Зургадугаар сарын 22-нд Швейцарийн Лозаннд болсон Олон Улсын Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 2018 оны өвлийн XXIII олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх гурван хотын нэрийг баталлаа.
Найман жилийн дараа зохиогдох “цагаан” олимпийн төлөө гурван хот нэрээ дэвшүүлсэн нь 1988 оны өвлийн олимпийн төлөөх “марафон”-оос хойших хамгийн цөөн өрсөлдөгчтэй наадам болж байна. Ирэх жилийн долдугаар сарын 6-нд ӨАБНУ-ын Дурбанд ОУОХ-ны 123 дугаар чуулганаар ялагч хотыг тодруулна.
НЭР ДЭВШИГЧИД
АНСИ (Франц)

Францын зүүн өмнөд хэсэгт, Альпын нурууны өвөрт орших 60 мянга орчим хүн амтай энэ хот дотоодын өрсөлдөөндөө Гренобль, Ницце, Пельвуг ялан гарч ирсэн. Францын ҮОХ 2024 оны зуны олимпийн наадмыг “Парис-1924” VIII наадмын 100 жилийн ойг тохиолдуулан аль нэг хотдоо авах сонирхолтой гэдгээ илэрхийлж байсан ч 2018 оны өвлийн наадмын төлөө дөрвөн хот нэрээ дэвшүүлсэн тул энэ өрсөлдөөнд нэгджээ. Хэрвээ Анси ирэх жил ялалт байгуулбал Парисын 2024 оны олимпийг зохион байгуулах санаархлыг бүтэлгүйтүүлж мэдэх юм.
Францын Шамони 1924 онд болсон өвлийн анхдугаар наадмыг хүлээн авч байсан бол 1968 онд Гренобль, 1992 онд Албервилль цагаан олимпийг зохион байгуулсан удаатай. Дашрамд сонирхуулахад өвлийн олимпийн наадмыг АНУ хамгийн олон удаа (1932, 1960, 1980, 2002) зохион байгуулсан бөгөөд Франц удаалдаг юм. Зургаан улс (Швейцарь, Канад, Норвег, Итали, Австри, Япон) цагаан олимпийг хоёр удаа хүлээн авчээ.
“Анси-2018” нэр дэвших хорооны онцлох тэмдэгт Альпын уулс, Мон-Блан оргил болон Анси хотын нэрний эхний үсэг “А”-г оруулсан байна.
МЮНХЕН (Герман)
1972 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулсан Мюнхен энэ өрсөлдөөнд ялбал өвөл, зуны олимпийг хоёуланг нь хүлээн авсан анхны хот болно. 2014 оны өвлийн олимп Европт (Сочи, ОХУ) зохиогдох нь тодорхой болсон энэ үед дараагийн наадмынх нь төлөө сунгаанд Мюнхений ялах магадлал бага гэж үзэж байгаа ч ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Томас Бахын нөлөө дэм үзүүлж мэднэ.
Германы ҮОХ 2024, 2028 оны зуны олимпийн төлөө Берлин, Хамбург хотуудыг сойхоор зэхэж байсан ч Бавари мужийн нийслэлийн цас, мөсний санаархлыг ийнхүү дэмжжээ.
Мюнхен 2018 оны өвлийн олимпийг зохион байгуулахаар болбол 1936 оны олимп болсон Гармиш-Партенкирхенд зарим төрлийн тэмцээнээ явуулах аж. Хоёр Герман нэгдсэнээс хойш тус улс өвөл, зуны ямар ч олимпийг хүлээн аваагүй тул энэ өрсөлдөөнд багагүй хөрөнгө хаяхаар төлөвлөсөн байна. Нэр дэвших хорооны онцлох тэмдэгт Баварийн уулсыг Мюнхен хотын эхний үсэг М үсэгт оруулан дүрсэлжээ. Уриа нь “The games in the heart”.
ПЁНЧАН (БНСУ)
2010, 2014 оны цагаан олимпийн төлөөх өрсөлдөөнд Ванкувер, Сочид дараалан бүдэрсэн Пёнчаныхны уйгагүй зүтгэл үр дүнгээ өгч мэдэх юм. Канвон мужийн амбан захирагч Ким Жинь-Сун 2007 оны есдүгээр сард “Өвлийн олимпийг зохион байгуулахын төлөө гурав дахь оролдлогоо хийнэ” хэмээн мэдэгдсэн ба 2009 оны нэгдүгээр сард албан ёсоор зарласан.
Олимпийн наадмыг зохион байгуулахын төлөө удаа дараа нэрээ дэвшүүлж буй нь тус хотынхон төдийгүй нийт солонгосчуудын олимпизмийн талаарх мэдлэгийг дээшлүүлж буй нь судалгаанаас харагддаг. “Чусон Илбо” сониноос явуулсан санал асуулгаар солонгосчуудын 91.4 хувь нь 2018 оны өвлийн олимпийг Пёнчанд явуулахыг дэмжсэн бол нэр дэвшигч хотын иргэдийн 93.4 нь “yes” хариултыг өгчээ.
Ж.БАТМӨНХ