Монголын уран зургийн галерей өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд даваа гаригт нээлтээ хийсэн лаазан бүтээлийн “Замд гаръя” уралдааны үзэсгэлэн үргэлжилж, хогийг урлаг болгох ухааныг олонд танилцуулж байхад гуравдугаар давхарт “Монгол дахь Солонгосын жил” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Fashion art” загвар зохион бүтээгчдийн хараа булааж байсан юм.
Гурван сая төгрөгийн шагналын сантай лаазан бүтээлийн уралдаанд 23 уран бүтээлч 60-аад бүтээл ирүүлжээ. Үхэр тэрэг, бадарчин, унадаг дугуй, аяллын үүргэвч гээд олон зүйлийг хаягдал болсон шар айрагны лаазаар урласан байлаа.
Уралдааны дүн өнөөдөр гарч, шилдгээ тодруулах юм. Солонгос, Монголын соёлын нийтлэг дүр төрхийг харуулах зорилготой “Fashion art” үзэсгэлэнд Солонгосын заг вар зохион бүтээгчдийн 60 гаруй, Монголын загвар зохион бүтээгчдийн 14 бүтээл багтжээ.
Цаас, эсгий, төмөр, хулс, даавуу, ангийн арьс гээд төрөл бүрийн материалаар урласан үзэсгэлэнгийн бүтээл бүхэн өөрийн гэсэн өнгө аястай, өгүүлэмжтэй харагдаж байсан. Эл үзэсгэлэнг Солонгосын хувцас загварын хол боо, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, тус улсын Гадаад харилцаа худалдааны яам, Соёл биеийн тамир аялал жуулчлалын яам, Монгол Улсын ГХЯ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа ба ирэх ням гариг хүртэл үргэлжлэх юм байна.
Түүнчлэн өчигдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд АНУ-ын иргэн, зураач Т.Чулуунбаатар “Mixed Media” уран бүтээлийнхээ нээлт хийсэн. Тэр бээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй зураачдын нэг.
Энэ удаагийнх нь үзэсгэлэнд холимог техникийн аргаар бүтээсэн 70 шахам бүтээл багтсан аж. Т.Чулуунбаатар ирэх намар Нью-Йорк хотод, 2011 оны тавдугаар сард Бээжин хот дахь “798” урлагийн төвд, 2012 оны гуравдугаар сард Нью-Йорк хотын Их сургуулийн музейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. “Mixed Media” үзэсгэлэн Мон голын урчуудын эвлэлийн үзэс гэлэнгийн танхимд зургаа хоног үргэлжилнэ.
Ж.СЭЛЭНГЭ