Буриадын соёл урлаг, спортын олон улсын “Алтаргана-2010” наадам энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болох гэж буй. Буриадын үндэсний өв уламжлал, соёл, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилготой уг наадмын анхан шатны шалгаруулалт өчигдөр эхэллээ. Наадмын хүрээнд “Буриад хүний нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, үлгэр туульчдын тэмцээн, буриад ардын дууны уралдаан, орчин үеийн дууны тэмцээн, уламжлалт гар урлалын үзэсгэлэн, “Дагина” гоо бүсгүйн тэмцээн, Уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн, яруу найргийн наадам, сэтгүүлчдийн нийтлэлийн “Алтан саг” уралдаан, баримтат болон уран сайхны кино өдөрлөг “Буриад хувцас”-ны загвар зохион бүтээгчдийн уралдаан, “Алтаргана” гэрэл зургийн үзэсгэлэн, буриад бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг арга хэмжээ болох юм байна.
Эхний шалгаруулалтыг Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн 100 гаруй ардын авяастан уран бүтээлчид оролцжээ. Өнөөдөр алслагдсан дүүргийн шалгаруулалт болох юм байна.
С.СЭРГЭЛЭН