“...Хайрга, алт олборлож ухаж, төнхсөн газрыг зүлэгжүүлж, ойжуулаад, нуур үүсгэж загас үржүүлбэл цөөхөн хүнтэй Монгол Улс өөрсдийгөө аюулгүй хүнсээр хангах боломжтой” хэмээн Б.Алтаншанд гуай ярив. Монголчуудаас тээр хол мэт санагдаж байсан цөөрмийн загасны аж ахуйг тэрбээр 14 дэх жилдээ эрхэлж байгаа. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Биокомбинатын цаахна талд оршдог хайрганы үй олон карьерийн энхэл донхол дунд эдний аж ахуй бий. Нэр нь “Хилэм Ост”. Тэдгээр энхэл донхлыг Б.Алтаншанд гуай “дайны талбар” хэмээн тодорхойлсон агаад өнөөгийн гурав, дөрөвдүгээр хорооллын бүтээн байгуулалтаас үүссэн нууранд загас үржүүлж аж ахуйнхаа үндсийг тавьжээ.
“ПУТИН ПУТИНТЭЙГЭЭ Л ИДДЭГ ЗАГАС”
Тул, булуу цагаан, ленок буюу зэвэг, хэлтэг, хулдын овгийн гээд 18 зүйлийн загас Хилэм нууранд үржүүлдэг гэнэ. Урин цагт загасны ангуучид энэ нуураас үл салах агаад өвөл, гол мөрөн хөлдсөн өдийд ч бас цөөнгүй загасчин айлчилдаг гэнэ. Нуурын энд тэндгүй цооног өрөмдсөн нь энд ирэх загасчдын цуваа тасардаггүйг гэрчилнэ. Загасчлах “донтой” хүмүүсээс гадна Элчин сайдууд манай эндээс салдаггүй хэмээн “Хилэм Ост”-ын ерөнхий менежер Л.Норжмаа ярив. Нэрээр нь овоглодог хилэм загас мэдээж энд бий. Хил дэрлэсэн Хятад, Оросоос гадна Германаас цөөнгүйг энд авчирч нутагшуулсан юмсанж. 2000 онд Орхон, Сэлэнгээс найман ширхэг эх загас анх авчирч нутагшуулснаас хойш 2002 онд Хятадаас 6000 ширхэг, 2013 онд Германаас 400 ширхэг жарамхай авчирч нуурандаа тавьжээ. Өдгөө нэн ховордож, дэлхийн Улаан номд бүртгэгдсэн энэ загас тансаг хэрэглээнд тооцогддог. Английн Хатан хаан хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг энэ загасаа Оросоос захиж авчруулдаг аж. Оросууд хилэмийг “Путин Путинтэйгээ л иддэг загас” хэмээн зиндаархдаг агаад “Монголын цөөрөмд хилэм байна гэв үү” гэсэн оросууд эднийхээр олонтаа зочилдог аж. Өнгөрсөн зун 1.3 метр урт хилэм загас барьсан нь энэ нуураас барьсан хамгийн том загас ажээ. Гэхдээ загасаа өдий хүртэл томруулахын тулд найман жилийн турш үргүй зардал гаргасан гэнэ. “Гурван см жарамхайг нэг метр болж өстөл нь хав дарж, барьж цөөрүүлэхгүй арга хэрэглэж, найман жил хамгаалсан. Ингэж эх загас бэлтгэж, загасны аж ахуйн гол суурийг бий болгож байгаа юм” хэмээн Б.Алтаншанд захирал тайлбарлав. Таван км сунаж тогтсон тунгалаг Хилэм нуур гялтганан гялалзаж, тэртээд ангир шувууд үзэгдэнэ. “Энд жил бүр арваад ангир өвөлждөг юм” хэмээн Б.Алтаншанд гуай ярив. Дороосоо ундаргатай учраас нуурын нэгээхэн хэсэг хөлддөггүй аж.
ГУРВАН ЦАГТ НЭГ ТОНН ЗАГАС ХУДАЛДЖЭЭ
Шилэн хоргон доторх амьд загасаас хүссэнийгээ сонгоод худалдан авахыг Та, бид зурагтаар л үздэг. Байгальд нь загасчлахаас гадна загас идэх сонирхолтой хүмүүст зориулж эднийх ирэх хавар ийм үйлчилгээ нэвтрүүлэхээр зэхэж буй гэнэ. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд энэ санаагаа туршиж, гуравхан цагийн дотор нэг тонн загас худалдсанаа ярилаа. Улаанбаатарчууд загасанд “нугасгүй” гэдэг нь эндээс харагдаж байна. Б.Алтаншанд гуай Хилэм нуурт чадах чинээгээрээ хөрөнгө оруулалт хийдэг. “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжүүлэх төсөлд тэнцэж, 570 сая төгрөг горилсон ч өнгөрсөн намар гуравны нэгийг нь л өгчээ. Тэр хөрөнгөөрөө нуурандаа загас хамгаалах торон хашлага барьж буй гэнэ. Том загасанд жижгийг нь бариулахгүй, бас загасаа байгалийн аргаар үржүүлэхийн тулд ийнхүү тороор хамгаалах учиртай аж. Хааш хаашаа таван метр урттай торонд 5000 ширхэг загас тэжээхээр тооцоолж буй агаад мөс гэсэхээс өмнө тавин ширхэг тор угсрахаар хичээж байгаа гэнэ. Нийслэлээс буйдхан суурьшсан энэ аж ахуй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамран ажилладаг. Ирэх хавар төслийн шугамаар 12.000 ширхэг хилэм загас эднийд өгөх гэнэ. Жилд 50 тонн загас үржүүлэх үйлдвэрийн байр зэхээд буй аж. Ирэх жилээс тул, дараа жил зэвэг (ленок) үржүүлэх байр барих гэнэ. Нийслэлийг эрүүл хүнсээр хангах үлгэр жишээ аж ахуй байгуулах зорилготой авсаархан аж ахуйн дүр төрх иймэрхүү.

Б.АЛТАНШАНД: Төрийн ажлыг нэг аж ахуй л хийгээд байна
“Хилэм Ост” компанийн захирал Б.Алтаншандаас цөөн зүйл тодрууллаа.
-Загасны аж ахуй хэр ашигтай бизнес вэ?
-Үйл ажиллагаа яв цав жигдэрсэн хойно техник, технологийн дагуу хөгжүүлбэл маш ашигтай бизнес. Хайрга олборлоод бөмбөгдөлтөд өртчихсөн юм шиг байгаа энэ газарт Хөвсгөлийн тайга мэт орчныг бүрдүүлэхээр ажлаа эхэлсэн. Нэг талаар манай аж ахуйг байгалийн нөхөн сэргээлт ч гэж үзэж болно.
-“Хилэм Ост” компанийн хувьд ашигтай ажиллаж чадаж байна уу?
-Одоохондоо ашиггүй, байнга алдагдалтай ажиллаж байна. “Хөлөг” компанийн хураасан хөрөнгийг цөмийг нь ийш оруулаад дуусгаж байгаа. Загасны аж ахуй бол урт хугацааны, том бүтээн байгуулалт. Гутал хувцас, талх, боов хийдэгтэй огт адилгүй. Би анд хорхойтой хүн учраас хообийгоо дагаад загасны аж ахуйг хөгжүүлж байгаа. 2010 оноос хойш төр засгийн дэмжлэгийг харж байна. Одоо л ойлгож, дэмжиж эхэлж байна. Уг нь загасны аж ахуйг эхний ээлжинд төрийн бодлогоор хөгжүүлэх ёстой. Төрийн хийх ёстой ажлыг нэг аж ахуй л хийгээд байгаа юм. Удаашралтай ч гэсэн том ажлыг үүрч явна.
-Хятад, Германаас хилэм загасны жарамхай авчрахад хэр зардалтай вэ?
-400 ширхэг жарамхай авчрахад 10-аад сая төгрөг зарцуулна.
-Загасны аж ахуй ямар ач холбогдолтой вэ?
-Сүүлийн үед уул уурхайн уршгаар Монголын гол мөрөн маш их ширгэж байна. “Урт нэртэй” хууль батлагдсанаар зарим хэсгийг нь хамгаалсан ч Монгол орны загасны төрөл зүйл устаж үгүй болсоор байгаа. Ховордож, устаж байгаа загасны төрөл зүйлийг хамгаалах, сэргээхэд загас үржүүлэх аж ахуй шийдвэрлэх ач холбогдолтой. Түүнээс гадна загасны мах хүний эрүүл мэндэд үлэмж ач тустай. Япончууд урт насалдгийн нууц үүнд байдаг.
Б.ЦЭЦЭГСҮРЭН