Малын галзуу өвчин буурахгүй байгаа талаар Мал эмнэлэг, үржлийн газар болон ОБЕГ, ЗӨСҮТ-ийнхөн хэллээ. Өдгөө Булган аймгийн Баян-Агт, Хэнтийн Батноров, Дадал, Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Баянхонгор аймгийн Бууцагаан, Булганы Рашаант зэрэг долоон аймгийн арав гаруй суманд байгалийн голомтот малын галзуу өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Оны өмнө хорио цээр тогтоосон газрууд дэглэмээ үргэлжлүүлсээр байгаа аж. Манай улсын 21 аймгийн 226 сум мал, амьтны галзуу өвчний голомттой. Жилд дунджаар 130 орчим мал, амьтан галзуурдаг юм байна. Өнөө жил улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр нохой, чоно, үнэг, үхэр, адуу, тэмээ, бог малаас галзуугийн вирус илрүүлжээ. Тэгвэл 1972-2014 онд нийт 36 хүн галзуугаар өвчилж, нас барсан харамсалтай мэдээ байна. Тэдний 52.2 хувь нь нохойд хазуулснаас, 22.7 нь малаас, 15.7 хувь нь чононд уруулж, 6.9 хувь нь үнэгэнд хазуулсны улмаас халдвар авсан аж.
Мөн өнгөрсөн онд л гэхэд галзуугийн сэжигтэй амьтны дайралтад 85 хүн өртсөнөөс 42.4 хувь нь орон нутгийн малчид байжээ. ЗӨСҮТ-ийн Бэлэн байдал тусламж, үйлчилгээний тасгийн эрхлэгч Ш.Агиймаа “Галзуугийн вирус гадаад орчинд болон дулаанд тэсвэргүй. Харин 120-иос доош хэмийн хүйтэнд удаан хугацаагаар амьд байх чадвартай. Мал амьтны сэг, зэмэнд 5-90 хоног, нэг метрийн гүнд булсан мал, амьтны тархинд таван долоо хоног хадгалагддаг. Тиймээс галзуурсан байж болзошг үй мал, амьтны дайралтад өртөж, хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн арьс салстаа гэмтээсэн, шархадсан үедээ тэдгээрийн шүлсээр бохирдсон эд зүйлсэд хүрэх, үхсэн малын мах идэх, эвдэх, арьс ширийг нь өвчих, тээвэрлэх явцад галзуугийн халдвар авах өндөр эрсдэлтэй. Тиймээс сэжигтэй тохиолдол ажиглагдвал харьяа эрүүл мэндийн байгууллагадаа яаралтай хандан, шархыг угааж цэвэрлэн, галзуугийн эсрэг вакцин, шаардлагатай тохиолдолд ийлдэс тариулах хэрэгтэй” гэж ярилаа.
О.УНДРАХ