Өнгөрөгч онд “Зүсээн гоодсон сэвгэр” хэмээх тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан “Улаанбаатар” чуулгын дуучин Т.Баяраа ирэх сарын 1-нд дахин сэвгэрүүдээ магтан дуулах гэж байна.
Тус чуулгын шинэ байранд болох тоглолт “Тохуудай сээтэн сэвгэр” нэртэй. Баруун монгол ардын дуугаараа олонд танигдсан тэрбээр энэ удаад олон үндэстэн, ястны цогц хөтөлбөрийг үзэгчдэд толилуулахаар төлөвлөжээ. Тоглолтод “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, “Алтан ураг”, “Бөртэ” хамтлаг, циркийн нугараачдаас гадна хөөмийч, тууль хайлагчид хүрэлцэн ирж сонирхолтой үзүүлбэрээр бэлэг барих гэнэ.
Түүнчлэн ардын жүжигчин Б.Зангад, гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, С.Ганзориг, Ш.Одонтуяа, дуучин Д.Баасанжав нар оролцох аж.
Д.СЭРЭЭДАР