Ийм сэдэвт симпозиум МУИС-д өнөөдөр боллоо. Симпозиумд сэтгүүл зүйн мэргэжлийг эзэмшүүлдэг их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид илтгэл тавин, Монголын сэтгүүлзүйн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон. Тухайлбал, сэтгүүл зүйн сэдвүүдээр хийсэн доктор, магистрын судалгааны ажлууд 200 гарч байгаа ч сэтгүүл зүйн шүүмж судлал орхигдсоноос Монголын сэтгүүл зүй өнөөдөр Дөрөв дэх засаглалын үүргээ төдийлөн биелүүлж чадахгүй, тэр хэрээр иргэдийн энэ тогтолцоонд итгэх итгэл суларч байгаа гэлээ. Мөн мэдээллийн шинэ хэрэгсэл буюу цахим сэтгүүл зүй, сэтгүүлчдийн нийгмийн амьдрал, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн орчин, хэвлэл мэдээллийн эзэмшил, их дээд сургуулийн сэтгүүл зүйн хичээлийн хөтөлбөр зэрэг тус салбарын хөгжлийг сааруулж буй олон сэдвүүдийг хөндсөн юм. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй 16 арилжааны телевизийн 11 нь УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтны удирдлага дор ажиллаж, тэдний үзэл бодлын зэвсэг болж байгаа нь сэтгүүл зүйн үүрэг, хариуцлагыг “иргүйдүүлсэн” хэрэг болоод байна гэж тэд үзлээ. Түүнчлэн хууль тогтоомжоор дамжуулан хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хянах бодлого сүүлийн жилүүдэд ажиглагдах болсныг онцолсон. Тиймээс энэ салбарыг судалгаан дээр үндэслэн, зөв зохицуулалтаар хөгжүүлэх шаардлагатай хэмээн симпозиумд оролцож буй илтгэгчид хэлж байна.