүн Дэмбэрэл ярилаа, 1994 оны ЮНЕСКО-гийн зөвлөмж гэж. Ийм зөвлөмж бий л дээ. 2006 онд ЮНЕСКО-гийн зөвлөмж дахиад ирсэн. Юун тухай зөвлөмж болохыг цаг авч яриад яах вэ. Тэр чиглэлээр явъя гэж бид Отгонбаярыг сайд байхад яамандаа санал тавьсан. Тэр бол илүү орчин үеийн чиг хандлага тусгасан зөвлөмж.
-ШУА-ийн эрдэмтэд сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Тэдний ажлыг хэрхэн дүгнэдэг юм бэ. Дэмбэрэл доктор “Зарим нь хэдэн хуудас цаас, юу ч хамаагүй бичиж ажлаа дүгнүүлдэг” гэлээ. Энэ үнэн үү?
Д.Р: -Дэмбэрэл академид ажилладаг байхдаа юу ч хамаагүй бичээд ажлаа дүгнүүлдэг байсан байж болно. Бид жил бүр тайлангаа хэлэлцдэг. Эрдэм шинжилгээний ажилтны ажлыг дүгнэх хоёрхон үзүүлэлт бий. Эхнийх нь албан ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд эрдэм шинжилгээний хэчнээн өгүүлэл хэвлүүлсэн байна вэ гэдэг үзүүлэлт. Хоёр дахь нь бичсэн өгүүллээс нь дэлхий даяар хэдэн хүн эшлэл авч, хэрэглэв гэдэг тоо. Мөн практикт чиглэсэн ямар ажил хийв гэсэн үзүүлэлт байдаг. Үүнд, байгалийн ухааны хувьд аваад үзэхэд хэдэн технологи, стандарт боловсруулсан, хэчнээн патент авсан бэ гэдэг нь орно. Энэ бол дэлхий даяар үнэлгээнд оруулдаг үзүүлэлт шүү дээ. Хүрээлэн болгон дээр үүнийг гаргадаг.
-Менежментийн өөрчлөлтийн талаар дурдлаа. Бодлогын яамнаас ямар байр суурьтай байна вэ?
Ж.Д: -Бид энэ чиглэлээр бодлого боловсруулж байгаа. Хамгийн гол нь судалгаанд тулгуурлаж өөрчлөлт шинэчлэхгүй бол харуулах цаас, баримтг үйгээр ажил хийж болохгүй. Өнгөрсөн 2014 онд хоёр журам гаргалаа. Эрдэмтэд үндсэндээ чөдөртэй байна. Нэг ажил олоод, тэрийгээ хийхэд тэр мөнгийг хэрэглэх эрх чөлөө тэдэнд алга. Тиймээс бид Гарааны компанийн журам батлууллаа. Юм хийж чаддаг хүн цаашаа явах боломж нээлээ. Зарчмын хувьд бүгд адилхан байр суурьтай байна, харин ямар арга замаар шинэчлэлийг хэрэгжүүлэх вэ гэдэг дээр зөрөө байна гэж ойлгож байна. Үүнд аль болох нухацтай, суурьтай хандах хэрэгтэй. ШУА-ийн харьяа 20 хүрээлэнг бид судалсан. Цөөхөн хүнтэй хүрээлэн ч олон байна. Яам бүгдийг нь судлаад, давхцалыг нь арилгаж, ойролцоо чиг үүрэгтэй хүрээлэнг нэгтгэнэ. Тоног төхөөрөмж, дэд бүтцийг нэгтгэж, үр бүтээлтэй ашиглах үүднээс ингэж байна.
-Ярилцлага маань гарц хайхад чиглэж байгаа. Шинэчлэлийг хэрхэн зөв хийх вэ?
Ж.Д: -Шинжлэх ухааны салбарын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай. Гэхдээ энэ нь зөвхөн хүрээлэн, эрдэмтдийн буруу биш, төрийн ч буруу бий. Энэ хүрээлэн тийм чиг үүрэгтэй, төчн өөн орон тоотой ажиллана гэж Засгийн газраас батлаад өгсөн юм байдаггүй. Засгийн газар даалгавраа өгөөгүй гэсэн үг. Одоо бид үүнийг тодорхойлж өгөх гээд бодлогоо боловсруулаад явж байна. Засах зүйл маш их байна. Бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай. Академийнхан ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа.
Н.Д: -ШУА-гүй загвар цөөн судлаачтай, бага төсөвтэй, үйлдвэржээгүй, технологи хөгжөөгүй, дэлхийд юм уу, бүс нутагтаа цэргийн болон эдийн засгаар жанжлах стратегигүй Монголын нөхц өлд нийцэж байна. ШУА хөгжлийн чөдөр тушаа болж байгааг өнгөрсөн 55 жил харууллаа. Их сургууль, хүрээлэн хоёрыг нийлүүлэх хамгийн сонгодог жишээ хэлье. Би сүүлийн жилүүдэд тул загас үржүүлэх гэж оролдож байна. Биологийн хүрээлэнд Дулмаа доктор, Геоэкологийн хүрээлэнд Мэндсайхан доктор, бас нэг судлаач бий. ХААИС-д загас үржүүлгийн технологийн анги, гурван багш байна. Энэ зургаан хүнийг нийлүүлбэл бүтээмж дээшилнэ. Тиймээс их сургууль дээр эрдэмтдийн хүчийг төвлөрүүлье гээд байгаа юм. Хэрвээ их сургууль дээр эрдэмтэд очвол оюутан, магистр, докторуудад шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээлэл шууд очно. Нэгдүгээрт, Засгийн газрын дэргэд комисс яаралтай байгуулж, ШУА-иас гадна Монголын шинжлэх ухааныг өөрчлөн зохион байгуулах ажил хийе. Монгол Улсын шинжлэх ухаанд их сургууль, компани, академийн шинжлэх ухаан гурвыг оруулах шаардлагатай. Аль нэгийг нь хаяж болохгүй. Мөн шинжлэх ухааныг эрэлтэд тулгуурлаж хөгжүүлмээр байна. МУИС-д Эдийн засгийн хүрээлэн шилжээд дампуурсан гэлээ. Социализмын үеийн Маркс, Лениний онолтнууд тэнд яаж амьдрах вэ. Математикийн хүрээлэн их сургуульд очоод 15 эрдэмтэнтэй болсон гэж байна. Математикийн судалгааны эрэлт Монголд алга. Тэгвэл эрэлтээрээ л явъя. Тиймээс цаашдаа Монгол Улсын нийгэм, эдийн засаг, экологийн хөгжлийн хэрэгцээтэй уялдуулъя. Үүний тулд Монгол Улсын хөгжлийн стратегийг дахиад харах нь зүйтэй. Уг нь 2021 онд Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих ёстой. Гэтэл энэ мэдлэг буюу бүтээгдэхүүн, технологи үйлдвэрлэх ажил ШУА, их сургууль, компанийн алинд ч алга. Их сургуулиудыг шинэчлэх хэрэгтэй. Их сургууль бакалавр бэлтгэхээ эрс багасгах ёстой. Жишээ нь, хуульч, дуучдад ажлын байр алга. Харвардын их сургууль 14.000 докторант, 6.000 бакалавртай. Гэтэл ШУТИС эсрэгээрээ, 95 хувь нь бакалавр. Их сургууль эрдэмтдийг хүлээн авахад бэлтгэх хэрэгтэй. Цаашилбал хүрээлэнг их сургуульд нэгтгэхдээ цалингийн фондыг нь хадгалж, өсгөхгүй бол шинжлэх ухаан дампуурна. Шинжлэх ухааны хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг эрдэмтдээр зохион байгуулж хийлгүүлмээр байна. Гуравдугаарт, ШУА-ийг Монголын бүх эрдэмтдийн төрийн бус байгууллага болгоё. Улмаар салбарын эрдэмтдийн төрийн бус байгууллагууд байгуулъя. Жишээ нь, Монголын бүх эдийн засагчдын төрийн бус байгууллага байгуулъя. Тэд судлах сэдвээ тодорхойлдог болъё. Шинжлэх ухааны ажлын үнэлгээг өөрчилж, өрсөлдөөн өрнүүлмээр байна. Багийн зохион байгуулалтад оръё. Хүрээлэнгүүдэд төсөл л өгөхгүй бол тэр хүмүүс нь ажилгүй болчих гээд байдаг. Гаднын сэтгүүлд өгүүлэл бичсэнээр дуусдаг судалгаанаас аль болох татгалзъя. Монголын хөгжлийн одоогийн шатанд суурь шинжлэх ухааныг их сургуулийн дотоод судалгаанд зарим багшийн нормт ажил болгож үлдээе. Төсвөөс мөнгө зарах хэрэггүй. Шөнийн цахилгааныг хадгалж авдаг юм уу, нарны илчийг дулаан болгодог технологи хайхад зэрэгцүүлээд ч болсон хөрөнгө гаргая. Ой модоо түлж дуусахаас өмнө аваръя. Эх орны түүхий эдийг нано, био технологиудаар судалъя. Наад захын практик хэрэгцээнүүдээ хангамаар байна. Монголын шинжлэх ухаан өгөөжгүй байгаа учраас зарим хүрээлэнг татан буулгая л даа. УИХ-д одоо хэлэлцэх гэж байгаа шинжлэх ухааны бодлогын баримт бичгээ түр хойшлуулаад шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалттай нь нэгэн зэрэг авч үзэх хэрэгтэй. Төрийн шинжлэх ухаан, технологийн бодлогын стратегийг оролцогч бүх тал хамт сууж байгаад олон удаа хэлэлцэх хэрэгтэй байна.
Д.Р: -Шинжлэх ухааны байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн ерөнхий санааг бид дэмжиж байгаагаа хэлсэн. Гэхдээ өөрчлөлт, шинэчлэлийг цогцоор нь хийх хэрэгтэй. Яаран сандран хэдэн хүрээлэн нийлүүлж, үүнийг далимдуулж ганц хоёр байшин гаргаж аваад хувьчлах шиг амархан юм байхгүй. Академийн хүрээлэнгийн байруудад Төрийн өмчийн хороо, МХЕГ хэмжилт хийж байгаа. Шийдвэр уг нь гараагүй байгаа ш дээ. Шинэчлэлийн зорилго бол саарал ордноос байшин болж харагдаж байна. Гол зорилго нь шинжлэх ухааны салбараас улс орны эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг нэмэгдүүлэх л явдал. Энэ шүхэр дор бүх ажил хийгдэх ёстой. Ингэхдээ дэлхийн жишгийг харах ёстой. Дэлхий тэр аяараа их сургууль дээрээ шинжлэх ухааныг төвлөрүүлж байна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Их хурал дээр бодлогын нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэж байгаатай холбогдуулаад үүнийг хойшлуулах шаардлагатай гэж Дашзэвэг доктор хэллээ. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Үймээн дундуур хойшлуулах хэрэг байна уу. Ингэж байх зуур сэргэлэн улсууд юу ч хийж мэднэ. Харин энэ бодлогыг боловсруулдаг байнгын хорооноос тэр төлөөлөл, оролцоог нь хангасан ажлын хэсэг гаргаад зөвшилцөөд богино хугацаанд бодлогоо гаргачих хэрэгтэй юм. Тэгвэл бид цогц шинэчлэлийг харьцангуй богино хугацаанд хийе. Орхиж болохгүй зүйл бол суурь судалгаа. Үүнийг нийгэм захиалдаггүй. Математикийг хэн ч захиалахгүй. Гэтэл Монголын математикчид дэлхийн математикийн хөгжилд хувь нэмрээ оруулаад явж л байна. Дэлхийн мэдлэгийн үйлдвэрлэлд монголчуудын оруулж байгаа хувь нэмэр гэдэг утгаар нь суурь шинжлэх ухаандаа харьцангуй эрх чөлөө өгөх ёстой.
Ц.Д: -Рэгдэл гуай чухал санал дэвшүүллээ. Бидний үзэл бодол ойртож байгаа юм байна. Өнөөдөр Монгол, БНАСАУ хоёр л дэлхийн шинжлэх ухааны хамгийн ард нь орчихоод байгаа. Дэлхийн жишиг зах зээлийн горимд орчихсон. ШУА, хүрээлэнг ялгаж ойлгох хэрэгтэй. ШУА-ийн ажлыг хүрээлэнгийн ажлаар тайлагнах ёсгүй. Иймээс хөндлөнгийн хяналт оруулмаар байна. Дэлхийн жишгээр ШУА гурван ажил хийдэг. Монгол Улсын хөгжлийн бодлого, хоёрт Монгол Улсын том төсөлд эксперт хийх ёстой. Жишээ нь, Оюутолгойн төсөл. Гэтэл ерөөсөө оролцоогүй. Нөгөө талаас Африк, Балба, Мозамбикт ШУА-иа дандаа төрийн бус байгууллага хэлбэртэй байгуулсан. Харин Монголд төрийнх байна. Манай улс Африк, Балба, Мозамбикийн ард орсон. Ядаж Балбыг дуурайя. Дараагийн нэг зүйл, Монгол Улсын хөгжлийн энэ их гацаа намууд бодлогогүйгээс болж байгаа юм. Намуудын нэгдсэн бодлого гэж байх ёстой. 2007 онд баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг баримт бичиг бий. 10-аад жил болоход нэг ч засаагүй. Үүнийг академи л хийх ёстой шүү дээ.
С.Г: -Академийг Үндсэн хуулийн заалтад нийцсэн чиглэлээр төрийн бус болгочихвол тэгээд боллоо. Монголын шинжлэх ухааныг урагшлуулах ямар зам байна гэдгийг л харах хэрэгтэй. Бид чинь эрдэмтэн улс, биенээсээ дордох юм байхгүй. Улсын эрх ашиг гэдэг айхтар юм байна аа. Энэ бол академийн тэргүүлэгчдийн эрх ашиг биш. Би Монголын шинжлэх ухааны нэгдсэн академийн тэргүүн. Их, дээд сургуулийн эрдэмтдээс бүрдсэн 100 гаруй гишүүнтэй, хувийн академи. Мөнгө байхгүй болохоор ямар ч ажил урагшаа явдаггүй. 10 хэдэн жил болсон ч ахиагүй. Хэрвээ үйл ажиллагааг нь өөдтэй явуулъя гэж байгаа бол хэнийг ч алагчилж үзэхгүйгээр эрдэмтдийн мундаг арми бий болгох ёстой юм.
Д.Р: -Дэмбэрэл докторын ярьсантай холбогдуулж хоёр, гурван үг хэлэхгүй бол болохгүй нь. Дэлхийн шинжлэх ухаан хоёр төрлийн академитай. Дэлхийн шинжлэх ухааны зөвлөл гэж бий. Үүнд 120 орны 147 байгууллага гишүүнээр байдаг. Үүний дотор шинжлэх ухааны 100 академи байна. Түүний бараг тал хувь нь үндэсний хэлбэртэй академиуд. Судалгаа эрхэлдэггүй, бодлогын чанартай асуудалд оролцдог академи. Энэ академиуд үндсэн хоёр функцтэй. Төрийн бодлого боловсруулж, эксперт хийнэ. Хоёр дахь үндсэн үүрэг бол судалгааны ажилд санхүүжилт олгодог. Ийм академиуд харьяандаа судалгааны байгууллагатай. Европын 40 оронд дэргэдээ судалгааны байгууллагатай 23 академи бий. Аль ч академид байдаг нэг гол үүрэг бол төр засагт зөвлөмж өгөх юм. Манай академи жилд 5-7 зөвлөмж Засгийн газар, УИХд өгд өг. Үндэсний хэмжээний төслүүдэд эксперт хийдэг үүрэг, функцийг манай ШУА-д хуулиар олговол үнэхээр чухал. Яагаад гэхээр дэлхийн орнууд үндэсний том хөтөлбөрүүдэд хариуцлага хүлээх чадвартай байгууллагаар эксперт хийлгэдэг. Ихэнх нь академиуд байдаг. Тэгэхийн тулд тусгай хуульгаргадаг. Тэр функцийг академид өгвөл бид төсөлд эксперт хийдэг чадавхиа богино хугацаанд бий болгоод явна. Манай төрийн бодлого үүнийг хүсдэггүй. Дарга нар дураараа шийдвэр гаргадаг. Тэр эксперт хийдэг үүрэг функцийг академид өгтөл нэг үе солигдох байх. Ц.Д: -Энэ экспертийн үүргийг авах гэж зүтгэмээр байна. Үүний тулд ШУА 20 хүрээлэнгийн биш, Монгол Улсынх болох хэрэгтэй байхгүй юу.
Тэмдэглэсэн Г.ОЮУНГЭРЭЛ, Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ