Бид хэтэрхий цөөхүүлээ. Бас олон орны иргэдтэй харьцуулахад дэндүү богино насалдаг. Тиймээс монгол хүн бүрийг эрүүл амьдралын зөв дадал хэвшилд багаас нь сургах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Монголын хүн амын дунд өвчлөлийн тоо, төрөл, хэлбэр улам бүр өргөжин тэлсээр байгаа өнөө үед эрүүл мэндийн боловсрол гэдэг зүйлийг ярьж эхэлсэн нь сайн хэрэг. Үүний тулд эхлээд ядаж хүүхэд багачууддаа сургуулийн өмнөх наснаас нь эхлэн бага, дунд, ахлах ангиа төгстөл нь тасралтгүй эрүүл мэндийн хичээл оруулах ёстой биз. Тэгж байж л наанадаж тав, арван жилийн дараагаас нийт монголчуудын сэтгэлгээнд өөрчлөлт гарна. Эс бөгөөс илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсрэхийн үлгэрээр “Эрүүл амьдралын зөв дадал хэвшил” гэдэг үгийг уриа лоозон төдийхнөөр хүлээн авсаар байх болно.
Хүнд бага наснаас нь эхлэн төлөвшүүлсэн зан үйл насан туршид нь хадгалагддаг болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл манай “шинэчлэгчид” долоо хоногт ганцхан цаг ордог байсан эрүүл мэндийн хичээлээ жилийн өмнө бага ангийн сургалтын хөтөлбөрөөс хасаж, ойролцоо хичээлийн агуулгад багтаасан. Тэгээд болоогүй дунд ангийнхны сургалтын хөтөлбөрийг ч мөн ийм байдлаар боловсруулах туршилт хот, хөдөөгийн 30 сургуульд хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, VI-IX ангийн хүүхдүүдэд заадаг эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг биологи, биеийн тамирын хичээлтэй хамтатгахаар бэлтгэж эхэлжээ. Өмнөх хичээлийн жилийн туршилтыг дараа онд нь сайд “Сайн болсон тул...” гээд баталж, амьдралд нэвтрүүлдэг уламжлал энэ салбарт тогтсон. Тиймээс хэт оройтохоос нь өмнө энэ “шинэчлэлийн” зөв, бурууг шүүн хэлэлцэхээр өнгөрсөн баасан гаригт ЭМСЯ, “Youth LEAD” олон улсын залуучуудын сүлжээ хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
ЭМСЯ, Хөдөлмөрийн яам, БСШУЯ, НҮБ-ийн Хүн амын болон Хүүхдийн сан, НЭМГ, ХӨСҮТ, МУЗН, Боловсролын хүрээлэн, “Өсвөр үе ирээдүй” төв, “Мэрри стопс”, Иргэний боловсролын төв тэргүүтэй олон байгууллагын төлөөллөөс гадна нийслэлийн 47, 114 дүгээр сургуулийн багш нар уг хэлэлцүүлэгт оролцжээ. Тэдний 90 гаруй хувь нь ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг дангаар нь авч үлдэх нь сурагчдыг эрүүл амьдралын зөв дадал хэвшилд сургахад эергээр нөлөөлнө гэж үзсэн тул Ажлын хэсэг байгуулан, эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж, БСШУЯ-нд танилцуулахаар болсон аж. “ЕБС-д эрүүл мэндийн хичээл оруулдаг болохын тулд улсаас хэчнээн их хөрөнгө гаргаж, сургалтын бааз бий болгох, боловсон хүчин бэлтгэхэд зориулсан билээ дээ. Гэтэл одоо тэр бүхнээ салхинд хийсгэх гэж байна” гэх хүмүүс байхад биологийн багш нар хүртэл “Бид үндсэн хичээлийн хөтөлбөрөө цагтаа багтаахгүй ядаж байхад бас дээрээс нь эрүүл мэндийг нэмнэ гэдэг байж боломгүй зүйл” хэмээн бодит байдал амьдралаас хол тасархай байгааг нуулгүй ярьж байна. Яг үнэндээ биологийн багш дунд, ахлах ангийн сурагчдад эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн боловсролын тухай заана гээд бодохоор надад ч бас төсөөлөгдөхгүй байгаа юм. Хамгийн гол нь бусад хичээлийн агуулгад багтааснаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийн агуулга бүрэн гарахгүй гэдгийг боловсролын байгууллагад олон жил ажилласан туршлагатай багш нар онцолсон.
Бага ангийнхны эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг агуулгаар нь нэгтгэж болдог юм гэхэд дунд, ахлах ангийнхныг яагаад ч тэгж болохгүйг учир мэдэх хүмүүс анхааруулсаар байна. Наад зах нь бэлгийн замын халдварт өвчин манайд хэрхэн газар авч, “улаан тарианы үе”-рүүгээ эргээд очих дээрээ тулсан нь гашуун үнэн. ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн багагүй хувийг өсвөр насныхан эзэлж байгааг ХӨСҮТ-ийнхөн хэлж байна. Гэтэл манай салбарын яамныхан өсвөр насныхандаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл оруулах тун дургүй байгаа нь ямар учиртай юм бэ. Хүн болгон нэртэй математикч, мундаг тамирчин, алдартай дуучин болохгүй ч бүгд аав, ээж болох нь хорвоогийн жам. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар зөв, цэгцтэй мэдээлэл олж аваагүй өсвөр үеийнхэн ирээдүйн амьдралдаа арилшгүй хар толбо үлдээвэл хариуцлагыг нь хэн үүрэх вэ. Ардчилсан нийгмийн хэт эрх чөлөөний амтанд орсон манай өсвөр үеийнхний дунд архи, тамхины хэрэглээ өсөх хандлагатай байгаа нь, цаашлаад хар тамхи, мансууруулах бодисоос болж гэмт хэрэгтэн болох тохиолдол гарсаар буй нь тэднийг энэ орчинд төлөвших яагаа ч үгүй гэдгийг илтгэнэ бус уу.

Зөвхөн хүүхэд, залуус ч гэлтгүй, бид өөрсдөө хүртэл энэ нийгэмд хөлөө олох гэж унаж бүдэрч яваа. Тийм байхад “Орчин үед дэлхийн улс орнуудын ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн болон нийгмийн асуудлуудыг интеграци байдлаар хамтруулан судалдаг арга түлхүү нэвтэрч байна” гээд хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэр болмооргүй байна. Тэгж яривал манайхны хамгийн их дуурайх дуртай Америк хүртэл эрүүл мэндийн хичээлийг 23 муждаа бүх насныханд албан ёсоор, 13-т нь сонгон суралцах байдлаар үздэг аж. Тэгэхээр хуучин тогтолцоогоороо явахад учиргүй хоцрогдоод, хүний адагт хэлэгдэх шалтгаан алга шүү дээ. Эрүүл биед саруул ухаан оршоохын тулд “Эрүүл чийрэг монгол хүн”-тэй байхын төлөөнөө энэ хичээлийг бүх ангид дангаар нь оруулах ёстой юм шиг ээ.
Л.ГАНЧИМЭГ