“Театр, хүүхэд, ирээдүй” олон улсын хүүхдийн жүжгийн наадмын нээлт өчигдөр УДЭТ-т боллоо. Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв, УДЭТ, Хүүхэлдэйн театр, Драмын мэргэжлийн жүжигчдийн төв, Хүүхдийн төлөө газраас хамтран зохион байгуулж буй эл наадамд Швейцарь, Вьетнам, Хорват, Буриад, Саха-Якут болон Монголын уран бүтээлчид оролцож буй.
Олон улсын хүүхдийн жүжгийн наадам ирэх сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Наадмын хүрээнд өнөөдөр Якутын драмын театрын “Аз жаргалын чулуу”, Швейцарийн хүүхэлдэйн театрын “Хуккейт цирктэй хамт” тоглолт болох бол маргааш Хорват, Монголын драмын театрынхан уран бүтээлээ толилуулах юм байна. Хүүхэлдэйн киноны баатруу дын хувцсаар гоёсон уран бүтээлчид тав хоногийн турш хүүхдүүдийг театраар хүмүү- жүүлэхээр болсноо зарлаж, дэлхийн олон орны соёл, ёс заншил, урлагийн ертөнцөөр аялах боломж тохиосныг нээлтийн ажиллагааны үеэр зарласан.
“Театр, хүүхэд, ирээдүй” олон улсын хүүхдийн жүжгийн наадмыг нээж өчигдөр Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын уран бүтээлчид “Тэмүүжин” дууриар гаднын зочид болон багачуудад бэлэг барьсан юм. Түүнчлэн эл наадмын хүрээнд УДЭТ-ын бага танхимд өнөөдрөөс швед найруулагч Лена Лаки Стэйн, Норвегийн зохиолч Торл Солванг нар “Хүүхдийн театр” сургалт зохион байгуулах бол ирэх сарын 1-нд “Театр, хүүхэд, ирээдүй” олон улсын бага хурал “Чингисийн хүрээ” жуулчны баазад болно.