“Түүхийг гуйвуулж болохгүй” гэсэн үг бий. Тэгвэл сүүлийн үед манай их хаан Чингисийн талаар бараг л хэн дуртай нь кино хийж, намтар түүхийг нь өөрийн сэтгэлд зохицуулан зохиох болж. Ярославын түүх судлаач Альберт Максимов тэдний нэг. Тэрбээр саяхан “Жинхэнэ орос” гэдэг ном зохиосон нь олны анхаарлын төвд байна. Түүнтэй Ярослав хотын “Северный край” сонины сурвалжлагч ярилцсаныг хүргэе.

-Альберт Михайлович сүүлийн хэдэн жил манай улсад Чингис хааны талаар хэд хэдэн кино гарлаа. Алдарт жанжин, хаадын хувь заяа найруулагч нарын анхаар лыг дахин татаж эхэлсэн бололтой. Тэр олон киноноос хамгийн алдартай нь болох Сергей Бодровын “Монгол”- д Чингис хааныг уламжлалт аргаар дүрсэлсэн юм шиг санагдсан. Ингэхэд Орос оронд монголчууд хаанаас ирсэн юм бэ?
-Сонирхолтой асуулт байна. Монголчууд хаанаас ирсэн бэ гэвэл Монголоос гэж бүх сурагч хариулах байх. Тэгвэл Монгол хаана байдаг вэ? Хятадын хойд хэсэгт. Үүнтэй маргах хүн гарахгүй. Гэвч Чингис хааны монголчууд одоогийн Монголын нутгаас ирсэн гэх шинжлэх ухааны баталгаа, нотолгоо байдаггүй.
-Тэгвэл тэд монгол биш байсан гэж үзэж болох уу?
-Европчууд Монголын газар зүйн анхны томоохон судалгаагаа дөнгөж XIX зууны сүүлийн хагаст хийж эхэлсэн. Алтай, Дундад Ази судлал дөнгөж хөл дээрээ тогтож байсан болохоор үүнд гайхах хэрэггүй.
Харин энэ үед Орост түүхийн ухаан маш хурдан хөгжиж байлаа. Тэр үед л манай орныг эзлэн мөхөөсөн домогт монголчуудын эх орныг яаралтай олж, тогтоох хэрэг гарсан юм.
Тэд Орост ирэхээсээ өмнө Хятад, Дундад Азийг эзлэн аваад байсан тул тэр улсуудын ойролцоо байх шаардлагатай байлаа. Монголчууд Казахын хээр тал, Алтайн нуруу эсвэл Төв Ази, говийн хойд хэсэгт жишээ нь хангайд байж болох байлаа.
Ингээд л тэнд амьдардаг хүмүүсийг алдарт Чингис хааны үр удам гээд зарлачихсан хэрэг. Нүүдэлчин амьдралаа хадгалж үлдсэн, бичиг үсэггүй байсан нь тэднийг Чингисийн монголчууд гэж нэрлэхэд тохиромжтой байлаа. Одоогийн монголчууд Чингис хааны удам болж хувирсан юм даа.
Тэд бичиг үсэггүй болохоор мэдээж хэрэг өвөг дээдэс нь 700-800 жилийн өмнө ямар том үйл хэрэг бүтээж байсныг мэддэггүй. Тэгээд ч ийм сайхан баатарлаг түүх бичээд өгөхөөр дуртай байлгүй яах вэ.
-Та Чингис хаан, Бат хаан гэж байгаагүй гэж хэлэх гээд байна уу даа.
-Тэд байсан. Харин Чингис, Бат хаан нар домогт Хархорин нийслэлтэй алс холын Монголоос биш Дундад Азийн Каракум цөлөөс Орост ирсэн юм. Би үүний маш олон баримтаар баталж чадна.
Grande Tartarie буюу бид үнэхээр татар гэж үү
Бид 1754 оны “I-e Carte de l’Asie’’ картыг харж байна. Монгол, Алс Дорнодыг багтаасан Номхон далай хүртэлх Оросын асар уудам гүрний зураг дээр Grande Tartarie буюу Агуу Татар гэсэн бичиг байх аж. Агуу гэдэг үгийг гадаадынхан Мегалион Монголия гэж орчуулдаг байсныг үзэх юм бол шууд л Монгол-татар гээд биччихсэн байна гэсэн үг.
Тэгэхээр XVIII зуунд Оросын их гүрнийг гадаадынхан Монгол-татар гэж нэрлэдэг байсан байх нь. Яагаад? Романовын үеийн түүхчид Татар-Монголын дарлал аль эрт устсан, ядаж л энэ картыг зохиохоос 300 жилийн өмнө устсан гэж заадаг байсан биш бил үү. Бүхэл бүтэн 300 жил өнгөрчихөөд байхад европчууд биднийг Монгол-татард эзлэгдсэн хэвээр байна гэж боддог байсан байх нь.
Үүнд гайхаад байх юм алга. Үнэндээ бол Монгол-татарын гүрэн нь Романов засгийн эрх авах хүртэл хэдэн зуун жил оршин тогтнож байсан бөгөөд XVII зуун хүртэл байсан. Харин Романов засгийн эрхэнд гараад “Орос орныг боолчилсон муу Монголтатар” гэсэн улс төрийн үлгэр зохиосон хэрэг.
Хуучин Оросын дайчид гэсэн утгатай орда гэдэг үгийг Татар-Монгольская орда гээд л бараг хараалын үг болгож орхисон нь ч Романовынхан.
Гэхдээ дэлхий дахин хэдэн зууны турш манай орныг Орос татар хэмээн нэрлэж байсан нь үнэн билээ. 1670 онд Парист хийсэн газрын зураг дээр Агуу Татарт Хятад, Энэтхэгийг оруулсан байх аж.
Энэ зурагт газар зүйн нэрийг олон янзаар бичсэн байх ба Монголыг MOAL, MONGAL, MAGOG гэж бичсэнээ Энэтхэгийг MOGOL INDE гэж нэрлэсэн нь гайхалтай.
М.СУГАРАА