Ноён уулаа “ноёлох”-д Хүннүгийн булш хөндөгдөх үү. “Сентерра гоулд” компанийн эзэмшиж буй Гацууртын алтны ордыг стратегийн болгох, эсэхийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор хөндөгдсөн эл асуултад хамгийн бодитой хариулт үгүйлэгдэж байна. Төрийн эрх барих байгууллагын түвшинд уг асуудлыг хэлэлцэж буй гишүүд нь хүртэл тэнгэр, газар шиг зөрүүтэй зүйл ярьж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн. Тиймээс өчигдөр ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс тус орд буй Ноён уулын булш, дурсгалуудын талаар хийсэн хэвлэлийн бага хуралд анхаарал хандууллаа. Монгол, Оросын нутаг дэвсгэрт Хүннүгийн үеийн язгууртны булш бүхий нийт 12 дурсгалт газар байдгаас найм нь манайд бий аж. Өөрөөр хэлбэл, энэ үед хамаарах нийт 1800 орчим дурсгалын 1500 гаруй буюу 90 орчим хувь нь Монголд байдаг. Тэдгээрээс хамгийн анх судлагдаж, дэлхийд танигдсан нь Ноён уулын дурсгал юм. Ноён уулаас гадна Монголын нутаг дэвсгэрт буй Хүннүгийн үеийн нийт таван дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлэхээр бэлтгэж буй. ШУА-ын нийгмийн салбар хариуцсан дэд ерөнхийлөгч, археологийн секторын эрхлэгч, зөвхөн Хүннүгийн үеийн дурсгалыг дагнан судалдаг эрдэмтэн тэргүүтэй судлаачид “Гацууртын ордын ашиглалтын талбайд дурсгал илрээгүй” гэсэн юм. Мөн олборлолт явуулж эхэлсэн тохиолдолд ховор, нандин булш, дурсгалуудад сөрөг нөлөө үзүүлэх, эсэхийг тодруулахад “Бид тухайн газарт дурсгал байна уу, үгүй юү гэдгийг л судалдаг.
Уурхайн үйл ажиллагаа дурсгалуудад нөлөөлөх, эсэхийг цэвдэг судлаач болон газар зүйн мэргэжилтнүүд тогтоодог” гэлээ. Ийнхүү ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн Цэвдэг судлалын секторыг зорьсон ч цэвдэг судлаачид маань багаараа судалгааны ажлаар өмнөд хөрш рүү оджээ. Тиймээс цэвдэг судлаач Н.Шархүүтэй уулзлаа. Тэрбээр Монголын хуруу дарам цөөн цэвдэг судлаачийн нэг бөгөөд гавьяаныхаа амралтыг эдэлж буй гэнэ. Ноён уулын бүс нутгийн цэвдгийн талаарх тоо баримт бүхий тодорхой судалгаа түүнд байгаагүй ч Гацууртын орд, ойр орчмыг нь дүрсэлсэн газрын зургаар баримжаа болгон мэргэжлийн хүний хувьд ерөнхий мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн юм. Хоёр аймгийн гурван сумын нийт 650 ам км талбайг эзлэн оршдог Ноён уул 20 гаруй амтай. Хүннүгийн үеийн дурсгалуудаас хамгийн үнэ цэнэтэйд тооцож буй 230 орчим язгууртны булш тус уулын өвөр талд буюу Сүжигт, Хужирт, Зурамтын амнуудад илэрсэн. Эдгээр нь “Сентерра гоулд” компанийн олборлолт хийх талбайгаас 5.8 км зайтай. Олборлолтын талбай дээр дурдсан гурван амны дунд бас оргил бий. Цэвдэг судлаач Н.Шархүү “Мэдээж тухайн газар цэвдэгтэй, цэвдэггүйгээс үл хамааран олборлолтын үйл ажиллагаа явуулахад наад зах нь ургамлын болон цасан бүрхэвчид нөлөөлж, хөрсний дулаан, чийгийн горим өөрчлөгдөнө. Тухайн орд газар болон дурсгалуудын хоорондох зай, газар зүйн нөхцөлийг нь харахад олборлолтын үйл ажиллагаа цэвдэгт нөлөөлөхгүй. Тэр тусмаа уулаар тусгаарлагдсан ийм байршилд, бас 300 орчим га газрыг хамарч олборлолт явуулбал нөлөөлөхгүй болов уу. Мөнх цэвдгийн дээд үе нь улирлын чанартай хөлдөж, гэсдэг. Мөнх цэвдгийн гүн нь 20 метр байлаа гэхэд зуны улирал буюу тавдугаар сарын эхээс аравдугаар сарын сүүлч хүртэл гэссээр байдаг. Энэ хугацаанд хөрсний шинж чанараас хамааран хамгийн ихдээ 1-6 метр хүртэл гэсдэг. Гэхдээ дан ганц цэвдэг судлалын үүднээс тайлбарлах нь өрөөсгөл. Геологи инженер, гидрогеологийн үүднээс хамтатган цогц байдлаар тайлбарлах ёстой. Мөн илүү нарийн судалгаа, тоо баримтыг Цэвдэг судлалын секторынхноос тодруулаарай” гэсэн юм.
Б.НОМИН