Монгол дайчин нэрээр алдраа дуурсгасан гавьяат тамирчин, мэргэжлийн боксын WBC, WBU, WBF холбооны аварга Ч.Цэвээнпүрэвтэй ярилцлаа.
-Таныг кинонд тоглоно гэж дууллаа.
-Ноднин киноны дүрийн шалгаруулалтад орох санал ирсний дагуу шалгуулж, тэнцсэн. Вьетнам продюсертэй, ази жүжигчид тоглох болохоор Европын зах зээлд гарах, үгүйг нь мэдэхгүй байна. Киноныхоо зургийг ирэх хавар авна гэсэн. Огт компьютер график ашиглалг үй, үзэгчдэд бодит тулаан үзүүлэхээрээ онцлог. Орлон тоглогч гэж байхгүй, дэлхийн кикбокс, бодибилдинг, таэквондогийн олон удаагийн аваргууд, Шаолины их мастерууд дүр бүтээнэ. Би Хонконгийн нэгэн бүлэглэлийн гишүүн, харгис монгол хочтой Рой гэгч зодоончийн дүрд тоглох юм. Хэрвээ кинонд амжилттай тоглож, болмоор санагдвал цаашдаа нөөц бололцоогоо ашиглан энэ чиглэлээр карьер хөөх бодол байна.
-Тэгвэл та өөр тулааны урлагаар хичээллэж байгаа юу?
-Лондонд байдаг Шаолины сүмийн хоёр багштай найз болсон. Тэдэнд бас боксын техник үүдээс заасан. Зөвхөн боксоор карьерээ дуусгалгүй, сурч мэдэж, хийхээр төлөвлөсөн зүйл их бий.
-Та Англид олон жил амьдарсан. Одоо Монголдоо суурьших уу, буцах уу?
-Бүрмөсөн ирсэн. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Эв найрамдлын хүч” нэртэй төрийн бус байгууллага эхнэртэйгээ хамтран байгуулсан. Дорнын тулааны урлагийн гүн ухаан гайхамшигтай. Хүн дотроосоо өөрийгөө эрүүлжүүлж болох дасгалууд ч багтдаг. Манай нийслэлийнхний олонх нь утаанаас болж амьсгалын замын өвчин тусаж байна. Тиймээс зөв амьсгалж сурвал утаа, тортгоос биеэ бага ч болох нь ээ хамгаалж чадах болов уу гэсэн үүднээс иог, амьсгалын дасгал заадаг.
-Та боксын сургууль байгуулна гэсэн үү?
-Газар өмчлөх асуудлаа шийдэж, сууриа цутгаад байна.Тулааны мэргэжлийн тамирчид төрүүлээд зогсохгүй, бие бялдрын өв тэгш хүм үүжилтэй, бусдыг хүндэлдэг, байгалиа хайрладаг монгол ухаантай хүүхдүүд бэлтгэх зорилготой. Хотоос гадна байрлах учир аргалын утаа гэж юу байдгийг мэдрүүлж, олон төрлийн өвс ургамлыг хүртэл ялгуулж сургана. Манайхан европчуудыг дуурайж хүүхдийн эрх ярьж, тэдэндээ хатуухан үг ч хэлж чадахаа больж. Ахмадаас үг сонсож чадахгүй хүүхдийг хүүхэд гэх хэцүү.
-Тулаан, монгол ухаан хоёрт мөн чанарын ямар нэгэн холбоо байдаг уу?
-Монголчууд эрт үеэс тулааны урлагаар хичээллэсэн. Мөнх хаан Хятадаас тулааны мастерууд урьж цэргүүддээ заалгаж байсан түүхэн баримт бий. Бүтэн цаг тулалдаад өрсөлдөгчөө цуцахад нь эргэж дайрдаг бэлтгэл тэр үед хийлгэж байсан юм билээ. Кунг фу, ушу шиг манайд ч бас ташуур, шагайн болон банди зодоон гэж уламжлалт тулааны урлаг байдаг ч залуучууд мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Бидэнд үндэснийхээ соёлоос сурч, судлах юм их бий. Би тэр зодоонуудыг бүрэн сурна гэхгүй ч судалж байгаа, ахмад тамирчидтайгаа их ойр ажилладаг. Сайн тамирчин төрүүлэхээс илүү зөв хүн төлөвшүүлэх хүсэлтэй байна. Тулааны урлагаар хичээллэгчид заавал цус нөжөө дуслуулж, зодоонч бололгүй бие биенээ хамгаалдаг, хүндэлдэг зөв ёс суртахуунтай болчихвол тэр нь аварга болохоос чухал. Бие хамгаалах урлагаар хичээллэх нь дээрэмчин, зодоонч болоход биш, эх орон дуудахад хэзээд бэлэн байхад хэрэгтэй. Манай эрчүүд европ, солонгос залуучуудыг хэтэрхий их дуурайж бариу өмд өмсөн, эр эм нь мэдэгдэхгүй болсон нь гутамшиг. Бид монголоороо үлдэж, монгол ухаанаар алсыг харж байж эх орноо хөгжүүлнэ.
-Аливаа юм бүхэн арга, билэг шиг хоёр талтай. Тулааны урлагаар хичээллэхийн сайн, муу талыг хэлнэ үү?
-Олон улсад эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, далбааг мандуулах эрхтэйгээрээ Ерөнхийлөгч, тамирчин хоёр ижил. Муу тал гэхээр зодоонч, танхай этгээд болдог уу гэж чи асуух гээд байх шиг байна. Манай тамирчид элдэв гэмт хэрэгт орооцолдож, хэн нэгний гар, хөл болохоосоо илүү бусдын эд хөрөнгө, аюулгүй байдлыг хангах ажилд оролцдог. Тэмцээний үеэр биеэ хамгаалж чадаагүйгээс болж тамирчид бэртэж, зарим нь амиа алддаг нь харамсалтай.
-Англид байхад тань гэмт хэргийн бүлэглэлүүдээс хамт ажиллах санал тавьж байв уу?
-Үгүй ээ. Харин бэйсболын цохиур барьсан хар тамхичид ирээд “Чамайг мэднэ шүү” гээд сүрдүүлж байсан удаатай. Тэнд бол энгийн л зүйл. Зарим европ хүн өөрсдийгөө бусдаас дээгүүр үзэж, азиудыг Азидаа л байх ёстой гэж боддог. “Танай түүхийг мэднэ. Чи нутагтаа оч. Энэ миний эх орон” гэж захын хүүхэд нь ч хэлдэг. Тэгэхээр нь “Тийм үү, энэ дэлхий тэр чигээрээ миний нутаг шүү дээ. Чи Чингис хаан гэж мэдэх үү” гэх зэргээр тоглоом, шоглоом нь мэдэгдэхгүй яриа их өрнүүлнэ. Хятадуудыг бариад авбал айж, зугтахаар оролддог болохоор европ залуус дээрэлхдэг. Харин монголчууд өөдөөс нь зодолдох гэдэг учир оролддоггүй.
-Таныг дээрэлхэх гэж байв уу?
-Амьдардаг газрынхаа ойролцоо явж байтал гурван залуу “Үзье” гэж байна. Зодолдож чадах юм уу гэхэд боксын бээлийтэй хүү “Чадна аа” гээд л дайрсан. Бултаж, бултаж цохитол үсрээд уначихсан. Гурвуулаа тарж зугтаад, нэгийнх нь хойноос хөөж гүйцтэл бахардаад унасан. Жаахан айлгах санаатай заамдаад орилтол “Солиотой юм байна шүү дээ” гэж билээ. Тэр хавийн хүүхдүүд цуу яриа тараана гэдгийг мэдээд жаахан айлгасан хэрэг. Гэхдээ Манчестер, Лондонд олон жил амьдарсан болохоор бокс сонирхогчидтой нь дотно нөхөрлөдөг байсан.
-Англичууд таны талаар судалгааны ажил хийж байсан тухай нэг ярилцлагадаа цухас дурдсан байсан.
-Намайг амжилт гаргахад тэд “Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн нь эргэлзээгүй үнэн гэдгийг энэ залуу баталлаа” гэж байсан. Боксын эх оронд ази хүн амжилт гаргасан нь сонирхолтой санагдсан бололтой, миний амьдралыг бага зэрэг судалж, кино хийх санал тавьсан. “Кино хийхээр миний амьдралыг судлах болно. Монгол гэхээр траншейний хүүхдүүдийн зураг дардаг шиг юм болж мэднэ” гэж бодоод за ч гээгүй, бас дургүйцээгүй. Тэгээд л өнгөрсөн.
-Таны өрсөлдөгчдөөс олон тамирчин хүнд бэртэж, дахин рингэнд гараагүй юм билээ. Тэднийг буулгаж авсныхаа дараа өрөвдөх сэтгэл төрдөг үү?
-Хүн л юм хойно өрөвдөлгүй яах вэ. Гэхдээ намайг ч гэсэн бэртээж болох байсан учраас өрөвдөхөөсөө баярлах нь их.
-Урлагийнхан тайзнаа гарахдаа сандарч, догдлохын зэрэгцээ асар их таашаал хүртдэг гэдэг. Та тулалдаж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Айдас хүйдэс, догдлол. Цээжин дээр хүнд юм овоорсон мэт болдог. Гэхдээ өрсөлдөгчөөсөө айвал тулалдаж чадахгүй. Зарим тамирчин рингэн дээр гарахаасаа ч айдаг, тулалдах үедээ уйлсан хүнтэй ч таарч байлаа. Сонирхогчийн боксоос тэс өөр шүү дээ, цаг гаруйн хугацаанд зодолдоно гэдэг амаргүй.
-Таны айдас юу вэ?
-Буруу юм хийвэл аав, ээж, багш, ахмадуудаас их айна. Би их олон айдастай.
-Хэдий тэмцээн, шоу байлаа ч бусдыг гэмтээх нь нүгэл гэж бодож байв уу?
-Заримдаа тэгж боддог шүү. Олон хүний хамар хугалж, эрүү гэмтээлээ. Олон хоног өлсөн жингээ хасаж, бэлтгэл хийхээр сүүлдээ толгой эргэдэг. Удаан “тарчлахаар” уур хүрч, миний ингэж зовж байгаа нь утга учиргүй юм шиг санагдах үе бий. Тэгснээ “Нээрэн, би уул өөд мацаж яваа гэж бодоод л өрсөлдөгч рүүгээ хамаг бурууг тохож, яана гэнэ ээ, чи намайг өлсгөж тамлаж байна уу, айн. Болгоод өгье л дөө” гэж боддог. Дотоод зөрчлөө дараа нь бодохоор хөгжилтэй шүү.
-Хөндлөнгийн нүдээр харахад өрсөлдөгчид тулаан эхлэхийн өмнө бие бие рүүгээ ширүүн хардаг. Харин хувцас солих өрөөнд ямар харилцаатай байдаг вэ. Биенээ дарамтлах асуудал байдаг уу?
-Энэ тухай дуулж байсан ч надад тийм явдал тохиолдож байгаагүй. Лондонд байхад Өмнөд Африкаас тулааны санал ирсэн. Манай англи багш “Би явахгүй, чи өөрөө мэд. Манай шавь Өмнөд Африкт тулалдахад үзэгчдийн дундаас буудаж байсан” гэсэн. Би айхгүй байна гэж тэнэг зоригоор яваад дэмий гэж бодоод татгалзсан. Тэгтэл тийшээ яваагүй гээд Английн талаас жил гаруйн хугацаанд тэмцээн товлож өгөөгүй. Тулалдаан эхлэх хүртэл өрсөлдөгч рүүгээ сэтгэл зүйн дайралт хийж шантраах нь чухал. Сэтгэл зүйн бэлтгэлгүй бол дасгал сургуулилалт сайн хийсэн ч ялагдах магадлал өндөр. Харин тайзны ард “Чи сайн байлаа, баяр хүргэе” гээд л хоорондоо найзалдаг. дэлхийн 10 гаруй аваргатай хамтарч бэлтгэлээ хийж байсан.
-Хүмүүс өрсөлдөөн, зодоон, тулаан үзэх дуртай байдаг нь ямар учиртай юм бол?
-Барууны орнуудад эр эмгүй, бүр хүүхдээ дагуулаад тэмцээн ирж үздэг. Тулаанаас эрч хүч авдаг байх. Шинээр сурч байгаа хүүхдүүд ч байсан хамаагүй боксын бэлтгэл хийж байхыг л харвал дотроос огшоод л бушуухан хувцсаа тайлаад очиж зааж өгмөөр санагддаг.
-Нийгэмд эзлэх байр суурь, нас, хүйс гээд олон зүйлээр ялгаварлах явдал хаана ч бий. Та өнгөрсөн оны наймдугаар сард БНСУ-д өөрөөсөө 20 гаруй дүү боксчинтой тулалдсан. Таныг нас ахимаг гээд хожигдоно гэж бардсан болов уу. Тэр тулааны тухай ярина уу?
-“15 жилийн өмнө манай аваргуудтай зодолдож байсан нөхөр” гээд л сүртэй зарлаж байлаа. Нэг ч ялагдаагүй залуу боксчин надтай тулалдахаар сугалчихаад “Энэ хүнийг бараг л мангас гэдэг юм билээ” гэж толгойгоо бариад суучихсан гэсэн. Би цохиж унагаад л, сайн зодолдсон ч тэр залуу ялагдвал чансаа нь буурах учраас биднийг тэнцүүлчихсэн. Шударга бус шүүсэн гээд ёс зүйгүй аашилж, заргалдаж болох байсан ч, баярлалаа гэж хэлээд үзэгчид рүү далласан. Учир нь би ахмад тамирчны, монгол хүний жудгийг харуулах ёстой. Хувцасны өрөөнд нөгөө тамирчин “Баярлалаа. Би ялаагүй шүү” гэхээр нь тэврээд, гарынхаа боолтыг өгтөл адис авсан. Тэртэй, тэргүй үзэгчид харсан учир заавал ялах албатай ч биш, тэр хүүгийн үйлдэл намайг их баярлуулсан.
-Та “Монгол дайчин” гэсэн брэндтэй болох гэж байгаа гэсэн үү?
-Тулааны тамирчид олон улсын тэмцээнд оролцохдоо өмсөх гангарааны “Mongolian warrior” брэндийн эрх авсан. “Монлайн” спорт хувцасны үйлдвэртэй хамтарч бүтээгдэхүүн гаргахаар ярьж байна. Бид л үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихгүй бол өөр хэн туслах вэ. Монголчууд энэ брэндийн хувцастай дэлхийгээр “тэнэхэд” бичгийг нь харсан гадаадынхан өмссөн хүнийг нь монгол гэж мэдэхээс гадна манай түүхийг давхар санана гэсэн утгаар энэ нэрийг өгсөн. Бид эх түүх, эзэн Чингисээрээ бахархаж болно. Гэхдээ өнгөрсөн үетэйгээ зууралдаж, хоосон хийрхэж амьдарч болохгүй. Ярьж дууссан бол одоо чаддаг ажлаа хий, бүтээ.
Б.ДӨЛГӨӨН