Оросын аугаа эх орны дайны тухай, Ленинградын бүслэлт, Германы фашистуудын эзлэн түрэмгийллийн талаар анх киноноос үзээд нулимс унагаж байсан охин хожим тэрхүү галын шугамын ард тулалдаж явсан хоёр монгол цэргийн нэгэнтэй нь ярилцаад сууж байна гэхээр хүний хувь тавилан үнэхээр таахын аргагүй юм даа. Дагвын Дэнзэн гуай бол Монгол, Орост гарсан хоёр дайны арын фронтод хүчин зүтгэж явсан амьд гэрч. Өдгөө нас сүүдэр 95 хүрч буй түүнтэй хоёр цаг орчим ярилцахад киноноос ч илүү “амттай”, үнэн бодит түүхийн жимээр аялаад ирэх шиг болов. Цэцэрлэгмандал аймгийн Намнан уулын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат тэрбээр 19 насандаа сайн дураараа ардын армид татагдан иржээ. 1940 он гэдэг бол дэлхийн II дайны гал ид дүрэлзэж, Японы милитаристууд Манжуур, Хятад, Солонгосыг эзлэн авч, улмаар ар Монгол руу дорнод хилээр халдан довтолж, түр амсхийх зуур цэрэг, зэвсгийн хүчээ зузаатгаж байсан үе. Д.Дэнзэн гуай цэрэгт ирээд Армийн их бууны засварын үйлдвэрийн бага дарга, мастерын сургуульд хуваарилагдан, Н.Сынутин гэдэг орос мэргэжилтний удирдлагад армийн зэвсэглэлийн хамгийн нарийн мэргэжил буюу гэрэллэг багаж хэрэгсэл, дуран авайны бага мэргэжилтэн-засварчин болжээ.
-Та яагаад дайны жилүүдэд сайн дураараа цэрэгт татагдан ирсэн юм бэ. Бас яаж яваад дуран авианы мэргэжилтэн болов?
-Аав маань биднийг бага байхад өөд болсон учраас Намнан уулын хүрээнд шавилан сууж байсан би түүнийгээ орхиод, ээж, ах дүү нартайгаа хамт амьдралын төлөө зүтгэсэн. Гэхдээ ээж минь намайг ямар ч байсан мэдлэг боловсролтой хүн болгоно гэсээр Хөвсгөл аймгийн дунд сургууль төгсгөсөн дөө. Би уг нь Багшийн сургуулийн хуваарь авсан ч яагаад ч юм, цэрэгт явна гэж зүтгээд Булган аймгийнхаа цэргийн хэлтэст очиж шалгуулсан юм. Цэргийн комиссоор ортол “Чи эрүүл мэндээрээ тэнцэж байна. Гэхдээ намхан, жин багатай, бас нас чинь болоогүй учраас цэрэгт тэнцэхгүй” гэсэн. Тэгэхээр нь Булганд жолооч байсан ахдаа хэлж байгаад “арын хаалгаар” цэрэгт татагдсан хүн дээ (инээв). Тэр үед би гайгүй боловсролтойд тооцогдож байсан. Цэрэгт ирээд шалгалт өгөхөд чамгүй өндөр үнэлгээ авч, Армийн их бууны засварын үйлдвэрийн бага дарга, мастерын сургуульд орсон юм. Манайд дуран авайны нарийн багаж хэрэгсэл мэддэг, засдаг хүн байгаагүй учраас Халх голын байлдааны дараа энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагатайг ухаарсан байх. Бидний зургаан хүнийг Зөвлөлтийн мэргэжилтэн Н.Сынутин сонгон, цэргүүдийнхээс өөр байранд оруулж, зургаан сар хичээл заасан. Орос хэлээр хичээлээ заана. Хэлийг нь сайн ойлгохгүй ч, багаж хэрэгслийнхээ нэр томьёоноос эхлээд бүгдийг цээжлэх хэрэгтэй болсон доо. 1941 оны дөрөвдүгээр сард курсээ төгсөөд бид бүрхүүлтэй машинд шаардлагатай багаж хэрэгслээ ачаад, Баянтүмэн, Матад, Тамсагбулаг, Овоот, Сайншанд дахь цэргийн анги нэгтгэлүүдээр хээрийн засварт гарсан.
-Халх голын байлдааны дараахан тухайн бүс нутаг дахь цэргийн анги нэгтгэлүүдээр нүүдэллэн явж, багаж хэрэгслийг нь засдаг байжээ. Таныг Эх орны дайнд оролцож, олон сар хувцсаа солих завгүй Ленинградын хамгаалалтад гарсан гэдэг юм билээ. Тэр тухайгаа ярихгүй юу?
-Манайхан Хэнтийд засвараа хийгээд явж байтал Гончигийн Лутаа бид хоёрыг хот руу дуудлаа. 1941 оны тавдугаар сард шүү дээ. Тэгсэн Лутаа бид хоёрыг гэрэллэг багаж хэрэгсэл, дуран авайны засварын техникч болгохоор Лениний болон Улаан тугийн одонт Ленинград хотын их бууны техникийн сургуульд явуулахаар шийдсэн юм билээ. Хойно хэд хэдэн чиглэлээр нарийн мэргэжилтэн бэлтгэхээр явуулсны дотор дуран авиагаар бол бид хоёулхнаа байсан. Ачааны машинаар Улаан-Үд рүү хөдөлсөн манайхан Уралд очоод тус тусынхаа хуваарийн дагуу тал тал тийшээ салцгаасан. Москвагаар дайраад Ленинград руу очих ёстой Лутаа бид хоёрыг тосож авах, хэлмэрчлэх хүн байгаагүй учраас манайхан нэг орос хүнд биднийг захиад орхиж билээ. Урьд нь монгол хүн огт сурч байгаагүй сургуульд биднийг очиход захирал нь газрын зураг дээр Монгол Улс, Ази тив хаана байгааг асууж шалгалт авч байгаа юм. Биднийг дунд сургуульд газарзүйн хичээлийг их сайн заадаг байсан тулдаа захирал генералтайгаа нэг юм ойлголцсон доо. Тэгээд хэлмэрч иртэл зааж зөвлөж бай гээд Иван Павлович Шевлягин гэдэг ахлах ангийн оюутанд биднийг хариуцуулсан. Хэлмэрч ирэхээр хичээл эхэлнэ гээд хүлээж байтал зургадугаар сарын 22-нд Германы фашистууд гэрээнээсээ няцаж, ЗХУ руу гэнэт довтолсон юм. Тэгэхэд генерал “Улс даяар байлдааны бэлэн байдалд шилжсэн. Тиймээс сургуулиа хааж, бүгд хотоо хамгаална. Та хоёр ч мөн адил шүү” гээд бидний нэрийг өөрчилсөн. Дагвын Дэнзэн гэсэн нэрийг минь Давидов, Гончигийн Лутаа гэдэг найзыг минь Гончаров болгоод, орос цэргийн хувцас өмсүүлж, буу зэвсэг тавьж өгсөн.
-Тэгээд л орос дайчин болоод, Зөвлөлтийн цэргүүдийн дунд ороод тулалдаж эхэлсэн үү?
-Тэгсэн. Ленинград бол Оросын түүх, соёлын хамгийн ховор, нандин дурсгалын өлгий нутаг учраас түүнийг хамгаалах үүрэг хүлээсэн бид хотынхоо захад буу үүрээд гарцгаасан даа. Лутаа бид хоёрт генерал “Юу ч тохиолдсон байсан та хоёр энэ орос нэрээрээ л явна шүү. Эх орон руугаа буцталаа тийм байна” гэсэн. Өдөрт нь түүхийн дурсгалт зүйлсээ бөмбөгдөлтөөс хамгаалахын тулд бид элс чихэх, нүх ухах, хашаа барихаас эхлээд хөшөөнүүдийг бэхлэх ажил хийнэ. Шөнө нь хотоо хамгаална. Германчууд зургаан сарын дотор ЗХУ-ыг эзэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан учраас хүн хүч, зэвсэг техникээрээ 2-3 дахин илүү байлаа. Наймдугаар сарын 15 гэхэд Ленинградыг бүсэлж, гадна, дотроос юу ч оруулж, гаргахгүй болсон. Гурван сая хүнтэй том хот учраас зургаан сарын дараа гэхэд хүнс, цэвэр усны хомсдолд орсон. Тиймээс хүн бүр өдөрт 120 гр талхны нормтой болсон. Хамгийн гол нь далайн захад оршдог хот учраас усаа цэвэршүүлж уудаг байсан нь бүслэлтийн улмаас үгүй болоод ирэхээр хэцүүддэг юм билээ. 1942 оны арваннэгдүгээр сар гарахад хөгшид, хүүхдүүд өлсгөлөнгөөр нас барж эхэлсэн. Ийм байдалтай бид нэг жил хамгаалалтад гарсан.
-Тантай хамт байсан монгол анд тань дайсны суманд оногдож нас барсан гэл үү. Хаана, ямар тулааны үеэр тийм зүйл болсон юм бэ?
-1942 оны арваннэгдүгээр сар хүртэл бид Ленинградын хамгаалалтад байсан. Дараа нь бид их бууны ангийнхантайгаа хамт дайсны бүслэлтийг сэтэлж, Уралд ирцгээсэн. Яагаад гэвэл фашистууд тэр үед Москваг зүүн талаас нь эзэлж дийлэхгүй юм байна гээд тойрч очихоор шийдэн, Сталинград руу давшиж эхэлсэн байсан л даа. Волга мөрний эрэг хүрэхэд тавхан км үлдэж, үндсэндээ тэд хотыг бараг эзэлсэн дээ. Тиймээс Зөвлөлтийн арми ч бүх хүчээ Уралд төвлөрүүлж, арваннэгдүгээр сарын 20-нд Сталинградаа чөлөөлөхөөр гурван фронтоор давшихаар болсон. Тэр үед манай сургуулийн их бууны анги Донын фронтод очиж нийлээд, тулалдаанд орсон юм. Гитлерийн арми руу өглөө зургаан цагт 120 мянган их буугаар нэг зэрэг галласан, 2000 гаруй танктай давшсан тэр тулаан үнэхээр айхтар байсан. Бидний үүрэг бол давшиж байгаа армидаа зэвсэг, техник хүргэж өгөх, эвдэрсэн багаж хэрэгслийг нь засаж сэлбэх, шархадсан цэргүүдийг хээрийн эмнэлэгт зөөх үүрэгтэй. Давшилт эхэлчихсэн, өвлийн хүйтэнд бидэнд хоргодох орон байр гэж бараг байхгүй шүү дээ. Нэг удаа дайснууд манай ар тал руу их ширүүн бөмбөгдөх үеэр муу нөхөр маань цээжиндээ их хүнд шархадсан. Цэргийн хүний ёсоор нөхрөө эмнэлэгт хүргэж өгчихөөд, хэл ус ойлголцохгүй олон орос цэргийн дунд үүрэг даалгавраа биелүүлж явахад ганцаардаад их л хүнд байсан. Гэхдээ ус уух хувьтай байсан юм байлгүй, шарх ч олоогүй. Ингээд Зөвлөлтийн арми 1943 оны хоёрдугаар сарын 3-нд Сталинградыг чөлөөлсөн дөө. Үүний дараа намайг шархтай хүнээ аваад Мордовын Саранск гэдэг хот руу буц гэсэн. Тэндхийн нэг хээрийн агуулах сахиж байгаа дэд хурандаагийн мэдэлд биднийг шилжүүлсэн юм билээ. Дэд хурандаа бидний асуудлыг дээд удирдлага руугаа мэдэгдээд, Москвагаас хариу иртэл хүлээ гэсэн. Тэгтэл дөрвөн сарын дараа хариу ирж, биднийг Уралд байдаг Ижевск гэдэг хотод оч гэжээ. Ингээд Гончарав найзыгаа эмнэлгээс гаргаад, хоёул вагонд сууж, тэр хотыг нь сурагласаар очлоо. Тэгсэн харин тэнд манай сургуулийн хэсэг оюутнууд, генерал маань байв. Найзын маань бие их муудсан учраас амьд дээр нь түүнийг Монгол руу буцааж өгөөч гэж генералаас гуйлаа. Бас л Москвагаас хариу ирэхийг хүлээх болов. Байлдагч хүн генерал дээр дахин дахин ороод байж болохгүй учраас хааяахан боломж гарна. Гэтэл найз маань арваннэгдүгээр сарын сүүлчээр нас барсан даа. Ингээд нөхрөө нутаглуулсны дараа улам л сэтгэлээр унаж байгаа юм. Миний сэтгэлийг засах гээд сургуулийн удирдлагууд 20-иод хоног хичээлээс чөлөөлж, хоол унданд минь анхаарч билээ. Байлдагч нарт улаан лоольтой байцааны шөл өгдөг байсан бол нөхрөөс минь хойш хэсэг хугацаанд миний хоолонд мах хийдэг болсон.
-Тэгэхээр үндсэндээ хичээл тань хоёр, гурван жилийн дараа эхэлсэн юм байна шүү дээ.
-Тийм ээ. Гэтэл бас 1944 оны дөрөвдүгээр сард Зөвлөлтийн арми Ленинградаа бүслэлтээс чөлөөлсөн тул бүгд бөөн баяр хөөр болцгоож, зургадугаар сард нь бид Ижевск дэх сургуулиа хаагаад, хуучин хот руугаа нүүсэн. Эрмитажаас бусад бүх байшин барилга, театрууд нурах нь нурж, гудамж талбай, цахилгаан холбоо, сантехникийн ажлууд гээд засаж янзлах зүйл өчнөөн. Тиймээс бид 08.00-22.00 цаг хүртэл Ленинград хотыг сэргээн босгох ажилд дайчлагдаад, 02.00 цаг хүртэл хичээлээ хийдэг байсан. Ингээд 1944 оны арванхоёрдугаар сард сургуулиа дүүргээд, эх орондоо амьд мэнд ирэх болсондоо жигтэйхэн их баярлаж билээ. Гэтэл бас хөгтэй. Улаан-Үдэд иртэл Монголд зуд болсон гээд манай руу унаа машин явахгүй байсан. Тэгээд 1945 оны нэгдүгээр сарын дундуур нэг генералын жолооч очихоор нь гуйсаар байгаад сууж ирсэн дээ. Алтанбулагийн боомтоор орж ирэхэд өөрийн эрхгүй хоёр нүдний минь нулимс гарч билээ.
-Тэр хугацаанд Монгол руугаа, гэр орныхонтойгоо холбоо барих арга байгаагүй биз. Ирээд нутаг руугаа явсан уу?
-Дайны үед наашаа холбоо барих ямар ч арга байхгүй л дээ. Нутаг ус, хөөрхий муу ижий, ар гэрийнхэн минь яаж байгаа бол гэж их бодогддогсон. Ирсэн хойноо бас шууд явчихаж болохгүй шүү дээ. Цэргийн хүн учраас тушаал хүлээгээд л байж байна. Гэтэл нэг өдөр Арслантай гүүрний энд ахтайгаа таарахад, “Чи амьд байсан юм уу” гээд бөөн баяр болж, хоёул тэврэлдэн уулзаж билээ. Хөөрхий ээжийгээ өөд болсныг ахаас л дуулсан даа. Ингээд их бууны үйлдвэртээ тушаалаар буцаж ороод, дуран цехийн анги байгуулж, даргаар нь ажилласан. Цехээ байгуулж, цэргийн ангиудын их буу, дуран авайны багаж хэрэгслийг засах мастеруудыг бэлтгэж эхэлсэн. Өвөө нь Ардын армид 42 жил ажилласан. Сүүлд сонсох нь ээ, Ж.Лхагвасүрэн жанжин “Энэ хүнийг армиас халж болохгүй шүү” гэдэг тушаал өгсөн юм билээ. Би хувь заяаны төөргөөр Ж.Лхагвасүрэн жанжинтай хоёр удаа уулзсан юм. Лутаа бид хоёрт тусалж байсан Иван Павлович Шевлягин маань хамгийн түрүүнд Эх орны дайнд явах болж, бид салах ёс хийлээ. Түүнд дурсгах юм олдохгүй болохоор нь хоёул үнэмлэхнийхээ зургийг дурсгасан юм. Гэтэл бүр хожим 1961 онд Ж.Лхагвасүрэн жанжин намайг Хужирбулангаас дуудууллаа. Жигтэйхэн айгаад очтол харин жанжин “Дэнзэн гуай, та чинь Эх орны дайны үед ЗХУ-д сурч байсан юм байна шүү дээ” гээд Шевлягины захиаг үзүүлдэг юм байна. Мань хүн Лутаа бид хоёрыг амьд мэнд эсэхийг сураглаад жанжинд захидал бичсэн юм билээ. Захиандаа 20 гаруй жилийн өмнөх нөгөө хоёр зургийг минь наачихсан байсныг үзээд нулимс унагахад Ж.Лхагвасүрэн жанжин “Цэргийн хүн уйлдаггүй юм” гээд толгой илж байсан нь одоо ч тодхон санагдана. Сүүлд нь 1967 онд хойно сонсогчоор очихдоо Шевлягинтайгаа уулзсан шүү.
-Таныг 1945 оны Чөлөөлөх дайнд дайсны найман онгоц устгаж байсан гэдэг үнэн үү?
-Дуран цехийн даргаар ажиллаад удаагүй байтал 1945 оны наймдугаар сард манайх Японтой дайн зарласан. Монгол, Оросын хамтарсан агаарын их буу (Зенит)-ны хорооны бүрэлдэхүүнд би багтаж, дөрвөн метрийн урттай, холыг хэмжигч дальномерийн оператороор томилогдсон юм. Чөлөөлөх дайнд 76.2 мм-ийн голчтой 12 их буутай зенитийн дивизьон тулалдсан. Дальномер буюу холыг хэмжигчийн гол үүрэг бол дайсны онгоцнуудыг хамгийн түрүүнд илрүүлэн, хэдэн км-ийн зайд, ямар өндөрт байгааг маш хурдан хэмжээд, салхины чиглэл, хурд зэргийг нь тооцоолон мэдээ дамжуулдаг. Миний дамжуулсан мэдээллээр цэргүүд их буугаа чиглүүлэн галладаг юм. Ямар ч байсан тэр үед манай хорооныхон дайсны 10 онгоц илрүүлж, наймыг нь сөнөөсөн. Гэхдээ энэ тухай Монголын архивт байдаггүй юм шиг байна лээ. Оросын зенитийн хорооныхон бүх мэдээлэл, хувийн хэргээ аваад явсан юм уу, эсвэл манайхан архиваа шинэчилсэн юм болов уу гэж боддог. Одоо энэ тухай мэдэх, ярих хүн ч үгүй болж дээ.
-Дайны дараа олзны техник, хэрэгсэл авчрах Монголын талын төлөөлөгчөөр таныг ажилласан гэдэг юм билээ.
-Дайн дуусаад, бид анги анги руугаа явах гэж байтал намайг Ж.Лхагвасүрэн жанжин, бүлгийн командлагч генерал Плиев нар дуудсан. Тэгсэн чинь Японоос олзолсон өдий төдий артиллерийн зэвсэг, техник, галт хэрэгслийг тоо ёсоор нь хүлээж аваад, аюулгүй Монголд авчрах үүрэг надад өгсөн. 20-иод хүнтэй комисс ахалж, Хаалган, Долнуурт бөөгнүүлсэн зэр зэвсгийг Манжуурын төмөр замаар тээвэрлэн, ЗХУ-ын Наушка өртөөнд буулган, тэндээсээ автомашинаар зөөж Монголын Цагаан эрэгт авчрах ажлыг бид бүтэн зургаан сар гүйцэтгэсэн юм.
Л.ГАНЧИМЭГ