- Алгаа тосоод авах уу, гараа даллаад үлдэх үү? -
Таван жилийн өмнө БСШУЯнаас санаачлан, хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр 10 хүүхдийг ОХУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцуулах болсон байдаг. 100 гаруй хүүхэд сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлж, Санкт-Петербургийн театр урлагийн сургуулийн багш нар манай улсад ирж, тэднийг шалгаад 10-ыг нь тэнцүүлсэн юм билээ. Говь-Алтай, Орхон аймаг, Налайх дүүрэг гээд хот, хөдөөгөөс цугласан хүүхдүүд найз нөхөд болж, нэг анги бүрдүүлэн эрдэм өвөрлөн ирэхээр эх орноосоо явсан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцсан Хүүхэлдэйн театрын 10 жүжигчин өнгөрсөн хавар сургуулиа төгсөөд иржээ. Гэхдээ тэдэнд ажлын байр байсангүй. Хавар сургуулиа төгссөн хүүхдүүд зуны урт амралтыг өнгөрүүлээд намар нь Хүүхэлдэйн театрыг зорин очжээ. 11 жүжигчний орон тоотой энэ театрт тэднийг авч, ажиллуулж, цалинжуулах боломж байхгүй байв. Арга буюу харьяа яамандаа хандаж, ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзултай уулзсаныг нь санаж байна. Ингээд 2014 он дуустал тэдэнд хоол, унааны мөнгө өгөн, Хүүхэлдэйн театртаа ажиллуулахаар болж, 2015 онд театрын орон тоог нэмэгд үүлж, тэднийг ажилтай байлгах талаар яригдсан. Гэхдээ яам татан буугдсанаар энэ ажил нам зогсов. Улсынхаа Хүүхэлдэйн театрын ирээдүй хойчийг залгамжлан ажиллаж, ихийг хийж бүтээнэ гэж зорьсон 10 хүүхдийн итгэл ч унтрав.
Хүүхэлдэйн жүжигчин Монгол Улсад зайлшгүй шаардлагатайн зэрэгцээ боловсон хүчнээ гадаадад сургаж чадахгүй байгаа дутагдлаа засахаар 10 гаруй жил хөөцөлдөж байж, ОХУ-д сургах эрх авсан юм билээ. 2010-2011 оны хичээлийн жилд ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр 27 хүүхэд сургахаар болж, балетийн 12 жүжигчин, хүүхэлдэйн жүжигчин 10, хоёр дуучин, хоёр хөгжимчин удахгүй сургуулиа төгсөөд ирнэ хэмээн хөөрц өглөж байсан нь саяхан. ССАЖЯ-ныхан, Хүүхэлдэйн театрын удирдлага болон уран бүтээлчид телевиз, сонинд ярилцлага өгөхдөө удахгүй төгсөж ирэх мэргэжилтнүүдийнхээ тухай ёс мэт давтан ярьдаг байв. Гэтэл дөрвөн жил гадаадад тэтгэлгээр суралцаж, мэргэжлээ онцсайн эзэмшээд ирсэн хүүхд үүдэд Монголд ажил олдсонгүй. Тэднийг ажилгүй байлгаж байгаа мэдээлэл ОХУ-ын театруудад ч хүрсэн бололтой.
Өнгөрсөн оны сүүлчээр Улаан-Үдийн Хүүхэлдэйн театрын удирдлагууд манай улсад ирж, эдгээр жүжигчнийг авч ажиллуулах тухай санал тавьжээ. Амьдрал, ирээд үйн карьер, уран бүтээлээ бодвол жүжигчин залуус явах ёстой байсан. Гэхдээ тэд явж зүрхлээгүй. “Бодлогоор бэлтгэсэн боловсон хүчнээ хөсөр хаяхг үй байх” гэсэн итгэл тээж нутагтаа үлдсэн. Шинэ он гараад нэгдүгээр сар талдаа орчихоод байгаа ч тэдэнд ажлын байр бий болгох тухай хэн ч дурссангүй. Энэ хүлээлт удаан үргэлжлэх нь дамжиггүй. Энэ 10 жүжигчний тав нь өчигдөр Улаан-Үдийг зорилоо. Мэргэжлээ дээшлүүлж, магистрантурт суралцахаар явж байгаа. Түгжээтэй бодлого, учир нь олдохгүй шийдвэртэй дээдсүүдийг харж, хүлээж сууснаас мэдлэгээ дээшлүүлж, ирээдүйн гарцаа хайх нь зөв. Тэднийг буруутгах эрх бидэнд үгүй. Харин таван жүжигчин нь нутагтаа үлдсэн. Бас л ажилг үйч үүдийн эгнээнд бүртгэлтэй яваа. Эсвэл Хүүхэлдэйн театрын 11 жүжигчнийг гавьяаныхаа амралтыг авч, ажлаасаа халагдахыг л хүлээх “ёстой”. Ийм аймшигтай сонголтын өмнө тэднийг Монгол Улсын төрийн увайгүй бодлого авчирсан. Мэргэжилтэн бэлтгэх зүй ёсны шаардлага байгаа л бол театрынхаа орон тоог нэмж, тэднийг ажилд авч яагаад болохгүй гэж. Арав гаруйхан жүжигчинтэй театр гэж хаана байдаг юм бэ. “Монгол уран бүтээл, хөтөлбөр хэрэгжүүлнэ”, “Хүүхдийн уран бүтээлийг дэмжинэ” гэх зэргээр том том хөтөлбөр, төсөл ярихаас биш бодит байдалд бууж, гарц олдог хүн ч алга.
ОХУ-д сургууль төгссөн залуу дуучин Ө.Цэрэнчунтыг Улаан-Үдийн театрт ажиллах болсныг дуулаад баярлахаасаа илүү харамссан. Сонгодог урлагийн боловсон хүчин бэлтгэх чадвараараа дэлхийд хүлээн зөвш өөрөгдсөн ОХУ-д сурч ирчихээд УДБЭТ-т ч ажиллаж чадалгүй, “хойшоо” явлаа шүү дээ. Энэ бол Монголын эмгэнэл. Ажил хэргийнх нь уялдаа холбоогүй, замбараагүй байдлын илрэл. Хүний мөнгөөр хүүхдээ гадаадад сургачихаад “Одоо наадах чинь надад хэрэггүй. Хэн ч авсан болно” гээд орхих тэнэг Монголоос өөр газраас олдохг үй байх. Уг нь эдгээр залуус суралцаж байх хугацаандаа олон улсын наадамд эх орноо төлөөлөн оролцож, нутагтаа ирж тайлан тоглолт хийснээс гадна “Фонтанка” нэртэй уран бүтээлийн нэгдэл байгуулаад хамтран ажиллаж байсан юм. Эмтэлж, гэмтээж, эвдэлж, сүйдлэхээс өөрийг хийхгүй байгаа учраас бидний хойч үеийнхэн ч гэсэн соён гэгээрч чадахгүй өсөж байна. Хүүхдүүд жагсдаггүй болохоор хүүхдийн тодотголтой кинотеатрыг нь Хөрөнгийн бирж болгож, Хүүхэд залуучуудын театрыг нь банк, циркийг нь “зах” болгочихоод байгаа. Үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо эдлэх ёстой эрхийг хасаж, амсах ёстой бүхнийг булаадаг харалган бодлогоо засахгүй бол итгэл найдвар бүхэн хөсөрдөж дуусах нь ээ. Авьяастай мэргэжилтнээ алгаа тосоод авах байтал гар даллан үдэж байгаа гажгаа хурдан засах хэрэгтэй.
Ж.СОЛОНГО