Бараг 100-гаад жилийн өмнө Монгол оронд арилжаа наймаа хийж байсан Баатар цагаан хааны худалдааны нэгэн пүүсийн зурагт хуудсыг хадгалагч, эртний үнэт эдлэлийн шинжээч Ц.Батсайхан энэ зургийн талаар ийн өгүүлэв. -Энэ бол Хаант Оросын худалдааны “Эмаль Циталь” пүүсийн сурталчилгааны даавуун дэлгэмэл зураг.
Эвтэй дөрвөн амьтан, найман тахилыг голлуулан, алхан хээгээр хөвөөлсөн энэ зургийн дөрвөн өнцгийг Хаант Оросын хоёр толгойт луутай сүлдээр чимсэн. “Их Орос улсын хуучин нийслэл хотод эд бараа үйлдэж олон газар пүүс гаргаж худалдаалах Эмель Циталь хэмээхийн их пүүс нь Чита хотын газар салбарлан тасарч худалдаалах пүүс болбоос элдэв барааг нийслэл хотын үнээр худалдаалмой” гэж монгол бичгээр бичсэн байгаа нь олзуурхууштай.
Энэ нь монголчуудын ёс заншил, үндэсний онцлогт таацуулан эд бараагаа борлуулах гэсэн наймааны нарийн арга юм даа. Ер нь түүх яривал, Оросын худалдааны анхны пүүс 1861 онд Их Хүрээнд нээгдсэн байдаг юм. Улмаар Улиастай, Ховд зэрэг бусад хот сууринд Оросын пүүсүүд нээгдэн ажиллаж ирсэн юм билээ. 1878 онд Ховд хотод Оросын Бийск, Барнаул хотоос ирсэн Гилеев, Котельников, Бодунов, Мальков хэмээх дөрвөн пүүс ажиллаж байжээ.
Оросын пүүсүүдийн Монголд зарах барааны дотор гурил, сахар хоёр гол нь байж. 1891-1910 он хүртэл зөвхөн Хөшөө модны гаалиар 24.648 фунт гурил, 8311 фунт сахар(нэг фунт нь 450 граммтай тэнцэнэ), мөн янз бүрийн боов, чанасан жимс, чихэр, самар, давсалсан загас ногоо, зөгийн бал бага сага орж ирсэн байна.
Соёл ахуйн бараанаас цаг, хөгжим, бичгийн цаас, саван, лаа, шүдэнз, металл сав суулга, багаж зэвсэг, ширмэн эдлэл, зэс ба паалантай данх, аяга, таваг, шанага, хутга, сүх, хайч, зүү, хуруувч, товч зэрэг жижиг хэрэглэл мөн даалимба, цэмбэ гүйлгээ сайтай байв. Тэр үед нэг боодол орос даалимба нэг рубль 65 копейк, нэг боодол цууямбуу нэг рубль 25-60 копейкийн үнэтэй байжээ.
Хаант Оросын худалдаа 1861-1900 оныг дуустал 80 хувь өссөн байдаг юм. Баримт нь гэвэл 1861 онд Хаант Оросын Монгол оронд хийсэн худалдааны гүйлгээ 218.167 рубль байсан бол 1885 онд 170 мянга, 1900 онд 16 сая 900 мянган рубль болсон байна. Хаант Оросын худалдааны пүүсийн энэхүү зурагт хуудас нь Монгол оронд худалдаа арилжаа хэрхэн дэлгэрч байсан түүхийг өгүүлэх нэг чухал баримт болох юм даа.
Эх орны эдийн засаг, санхүү худалдааны түүхийн судалгаанд холбогдох чухал баримт нотолгоо болохын хувьд энэ эртний эдийг хямгадан нандигнаж суудаг юм гэв.