Гэр бүлийн харилцааны анхны алхам, залуу хосын аз жаргалын үндсийн нэг нь секс. Гэсэн ч энэ талаар хаа дуртай газраа ярьж, хүн бүхэнтэй үзэл бодлоо солилцоод байх нь утгагүй.
Мэдээж сайн найзтайгаа нандин нууцаа хуваалцаж болох ч оновчтой бус. Өндөр хөгжилтэй орнуудад амьдардаг эхнэр, нөхрүүд ихэвчлэн сэтгэлзүйч болон сексологчдод хандан энэ асуудлаа шийдвэрлэдэг.
“Би, чи, та”-г дотно найзаасаа илүүд үзэж хоёр бүсгүй захидал ирүүлсэн юм. Тэдний асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой тухай “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч зөвлөлөө.
ХУРДАН ДУУСААСАЙ
Бид гэрлээд 12 жил болж байгаа ч бусдын ярьдаг дур ханамжийг нөхрөөсөө мэдэрч үзээгүй. Секс бол миний хувьд хийх ёстой нэг ажил. Харин нөхөрт маань энэ ажил их чухал. Түүний дур тавихыг хүлээн хэвтэж байхдаа хурдан дуусаасай гэж би боддог.
Хоёр хөөрхөн охиныг минь надад бэлэглэсэн учраас огт хэрэггүй зүйл гэж хэлж боломгүй. Охид маань том болохын хэрээр би ганцаардаж, хийх ажил багасах боллоо. Одоо л нэг сэхээ авсандаа тэр юм уу, аль эсвэл хийх юмаа олж ядаад байгаа юм болов уу, тэр сайхан жаргалыг нэг амсахсан гэсэн бодол төрөөд байх боллоо.
Угаасаа нөхөр маань миний анхны бөгөөд цорын ганц эр хүн. Тэгэхээр түүнээс өөр хүнтэй байгаагаар өөрийгөө төсөөлж чадахгүй. Харин кинонд гардаг шиг романтик орчин бэлтгээд, тэр ажлыг арай өөрөөр хийхийг оролдвол яах бол. Секст ер нь дүрэм гэж байдаг юм уу?
АРАЙ Л ӨӨР БАЙДАГ ДАА
Гэрлээд жил гаруй болж байгаа ч нөхрөөсөө жаахан уйдаад байдаг болчихлоо. Хэнтэй ч харьцууламгүй ухаалаг, намайг хайрлаж хүндэлдэг түүнийгээ гомдоохыг хүсэхгүй байгаа ч би эмэгтэй хүний жаргалыг үгүйлээд байна. Тэр маань намайг гомдоохгүй гэсэндээ аль болох таатай байдлаар секс хийхийг хичээдэг ч нэг л болж өгөхгүй юм. Бүр ажлаа дуусгаж чадахгүй тохиолдол ч гарсан.
Харин зарим шөнө хоёр, гурван удаа хийх ч нэг жилийн хугацаанд би өдрийн од шиг цөөн удаа “тавьсан”. Гэрлэхээсээ өмнө би нэг найз залуутай байсан. Тэр бид хоёрын хувьд энэ тал дээр ямар ч асуудал байгаагүй. Харин нөхөртэйгээ энэ асуудлаа ярилцмаар байгаа ч гомдоочих байх гэж айх юм. Яаж ярих вэ?
ДҮРЭМГҮЙ ХЭРНЭЭ ДҮРЭМТЭЙ ТОГЛООМ
Сексологчид “Жинхэнэ янаг дурлалын ажлыг 48 цагийн өмнөөс эхлүүл” хэмээн зөвлөдөг. Олон хос гэр бүлийн маргаанаа хөнжил дотроо шийдвэрлэх буруу зуршилтай байдгаас тэд ийм дүгнэлт хийжээ. Эхнэр нөхөр болон залуу хосуудын хувьд секс бол хамгийн чөлөөтэй харилцаа мөн боловч цөөн хэдэн дүрэм баримтлах зайлшгүй шаардлагатай.
Өөрөө жаргал амсахын тулд хэрэгтэй бүх зүйлийг хийх нь таны үүрэг хэмээн үзэж болно. Тиймээс дээрх хоёр бүсгүйд нөхөртэйгээ нэг удаа ч гэсэн илэн далангүй ярилцаж алхам алхмаар дотно харилцаандаа өөрчлөлт оруулж, жаргал амтлаарай хэмээн зөвлөж байна.
Нөхөр чинь таныг жаргааж чадахгүй байгаагаа юунаас болж байгааг мэдэхийг хүсэх нь лав. Ингэснээр танай гэр бүлийн харилцаа улам батжиж, урт удаан үргэлжлэх болно.
ДАГАХ АЛБАГҮЙ Ч МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ
Сексийн уур амьсгал бол яг хайр дурлалын тоглоом байх ёстой. Унтлагын өрөөнийхөө таазанд толь суурилуулж, хананд нь сийлбэр хадан, зөвхөн сексийн үед асаадаг гэрэл байрлуулах зэргээр сэтгэлд таатай онцгой нөхцөл бий болговол романтик байх болно.
Гэхдээ энэ нь амьдралаас хэтэрхий хол санагдаж байгаа бол бага багаар урагшлахыг зөвлөе. Энгийнээр бол хэн хэндээ хамгийн сайхан байх орчинд, аар саар ямар ч зүйл саад болохгүй нөхцөлд энэ тоглоомыг эхлүүлбэл өрнөл нь “халуухан” байх болно. Сексологчид сексийн 15 дүрмийг боловсруулсныг хүргэе.
Гэхдээ дүрэм бүрийг сохроор дагах албагүй.
1. Тав тухтай орчинд “ажлаа” хий.
2. Орондоо бүү хэрэлд.
3. Цадталаа идсэний дараа загас наадуулах хэрэггүй.
4. Сэтгэлийн хэт их хөөрөл секст муугаар нөлөөлдөг.
5. Гурван хундагаас илүү согтууруулах ундаа хэрэглэсэн үед секс хориотой. Учир нь архи бие сулруулдгаас чалх сайжруулдаггүй.
6. Бэлгийн харилцаанд орохын өмнө бие засах хэрэгтэй. Давсаг дүүрэн байх нь сексийн мэдрэмжийг өөрчилдөг.
7. Цаг агаарын өөрчлөлт нь бие махбодид янз бүрээр нөлөөлдөг учраас ямар үед энэ “ажлыг” хийвэл илүү өндөр мэдрэмжтэй байдгаа тооцоолох хэрэгтэй.
8. Бэлгийн харилцаанд орохоосоо хоёр цагийн өмнө, мөн дараа нь хэсэг хугацаанд биеийн хүчний хүнд ажил хийхгүйг хичээ.
9. Сэрэл хөдөлгөх хиймэл хэрэгсэлтэй аргуудаас татгалз.
10. Сексийн дараа шууд шүршүүр рүү гүйх хэрэггүй. Өмнө нь шүршүүрт орж болох ч сексийн дараа бие махбодид өгч буй тэр мэдрэмж нь давхар эмчилгээ болдог учраас үгүй хийх хэрэггүй.
11. Энхрий ялдам тоглоомыг ширүүн тулаан шиг болгож болохгүй.
12. Сульдсан биеийг хэт ачааллаар зовоох хэрэггүй учраас хэн нэгнийх нь бие таагүй үед энэ ажлаас татгалзсан нь дээр.
13. Бэлгийн харилцааг механик ажил, үйлдэл болгож болохгvй. Хэвшмэл байдал хайрыг сөнөөдөг.
14. Сексийн элдэв төсөөлөл, зөгнөлийг дур хүсэл өдөөх хэрэгсэл болгон ашиглах нь дэмий зүйл.
15. Загас наадуулах байрлал олон янз байдаг ба сексийн ханамж авахад чухал нөлөөтэйг санаарай.
Гэр бүлийн харилцаа болон амьдралд тань тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудын талаар setgeliin_toli@yahoo.com хаягаар захидал бичээрэй. Бид мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөгөөг танд хүргэх болно.