Бид өндөр хөгжилтэй орнуудыг шагшиж, тэнд хараар ч хамаагүй ажиллахыг хүсдэг. Тэд анхнаасаа ийм байгаагүй, хүн бүрийн хөлсөөр ийм өндөр хөгжилд хүрснийг харин анзаардаггүй. Иргэд нь хөдөлмөрч учраас хөгжил гэгч барианы замд бидний өмнө хурдалж яваа билээ. Харин бид харь гаригийн, гадаадын хэн нэгэн манай улсыг хөгжүүлж өгөх мэт ханддаг болов. Тиймээс “Өнөөдөр” сонин шинэ хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монголчуудаа яаж халамжаар биш, хөдөлмөрөөрөө амьдардаг болгох вэ. Оюунт хүмүүн та бидэнтэй санаа оноогоо 88119679 дугаарын утас, 330798 дугаарын факс, bolornews@yahoo.com хаягаар хуваалцаарай. Олуулаа хэлэлцвэл буруудахгүй билээ. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн багш, доктор, профессор Ж.Дашхүүг хэлэлцүүлэгтээ урьж, ярилцлаа.
-Та үйлдвэрчний эвлэл болон нийслэлийн Хан-Уул дүүрэгт 30 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд хөдөлмөр, цалин хөлс, халамж, нийгмийн даатгалын ажил, үйлчилгээг сайн мэддэг болсон хүний хувьд таныг хэлэлцүүлэгтээ урьсан юм. “Хөдөлмөрийн бирж Монголд олон байдаг ч хүнийг ажилд оруулж өгөх гэж биш, иргэдийн эрэлт хэрэгцээг далимдуулан хураамж нэрээр хэдэн төгрөг олох гэсэн газар шиг л харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хөдөлмөрийн хуваариар ажил албаны нэг л мөр хөөж ажилласан болохоор “цэвэр ухамсар”-ын үүднээс хэлэх үг, санаа бодлоо хуваалцах эрмэлзэлтэй байна. Монголд тодорхой төрлийн зах зээл төлөвшиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь биржийн үйл ажиллагаа, тогтолцоотой холбоотой. Монголын эдийн засгийн 80 гаруй хувь нь хувийн өмч давамгайлсан тогтолцоотой гэдэг тоо баримт илэрхий мэдээлэгдэж байна. Гэтэл хөдөлмөрийн бирж нь төрийн захиргааны ивээлд, үйлчлүүлэгч иргэдээсээ тасарсан засаг захиргааны менежментээр ажиллаж байна. Тэд татвар төлөгчдөд үйлчлэх үүрэгтэй. Гэтэл улсын төсвөөс баталгаатай цалин аваад, их ажил хийсэн тухай хоосон мэдээгээр бусдыг хуурч, өрөө, тасалгаанд эргэлдсэн өчүүхэн бодлоосоо салж чадахгүй байна. Тодорхой баримт гэвэл манай сургуулийн төгсөгчдийг хөдөлмөрийн биржид хандахад “Та нарт ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй. Тиймээс манайд бүртгүүл. Бид ажилд оруулсан мэдээлэл гаргана” гэсэн байгаа юм. Оюутнууд “Багш аа, таны зааж, сургасан ном амьдралаас хол зөрөөтэй байна” гэж хатуухан үгээ шууд л хэлсэн.
-Тэгвэл хөдөлмөрийн бирж ямар байх ёстой юм бол?
-Олон улсын туршлага, ном журмыг судлаад байхад хөдөлмөрийн бирж хувийн хэвшилд суурилсан, чөлөөт үйл ажиллагаа явуулдаг болжээ. Тэд гурван эх үүсвэрээс үйл ажиллагаагаа санхүүжүүлж байна. Нэгд, иргэдэд хөдөлмөрийн захад эрэлттэй байгаа мэргэжлээр сургалт явуулж байна. Тэднийг ажлын байранд зуучилж, тодорхой хугацаатай, баталгаатай гэрээгээр хөдөлмөр эрхлүүлж, асуудлыг нь эргэлт, буцалтгүй шийдвэрлэж байна. Ингээд иргэдээс үйлчилгээний төлбөр авдаг. Хоёрт, ажил олгогчдод мэргэжилтэй, чадвартай хүний нөөц бүрдүүлж өгөөд, хөдөлмөр эрхлэх баталгаа гаргадаг. Энэ үйлчилгээнийхээ төлбөрийг өмчийн эздээс авч байна. Гуравт, төрөөс бирж ажиллуулах зөвшөөрөл авч, гэрээ байгуулна. Төрийн захиалга биелүүлсэн тухай үйл ажиллагааны мониторинг хийлгэж, санхүүжилт авдаг. Манайд хууль эрх зүйн ийм зохицуулалт байхгүй. Тэгэхээр хувийн биржүүд бол амьгүй албатууд гэсэн үг.
-Амь оруулахын тулд яах вэ?
-Засгийн газар өөрөөсөө Хөдөлмөрийн төв биржээ салгаж, хөдөлмөрийн зах зээлийн эргэх тэнхлэгт байр суурийг нь олгох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, биржүүд ном ёсоор ажиллахгүй байгаа учраас орон зайг нь мөнгөний шовгорууд (ченжүүд) эзлээд зах зээлээ бусниулж, эвдэж байна. Гэхдээ 2011-2012 онд Хөдөө аж ахуйн биржийн хууль батлагдаж, бэлтгэлийг нь сайн хангасан. 2013 оны эцсээс үйл ажиллагаа нь жигдэрч эхэлсэн нь хэрэглэгчдэд анзаарагдсан байх. Бирж байгуулаагүй байхад махны үнэ кг нь дунджаар 12.000 төгрөгт хүрч байлаа. Яг одоо махны үнэ 5500-6700 төгрөг байгаа. Махны үнийн хийрхэл дарагдаж байна. Ер нь биржүүд бүх төрлийн захад цалин, үнийн жолоог барьж байдаг.
-Монгол хүн ажил хийх дургүй болсны нэг шалтгаан нь хавтгайрсан халамжтай холбоотой. Таныг халамжийн байгууллагад ажиллаж байх үед ийм олон халамж байсан уу. Халамж эзэндээ очдог байв уу?
-Манай орон зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний шатанд, тухайлбал 1997 онд үндэсний хэмжээнд нийгмийн халамжийн бие даасан тогтолцоо бүрдүүлж, нийгмийн халамжийн багц хууль батлагдсан. Би энэ үеэс 2004 он хүртэл Хан-Уул дүүргийн халамжийн албанд хүн амын эмзэг бүлэгтэй нүүр тулж ажилласан. Тэр үед баян ядуугийн ялгаа их, хэцүүхэн байлаа. Хан-Уул дүүрэг 90 гаруй мянган хүн амтай. Тэдний 58.6 хувь нь ядуу. Үүнээс 45.2 хувь нь нэн ядуу гэсэн ангилалд багтаж байсан юм. Халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох санхүүжилт л хийгдэнэ. Гэтэл идэх хоол, түлэх түлээгүй, орон гэргүй тэнэмэл иргэдтэй. Түүний дотор өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эх, өвгөд хөгшдийг харахаар сэтгэл өвдөнө. 1997-2002 онд одоогийн “Оргил” рашаан сувиллын баруун урд талд байрладаг Эрүүл мэндийн сэргээн засах төвд тэднийг усанд оруулж, хооллон, хувцас өгч, эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн журмаар хуваарь, төлөвлөгөөтэй зохион байгуулдаг байсан. Одоо бол халамжийн байгууллага ийм ажил хийдэггүй. Мөнгө дамжуулдаг л газар болж хувирчээ. Хүнийг хөгжүүлэх, халамжаас гаргах талаар юу ч хийхгүй байна шүү дээ. Тэр үед бидний ажлаас дүүргийн удирдлагууд зай барьж, зугтдаг байсан. Харин дүүргийн Засаг дарга Батнасан л өдөр ч, шөнө ч бидэнтэй хамт ажиллана. Батнасан даргад нэг удаа “Энэ хүмүүс ажилчин ангийн өлгий болсон дүүргийн хөдөлмөрчид. Одоо үнсэнд хаягдсан шалз шиг л байна. Үүнд буруутан байх л ёстой. Түүх буруутныг нэхэж таарна” гэхэд дарга над руу сүрхий харснаа “Өнөөгийн төр, засгийн эрх баригчид л буруутан болно байх. Энэ хүмүүс баялаг бүтээлцсэн нь үнэн. Өмч хувьчлал л эднийг гар хоосон үлдээсэн. Баялаг, төрийн эрх мэдэл бүгд цөөнхийн мэдэлд очсон. Шинэ цагийн хэлмэгдүүлэлт явагдаж байна. Гэрч нь эд” гэж хэлсэн юм. Халамжийг хавтгайруулж, завсраас нь татвар төлөгчдийн мөнгийг эздэд нь хүргэлгүй луйвардсан этгээд одоо шалгагдаж байгаа нь Батнасан даргын үг үнэн байсныг гэрчилнэ.
-Нээрээ л халамжийн байгууллага хүнийг халамж авахгүй болгох талаас нь ажилладаггүй шүү дээ.
-Өг гэсэн мөнгийг л тараадаг газар. Хөдөлмөрийн, халамжийн алба тусдаа байсныг 2004 оны үед нэгтгэсэн. Ингэснээр хүнээр хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг орхигдуулж, халамж олгоход л анхаардаг болсон. Үүнийгээ өөрчлөхгүй байна. Олон улсад бол халамжийн байгууллага нь нийгэм, хамт олонд түшиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Дандаа төрөөс мөнгө өгөөд байдаггүй гэсэн үг. Соёл, урлаг, шашны байгууллагаар дамжуулан хүнийг халамжилж болдог. Үндэсний хөрөнгөтнүүд, томоохон компаниудаар халамжийн үйлчилгээг хийлгэдэг.
-Монголчуудын нэлээд хэсэг нь “Аж ахуйн нэгж, байгууллагад ажил хийхийн оронд ТҮЦ нээх, таксинд явах зэргээр хувиараа ажилласан нь дээр” гэсэн бодолтой болчихсон. Ийм хүн олшроод ирэхээр нэг байгууллагад тогтвортой ажиллах хүн цөөрдөг. Тэр хэрээр шинэ хүн сургаж авах гээд цаг алддаг. Энэ хооронд тухайн байгууллагын бүтээмж буурч, тэр хэрээр ашиг орлого нь багасна. Ажил олгогчид ийм “зовлон” ярьдаг. Энэ нь үндэсний компаниудыг томроход тээг болдог нэг хүчин зүйл. Улс орныг хувиараа бизнес эрхлэгчид биш, үндэсний том компаниуд чирч явдаг биз дээ.
-Эдийн засгийн шинэ сонгодог онолч Дж.М.Кейнс “Хөдөлмөр эрхлэлт, хүү, мөнгөний ерөнхий онол” бүтээлдээ зах зээлийн эдийн засаг нь төрийн бодлого зохицуулалттай байх шаардлагатай гэсэн онолын үзэл баримтлал дэвшүүлсэн. Үүнийг өнөө цагт дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Цалингийн бодлого үүнд чухал. Монголд төрийн цалингийн бодлого хэрхэн тодорхойлогдож, ямар арга механизмаар зохицуулагдаж байна вэ гэхээр төрийн хууль, бодлого, шийдвэрийн баримт бичгээс ном, хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд дэлгээд тавьчих төгс утга санаатай хариулт төдийлөн алга. Өөрийн бодол өөртөө зөв гэж санахгүйгээр цалин хөлс, үнийн талаарх төрийн бодлого гэж юу вэ гэсэн тодорхойлолт гаргах гээд үзье л дээ. “Цалин, хөлс, үнийн төрийн бодлого нь эдийн засагт хөдөлмөр, нийгмийн зөвшилцөл, зохицуулалтын арга, механизмаар бүрэн хөдөлмөр эрхлэлт, үнийн тогтвортой түвшин хангах хамтын зорилго боловсруулж, хэрэгжүүлэх иргэний нийгмийн тэнцвэртэй төлөвшлийн үйл ажиллагааг эрхэмлэн явуулна”. Энэ тодорхойлолтоос асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замын хариулт гаргаж болно байх. Зарим эрдэмтэн, улстөрчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тогтоох нь төрийн цалингийн бодлого мөн гэж үздэг. Миний бодоход үүгээр төрийн цалингийн бодлого тодорхойлох онолын үндэслэлгүй. Харин төрийн цалингийн бодлого хэрэгжүүлэх чиг үүргийн нэг л механизм байж болох юм. Цалингийн доод хэмжээг хүлээн зөвшөөрдөггүй эрдэмтэд бий. Бас эсэргүүцэхгүй ч гэсэн санаа бодлоо шулуухан хэлэхгүй тээнэгэлзэх нэг хэсэг ч байгаа. Хөдөлмөрийн үнэлэмж тооцох арга зүйгээр бол цалингийн доод хэмжээ нь боловсрол, мэргэжил шаардагдахгүй “хар” ажлын хүмүүсийн хөдөлмөрийг доод зэрэглэлд үнэлэх жишиг. Өнөөгийн нөхцөлд 192.000 төгрөгөөр хөдөлмөрөө үнэлүүлсэн хүмүүс сэтгэл ханамжтай байх уу?. Цагаан захтан ч бай, хар ажилчин ч бай ийм мөнгөөр ам тосдож чадахгүй шүү дээ. А.Смитийн зааснаар “өгөөжгүй” хөдөлмөрийн орон зайгаас иргэдээ татаж авах цалингийн бодлого боловсруулах цаг болсон. Бид чинь оюун ухааныг дээдэлсэн, мэргэдийн өв уламжлалыг залгамжилсан төртэй, баян Монголын иргэд. Нинжин сэтгэлгүй ажил олгогч-өмчийн эздийн орлого 2014 онд дунджаар 20-45 хувь өссөн байхад чин эрмэлзэл, хичээл зүтгэлээр хөдөлмөрлөсөн ажилчдынхаа цалинг нэг төгрөгөөр ч нэмэх сэтгэл гаргаагүй байна. Дэлхийн дээвэрт тулгаж харъя. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан мэдээгээр хөдөлмөрийн агуулга улам бүр оюуны хүрээнд шилжиж байна. Сүүлийн гурван жилд ажлын I-II зэрэгт ажиллагсдаас III ба түүнээс дээш зэрэгт дэвшсэн ажилчдын тоо 13-20 хувиар өсчээ. Энэ байдал манайд ч ажиглагдаж байна. Томоохон дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, онгоцны буудал, үйлдвэрт ажилладаг бага албан тушаалын ажилчид тухайн салбар, нэгжийнхээ реинженерингийн мэргэжил, албан тушаалын зэрэглэлд дэвшин ажиллах боллоо. Манай сургуулийн судлаачдын баг эдгээр салбарт ажиллагсдын ажил, мэргэжлийн зэрэглэлийг шинэчилж, триф мэргэжлийн лавлах, хөдөлмөрийн үнэлэмжид ахисан түвшний үнэлгээ хийгдээгүйг судалгаагаар нотолсон.
-Хүнээ тогтвортой ажиллуулахын тулд цалингаа нэм гэж та хэлэх гээд байна уу?
-Цалингийн доод хэмжээг хөдөлмөрийн үнэлэмжийн суурь болгох нь цалингийн сангийн төлөвлөлт, тооцоонд нийт ажиллагсдын цалинг бууруулахад хүрнэ. Ингэснээр цалингийн доод хэмжээ нь эдийн засаг, нийгмийн үүргээ хэрэгжүүлж чадахгүй. Цалингийн доод хэмжээг улсын дундаж цалингийн 50 хувиас доогуур тогтоохыг хориглосон шүү дээ. Энэ дагуу бол 2014 оны статистикийн мэдээгээр цалингийн доод хэмжээ 412.000 төгрөгт хүрсэн байх ёстой. Гэтэл одоо цалингийн доод хэмжээ үүнээс 220.000 төгрөгөөр бага байна. Дэлхийн ихэнх улс орон цалингийн доод хэмжээг улирал тутам үнийн өсөлт, хүн амын худалдан авах чадварт нийцүүлэн, шинэчлэн тогтоож байна. Гэтэл Монголд эдийн засгийн өсөлтийн чагтан түгжээс нь цалин болчихлоо. Цалингийн доод хэмжээ нь хөдөлмөрийн урамшуулал, орлого хуваарилалтын үүрэг гүйцэтгэх ёстой атал гэмт хэрэгтнүүдэд хууль завших цоорхой нээж өгч байна. Улсын төсвөөс хэдэн зуун сая, тэрбумаар нь хөрөнгө завшсан этгээдүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өчүүхэн нэмэгдүүлсэн төлбөрөөр нүглээ хааж, ял завшиж байна. Онолын талаас нь авч үзвэл цалин бол нийгэмд хуваарилалтын шударга, ил тод байдлыг харуулах толь байх ёстой. Дэлхий нийтийн дундаж цалин 1480 ам.доллар. Монголд бол 415 ам.доллар байна гэсэн тооцоог Олон улсын хөдөлмөрийн байгууллага гаргажээ. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дэлхийн дунджаас 3.5 дахин бага гэсэн үг.
-Яагаад Монголд цалин бага байгаа юм бол?
-Үүний шалтгааныг хоёр үндэслэлээр авч үзэж болох юм. Нэгд, цалин бүрдүүлэх орлогын эх үүсвэр нь ”үлдэгдэл”- ийн буюу тогооны ёроолоос авсан “хусам”-ны дайтай байна. Ийм бага мөнгөөр ноогдлын хуваарилалт хийж байна. Олон улсын жишгээр бол орлогын хуваарилалтад цалинг эхний ээлжинд авч үздэг. Цалингаар нь монгол хүнтэй харьцвал нохойноос дорд үзэгдэнэ. Хоёрт, Монголд хөдөлмөрийн мөлжлөг К.Марксын тодорхойлсон ангийн тэмцлийн хуульд заасан шиг нийгмийг цочроож, дохио өгч байна.
Х.БОЛОРМАА