Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өчигдөр “Баатрууд тэнгэр”, “Мах импекс”, “Мах экспорт”, “Эй Эн Ди Эм”, “Мон тува”, “Бумномин”, “Соотон”, “ЭДГС” компанид мах экспортлох квот олголоо. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2015 онд 64.4 мянган тонн мах экспортлох, 2000 тонн мах импортлох зөвшөөрөл өгсөн юм. Үүний дагуу салбарын яам мах экспортлох компаниудын дунд шалгаруулалт явуулжээ. Нийт 36 компанийн материалыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хүлээн авч дууссан аж. Гэвч шалгаруулалтыг дүгнэлгүй сар гаруй болсон юм. Эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрт малаа нядлуулсан байх, махаа зориулалтын тоног төхөөрөмжтэй агуулахад хадгалахыг тендерийн гол шалгуурт заажээ. Харин компаниудын дийлэнх нь шаардлагыг хангаагүй аж. Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Нандинжаргал “Мах экспортлох ямар ч туршлагагүй компани, хувь хүн ч материал бүрдүүлж өгсөн байх жишээтэй. Материал нь үнэн зөв эсэхийг шалгахад их хугацаа зарцуулсан” гэв. Найман компани нийт 4051 тонн мах экспортлох квот авчээ. Үүнээс 1676 нь үхэр, 2275 нь адуу, 100 тонн нь ямааны мах байх аж. Салбарын яамныхан квот олгосон махаа оны эхний хагаст экспортолно, харин намар дахин шалгаруулалт зохион байгуулна гэсэн мэдээлэл өгч байна.
Манай улс гадаад руу жилд хамгийн дээд тал нь 26 мянган тонн мах экспортолж байжээ. Тус салбарын мэргэжилтнүүд “Манайх жилд 64 мянган тонн мах экспортолж чадахгүй. Тийм боломж бүрдээгүй. Угаасаа Монголын мал махны чиглэлийнх биш” гэж ярьж байлаа. Тэдний үг ортой байжээ. Энэ оны эхний хагаст манай улс Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвшөөрсөн хэмжээний зургаан хувьтай дүйх мах экспортлохоор болж байна. Нэг кг махыг хэдэн ам.доллараар экспортолдгоо үйлдвэрүүд нууцалдаг. Дунджаар таван ам.доллараар экспортолдог гэж тооцъё. Тэгвэл манай эдийн засагт махны экспортоос 20 сая ам.долларын орлого орж ирэх нь. Ойролцоогоор 380 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ бол манай том банкуудын цэвэр ашгийн тэн хагастай дүйх мөнгө. Чамлахаар чанга атгасан нь дээр. Юутай ч их хэмжээгээр мах экспортлох санаачилга гараанаас ийнхүү хөдөлж байна. Аж ахуйн нэгжүүд намар дахиад мах экспортолно. Энэ удаагийн тендерт шалгарч квот авч чадаагүй компаниуд дахиад материалаа нягтлан цэгцэлж, ирэх намар өрсөлдөөнд сойх нь ойлгомжтой. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл 64.4 мянган тонн мах экспортлох боломжтойг тогтоосон нь малын тоо толгой өсөхийн хэрээр экспортлох нөхцөл бүрдэж буйг тооцоолсон хэрэг. Манай улсын экспортын чухал бүтээгдэхүүн нь мах байх боломжтой. Ингэхийн тулд малаа эрүүлжүүлэх, мах бэлтгэлийн үйлдвэрээ сайжруулах, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлэхийг мэргэжилтнүүд сануулдаг. Манай улс шүлхийтэй гэсэн хар тамгатай. Ялангуяа нутгийн зүүн бүсээс мах экспортлох боломжгүй. Тэнд үе үе шүлхий дэгдэж, Дэлхийн мал эмнэлгийн байгууллагын анхаарлын төвд аль хэдийнэ орсон.
Төвийн болон баруун нутгаа шүлхийгүй бүс хэмээн зарлуулахаар хөөцөлдөж байтал Баян-Өлгий аймгийн Сагсай суманд шүлхий гарч, энэ ажлыг саатуулсан. Баруун бүсээ шүлхийгүй бүсээр зарлуулахаар бичиг сачигаа дахин өргөн мэдүүлээд буй гэнэ. Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах “Техникийн уулзалт байнга хийвэл манайх шүлхийг үй бүсээр зарлуулах боломжтой. Энэ сард техникийн уулзалт хийхээр төлөвлөж байгаа” гэсэн юм. Баруун бүсээ шүлхийгүй гээд зарлуулчихвал бэлчээрийн малын мах экспортлоход дөхөм болно. ОХУ, Казахстан, Беларусь буюу Гаалийн холбооны улсын хорио цээрийн албаны мэргэжилтнүүд манай 12 үйлдвэртэй танилцаад буцсан. Ингээд найман үйлдвэрт тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйл ажиллагаагаа сайжруулах даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулсны дараа Гаалийн холбооны улс руу мах экспортлох эрхтэй болох юм. Манай улс мал нядлах нийт 30 гаруй үйлдвэртэй. Эдгээрээс цөөн нь дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж, үйл ажиллагаатай. “Үйлдвэрийн аргаар нядалсан мах экспортлох учраас үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Улмаар ашиг орлого өсөж, техник технологио шинэчлэх боломж бүрдэнэ” гэж мал аж ахуйн салбарын бодлого тодорхойлогчид ярьж байгаа. Гэхдээ үйлдвэрүүдийн шинэчлэлийг төр засгийн бодлогоор дэмжих нь зүйтэй болов уу. Эрчимжсэн мал аж ахуй бол махны экспортын ирээдүй байх нь дамжиггүй. Монгол мал байгаль цаг уурын нөхцөлдөө тохирсон давжаа биетэй. Бэлчээрлэн явж хоол тэжээл иддэг учраас булчинлаг хатуу махтай. Тиймээс махны чиглэлийн мал огт биш гэдэг. Оросууд Монголоос үхэр, адууны мах авахыг илүүд үздэг. Тэгвэл манайх гурван сая адуу, 3.4 сая үхэртэй. Нэг үхрээс 200 кг мах гарна гэж тооцвол 64 мянган тонныг нийлүүлэхийн тулд 320 мянган үхрээ нядлах шаардлага тулгарна. Хойд хөршдөө үхрийн мах нийлүүлж, валют олъё гэж бодож байвал махны чиглэлийн үхрийн ферм олныг байгуулах нь оновчтой бодлого юм. Махны гарц өндөр үхэр үржүүлж байж л экспортоо нэмэгдүүлж чадах нь дамжиггүй. Манайх таван сая ямаа худалдах боломжтой ч авах зах зээл даанч алга. Яах вэ, энэ удаад ямааны 100 тонн мах борлуулах квот авсныг онцлууштай.
Т.ЭНХБАТ