Засгийн газрын хүсэл зориг талаар болов. Уруудаж буй эдийн засгийг тэлэх хөгжлийн санх үүжилт татахаар Ч.Сайханбилэгийн танхим хичээсэн боловч УИХ-аас дэмжлэг авч чадсангүй. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газарт хамтарсан ч Ч.Сайханбилэгийн хөгжлийн санхүүжилт татах саналыг үл хэрэгслээ. Шийдлийн Засгийн газар тэрбум орчим төгр өгийн 20 жилээс дээш хугацаатай, хоёр хувийн хүүтэй түншлэлийн зээл авах санаатай байсан. Ингэхийн тулд төсвийг тодотгохын хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хязгаарласан өрийн таазыг өсгөх шаардлага тулгарсан юм. Мөн энэ саналаа УИХын гишүүдийн дөрөвний гурваар дэмжүүлэх хэрэгтэй байв. МАН-ын бүлгийн гишүүд уг саналыг огт дэмжээгүй юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “Засгийн газрын гадаад өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрүүлэхгүй” гэсэн заалт бий. Өнгөрсөн жил ам.долларын ханш өссөнөөр гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 58.3 хувьтай дүйх болсон.
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, өрийн таазыг 58.3 хувьд хүргэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Энэ бол хуульд нийцүүлэх төдий л шийдвэр байв. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гадаад өрийн таазыг 70 хувь болгож өсгөх төсөл өргөн барьсан. Энэ саналыг МАН-ын бүлгийн гишүүд “унагасан”. Засгийн газар өрийн таазыг 60 хувь болгох төсөл дахин өргөн барьсан. Мөн МАН-ын гишүүд дэмжээгүй. Эцэст нь сөрөг хүчний саналын дагуу өрийн хязгаарыг өнөөгийн хүрсэн түвшинд нийцүүлж баталсан нь энэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ерөнхийдөө МАН-ын байр суурийн давамгайлал дор өрнөлөө. МАН-ынхан Засгийн газарт хамтрах гэрээ байгуулахдаа гадаад өрийг нэмэхгүй гэсэн заалт тусгажээ. Тэд гэрээнийхээ энэхүү заалтыг баримтлаад гүрийчих нь тэр. Засгийн газрыг толгойлж буй АН өрийн таазыг нэмэх саналтай байсан юм бол юунд ийм заалт тусгахыг зөвшөөрсөн хэрэг вэ. Засгийн газарт одоо том сорилт тулгарах нь тодорхой.
Ч.Сайханбилэгийн танхим эдийн засгийн хүндрэлийг зогсоохын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дахин шүтэхээс өөр замгүй. Ерөнхий сайд Засгийн газрын ажил “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг байх болно” гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн. Одоо Засгийн газрын ажил гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөө байхаас өөр сонголтгүй. Тогтвортой байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Ж.Батзандан гишүүн “Шийдлийн Засгийн газар өмнөх Засгийн газрын адил гадаад өрийг тогтоосон хязгаараас давуулж хууль зөрчвөл сайд нарыг огцруулах санал тавих болно” гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл Ц.Нямдорж гишүүн “Таван сарын дараа өрийн таазыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70-80 хувьд хүргэе гэж санал оруулж ирэхгүй биз. МАН Засгийн газарт хамтрахдаа өрийн таазыг өсгөхгүй гэсэн заалт оруулсныг санаарай” гэж анхааруулсан юм. Өрийн тааз энэ онд 58.3 бол жил дараалан бууруулсаар 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай дүйлгэх аж. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар хязгаарласан. Үүнийг таван хувьд хүргэж өөрчилж байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дөрвөн хязгаарын хоёрыг ийнхүү өсгөв. Ингэснээр өргөн барьсан төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Түүнчлэн чуулганаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийг баталсан. Эдийн засаг 2016 онд 9.1, 2017 онд 10.8 хувиар өснө, инфляцын өсөлт долоон хувиас хэтрэхгүй гэж төсөөлжээ.
Т.ЭНХБАТ