Ардын урлагаа дэлхий дахинд сурталчлах зорилгоор байгуулагдсан ҮДБЭЧ-ын дэргэдэх Үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн зохиолчтой болж, Б.Чинбатаар бүл нэмлээ. БНСУ-д энэ сарын 18-24-нд тоглолт хийгээд ирсэн найрал өчигдөр чуулгынхаа байранд бэсрэг тоглолт зохион байгуулж, үйл ажиллагаагаа шинэ хөгжмийн зохиолчдоо тайлагнасан юм.
Найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатараас ямар учраас Б.Чинбатыг Үндэсний хөгжмийн их найрлын хөгжмийн зохиолчоор сонгох болсон тухай тодруулахад
-Барууны оронд олон жил хөдөлмөрлөж, орчин үеийн урлагийн өнгө төрх, барууныхны сонирхлыг илүү сайн мэдэх уран бүтээлч учраас түүнийг хөгжмийн зохиолч, продюссерээр сонгосон.
Учир нь манай найрал үндэснийхээ ардын урлагийг дэлхий дахинаа таниулж, түүгээрээ дамжуулан эх орноо сурталчлах үүрэгтэй. Тэр ч үүднээс дэлхий нийтийн анхаарал урлагийн ямар төрөлд чиглэж байгааг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг болохоор бид хамтран ажиллах санал тавьсан юм. Түүнчлэн Чинбат бол гавьяат жүжигчин, нэрт хуучирч Батмөнхийн хүү. Ээж нь манай чуулгын гоцлол хөгжимчин, шанзчин Цэрэндулам гэж хүн бий.
Бага насаа чуулгын байранд үдэж, энэ хамт олны зовлон жаргалыг хуваалцаж өссөн. Мөн үндэсний хөгжмийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, хөгжүүлээрэй гэсэн аавынх нь захиас бий. Тиймээс аль ч талаасаа тохироо нь бүрдсэн гэж ойлгож болно.
Шинэ албаа хүлээн авсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатаас хийхээр төлөвлөж байгаа ажлынх нь талаар сонирхлоо.
-Одоогоор “Толин хул” дууг үндэсний хөгжимд зориулан найруулгыг нь шинэчлэн өөрчлөх ажилд орох гэж байна. Мөн найралд зориулсан томоохон уран бүтээл хийх даалгавар аваад байна.
-Наадмын нээлтийн арга хэмжээнд оролцох уу?
-“Толин хул” дууны аялгууг шинэчлэн найруулах ажил дуусах эсэхийг нь мэдэхгүй байна. Ямартай ч Филармонийн найрал хөгжимчидтэй хамтран “Баярын жавхаа”-г тоглоно.
Д.СЭРЭЭДАР