АЛТТАЙ, БУЛШТАЙ НОЁН УУЛЫН ТҮҮХ ИНГЭЖ ЭХЛЭВ
Ази, Европыг холбосон анхны төрт улс болох Хүннү гүрний булш, түүхэн дурсгалт эд өлгийн зүйл, алтны агууламж өндөртэй хүдрийн орд Ноён ууланд бий. Энэ уул нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумыг дамнан оршдог. 1912 онд манай улсад алтны уурхай ажиллуулж байсан “Монголор” нийгэмлэгийн техникч А.Баллод гэгч буриад эр Ноён ууланд эртний булш буйг анх олж харжээ. Тэрээр алт хайж яваад Зурамтын амны эхний том нүхийг ухаж үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу ОХУ-ын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учраас чадаагүй аж. Үүнээс хойш 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний багийнхан Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. Харин Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран, 2005 оноос “Ноён уулын булшны археологийн судалгаа” эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний хүрээнд язгууртны дөрвөн булшийг малтан судалсан аж. Энэ нь Хүннү гүрний соёл, аж ахуй, урлаг, оюун санааны бүтээл, зан үйл, ёс заншил зэргийг нэхэн тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулахуйц олон гайхамшигт олдворууд байжээ.
Эдгээрээс Грек, Ромын хийц маягаар урласан хөөмөл мөнгөн чимэглэл, Өмнөд Азиас гаралтай хивс зэрэг нь анх удаа шинжлэх ухаанд тогтоогдсон, дахин давтагдашгүй, дэлхийд сонгодог олдвор болжээ. Энэ нь зөвхөн Монголоос олдсон ховор олдворууд. Тиймээс эдгээр олдворыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийн жагсаалтад бүртгэсэн билээ. 2012 онд Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам, Батсүмбэр сумын нутагт байрлах Зурамт, Хужиртын ам буюу нийт 129.6 га газрыг улсын тусгай хамгаалалтад авч, хилийн бүс тогтоожээ. Гэвч энэ нь Ноён уулын урд талын үзүүр хэсэг буюу багахан газар нутгийг эзэлж байгаа юм. Ингэж улсын тусгай хамгаалалтад авсан хэсгийг Ноён уул 2, харин Гацууртын орд байрлах газрыг Ноён уул 1 гэж нэг уулыг хоёр хуваасан байх юм. Түүх археологийн малтлага судалгаа нь нэг өдөр, нэг сар, нэг жилийн ажил биш. Тиймээс судлаач, эрдэмтэд Ноён уулын өөр аманд түүх дурсгалын эд зүйл байгаа эсэхийг судлахад олон жил, их хэмжээний хөрөнгө шаардлагатай учраас яг одоо хаана юу байгааг хэлэх боломжгүй. Гэтэл Ноён ууланд алт олборлохоор “Сентерра гоулд Монголия” ХХК 2300 га талбайд тусгай зөвшөөрөл авчээ. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн болон нутгийн иргэд уул уурхайн олборлолт хийхийг эсэргүүцэж, Ноён уулаа төрийн тусгай хамгаалалтад авахыг зорьж буй. Харин “Сентерра гоулд Монголия” ХХК-ийнхан арван жилийн хугацаанд 42 тонн алт, 3.7 тонн мөнгө үйлдвэрлэнэ гэсэн тооцоо судалгаа, төлөвлөгөөгөө хэдийнэ боловсруулчихсан сууна. Үүнээс гадна 2011 оноос “Гүнбилэг трейд” ХХК Ноён уулын Сүжигтийн аманд алт олборлож эхэлсэн байна. Тус компанийн эзэмшлийн лицензийн талбай ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр бэлтгэж буй Хүннүгийн язгууртны 100 гаруй булш байрлах Сүжигтийн амыг тэр чигээр нь хамарч байгаа аж. Тиймээс Археологийн хүрээлэнгийн доктор Н.Эрдэнэ-Очир тэргүүтэй судлаачид Сүжигтийн амыг “Гүнбилэг трейд” ХХК-ийн лицензтэй талбайгаас хасуулж өгөх хүсэлтээ Төв аймгийн Засаг дарга болон тухайн үеийн БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил нарт гаргажээ. Одоогоор тухайн компани Сүжигтийн амыг лицензээсээ хасуулсан эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байгаа аж. Ноён уулыг тойрсон асуудлаар дараах хүмүүсээс зарим зүйлийг тодрууллаа.
ЭРТНИЙ ХОВОР ДУРСГАЛУУД АЛТНААС ХЭД ДАХИН ҮНЭТЭЙ
Д.Цэвээндорж (ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор):
-Ноён ууланд “Сентерра Гоулд Монголия” ХХК алт олборлох гэж байна. Хэрэв олборлолт эхэлбэл Хүннүгийн булш, түүхэн дурсгалт зүйл хөндөгдөх аюултай юу. Археологич хүний хувьд та юу хэлэх вэ?
-Ноён уул бол дэлхийн археологийн судалгааны гол цөм болж байна. Монгол Улсад 2200 жилийн түүхтэй эртний төрт улс Хүннү гүрэн үүссэнийг батлах чухал, ховор олдворуудыг эхнээс нь энэ уулнаас малтан гаргаж, судлан хадгалж байгаа. Н.Эрдэнэ-Очир тэргүүтэй манай судлаачид багагүй хугацаанд хөөцөлдсөний эцэст Ноён уулын Хужирт, Зурамт, Сүжигтийн амыг улсын тусгай хамгаалалтад авч чадсан. Эдгээр газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Гэхдээ үүгээр зогсохгүй Ноён уулын өөр аманд ч түүхийн дурсгалт зүйл байхыг үгүйсгэхгүй. Бид хоёр аймаг дамжин орших Ноён уулыг хэдэн зуун жилээр судлаад барахгүй шүү дээ. Жилд 1-2 булш судалж, түүнийгээ ном сэтгүүл болгон хэвлүүлж, бага багаар судална. Дэлхийн жишиг ийм болсон. Бүгдийг нь нэг дор дэлгэж тавиад дүгнэлт хийдэг цаг ард үлдсэн. Тиймээс уул уурхайн компаниуд олборлолт явуулж байхад Хүннүгийн язгууртны булш, бунхан, эд өлгийн зүйлс гарч ирэхийг одоо хэлэх боломжгүй юм. Зөвхөн Сүжигтийн аманд гэхэд л 100 гаруй булш бий. Малтлага хийгээд ирэхээр дагуул булш илэрдэг. Ойролцоогоор 800 орчим булш бий гэсэн тооцоо байна.
-“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн болон нутгийн иргэд Ноён уулыг дархан цаазтай болгож, Улсын тусгай хамгаалалтад авахыг хүсэж, уриалж байгаа. Үүнийг дэмжиж байна уу?
-Энэ асуудлыг Засгийн газрын хэмжээнд ярьж байна. Ноён уулаа дархан цаазтай болгох гэж тэмцэж буйг би дэмжиж байгаа.
-Ноён уулыг тэр чигтээ хаад язгууртныг онголсон газар гэж ярьж байна. Энэ хэр бодитой бол?
-Эртний хаад язгууртан, ноёдын булш байгаа учраас Ноён уул гэж нэрлэсэн болов уу гэж боддог. Манай улс өргөн уудам газар нутагтай шүү дээ. Яагаад ганц уулыг ухуулж төнхүүлэхгүй бүрэн бүтнээр нь дархлаад үлдээж болохгүй гэж. Хүн толгойтой бүхэн газар ухаж, хамаг байдгаа харийнханд алдаж дууслаа. Эдийн засгийн хүнд үед улс оронд мөнгө хэрэгтэй л байх. Гэхдээ эртний ховор дурсгалууд алтнаас хэд дахин үнэтэй шүү дээ. Авах юмаа авч, өгөх юмаа өгөх ухаалаг бодлого хэрэгтэй болов уу.
-Хүннүгийн булшийг ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байгаа гэсэн. Энэ ажил юу болж байна вэ?
-Манай улс Увс нуурын байгалийн ай сав газар, Монгол Алтайн хадны зураг, Орхоны хөндийн соёлын дурсгалт газраа ЮНЕСКОгийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Одоо Хан Хэнтий болоод ойролцоох газар, Хүннүгийн язгууртны булшийг бүртгүүлэхээр санал оруулаад байна. Энэхүү дурсгал нь Дэлхийн өвд бүртгэх II, III, VI шалгуур, үндэслэлийг бүрэн хангасан.
ХАЙГУУЛ СУДАЛГАА ХИЙГЭЭД ЛИЦЕНЗТЭЙ ТАЛБАЙД ОЛДВОР БАЙХГҮЙ ГЭЖ ҮЗСЭН
Р.Эрдэнэчимэг (“Сентерра гоулд Монголия” ХХК-ийн Газрын асуудал эрхэлсэн менежер)
-Сүжигтийн ам нь “Сентерра Гоулд Монголия” ХХК-ийн Гацууртын ордын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хэр зайтай вэ. Танай компани хайгуул хийхдээ эхлээд Түүх, Археологийн хүрээлэнгийн судлаачдаар урьдчилсан хайгуул хийлгэсэн үү?
-Газрын зураг дээр шулуун шугам татан хэмжиж үзэхэд 5.8 км зайтай. Гацууртын ордны тусгай зөвшөөрөлтай талбайд 2000 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны баг ажиллан, Хүннүгийн булшнуудын байршлыг нарийвчлал бүхий газрын зурагт тэмдэглэж өгсөн. Мөн 2005 онд МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимээс Гацууртын ам болон Бороогоос Гацуурт, Түнхэлээс Гацуурт хүртэлх замын дагуух талбайд судалгаа хийсэн. Дараа нь шинжлэх ухааны профессор, доктор Д.Түмэн, археологич, докторант Д.Хатанбаатар нар газар дээр нь очиж, эртний булшнуудын байршлыг хянаж, тодорхойлсон. Эрдэмтэд судалгаа хийгээд олдвор байхгүйг тогтоосон.
-Ноён уулын аль ч хэсэгт түүхийн дурсгалт зүйл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хосг үй үнэт олдвор болон байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр ажиллана гэсэн ямар баталгаа байгаа юм бэ?
-Мэдээж газар доорх бүх зүйлийг алган дээрээ харж байгаа юм шиг хэлэх боломжгүй. Хэрвээ олборлолтын явцад ямар нэг зүйл илэрбэл хууль болоод компанийн дотоод журмын дагуу холбогдох газруудад мэдэгдэн асуудлыг шийднэ. Энэ талбайгаас зөвхөн алт бүхий хүдэр авах юм. Хүдрийг 50 гаруй км-т тээвэрлэн, Бороогийн уурхайн баяжуулах үйлдвэрт боловсруулна. Өөрөөр хэлбэл, лицензтэй талбайн 63 га-д олборлолт хийнэ гэсэн үг. Энэ нь нийт талбайн 0.3 хувийг л эзэлж байгаа.
-Тэсэлгээ хийхээр Хүннүгийн булш хөндөгдөх аюултай юм биш үү?
-Уурхайн тэсэлгээг маш бага хэмжээгээр хийнэ. Нэг удаа их хэмжээгээр тэслэх юм шиг буруу ойлголт нийгэмд байна. Тэсэлгээ хийх журмын дагуу ямар хэмжээгээр яаж тэслэхээ хянуулан батлуулдаг.
-Танай компани Ноён ууланд 2300 га газарт дөрвөн лиценз эзэмшдэг. Гацууртын ордоос алт олборлоход зөвхөн 303 га газар хөндөнө гэж байгаа. Тэгэхээр үлдсэн газарт нь олборлолт хийхгүй гэсэн үг үү ?
-Үлдсэн хэсэгт нь алт илрээгүй учраас олборлолт хийхгүй.
ХҮННҮГИЙН БУЛШ ХӨНДӨГДӨЖ ЭВДРЭХГҮЙ
Г.Ухнаа (ШУТИС-ийн зөвлөх профессор):
-Ноён уул цэвдэгтэй учраас тэсэлгээ хийвэл бүх юм эвдэгдэх аюултай гэж ярьж байна. Мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?
-Цэвдэг хөрсөнд л байдаг. Уул уурхайн олборлолтод тэсэлгээний олон төрлийн арга ашигладаг. Тэсэлгээ хийгээд 800 метрийн зайд очиход тэсэлсэн газрын чулуу нь хүрч ирдэггүй. Тэгэхээр зургаан км орчим зайтай байгаа Сүжигтийн амны Хүннүгийн булш Гацууртын ордод тэсэлгээ хийхэд хөндөгдөж эвдрэхгүй.
-Ноён уулын алтыг олборлох тухайд та ямар бодолтой байгаа вэ?
-Олборлох ёстой гэж бодож байна. Энэ бол алтны агууламж өндөртэй маш сайхан орд газар.
Ч.БОЛОРТУЯА