“Үнэн үү” ток шоуг санаачлагч “Миний Монгол” продакшны захирал Р.Нямбаяртай уулзаж, оролцогч нарт тавьдаг “Үнэн үү” гэсэн асуултыг өөрт нь тавилаа.
-NBA-тай уулзаж байгаа нь “үнэн үү”?
-Тийм.(инээв)
-Өөрийн чинь нэр NBA юм уу Нямбаа юм уу. Урлагийнхан чинь манай NBA гэх юм билээ?
-Урлагийнхан болон найз нөхөд маань NBA гэж л байдаг юм. Харин аав, ээж хоёр маань л Нямбаа гэж дууддаг .
-Сүүлийн үед монголчуудын чадвар, оюуны цар хүрээг харуулсан олон мэдээлэл дуулдах боллоо. Монгол эмэгтэй дэлхийн оюуны бүтээлийн шагнал хүртлээ, Солонгосын орон нутгийн сонгуульд монгол хүн ялсан, алдарт Бэкхемийн төрсөн өдрийн бялууг монгол тогооч Дэми хийсэн гээд л сайхан мэдээ олон байна.Чи Герман Европын холбоонд нэгдэж байхад анхны еврог нь авч байсан гэх юм билээ. Юу болсон юм бэ?
-Европын холбоонд Герман 2002 онд нэгдэж байхад би тус улсад сурч байсан юм. Мөнгөн тэмдэгт нь евро болох үйл явдлыг германчууд өргөн тэмдэглэж, Европын орнууд шууд дамжуулж, маш өвөрмөц арга хэмжээ Франкфуртмайн хотод болж байлаа. Оюутан хүн юу болж байгааг үзэх гээд очлоо. Хотын дарга, банкны ерөнхийлөгч гээд маш олон хүн ирчихсэн, мөсөн дундах улаан сарнайгаас анхны еврог гаргаж ирэх ёслол болсон юм. Хамгийн эхэнд тайзан дээр гарсан хүн тэр еврог авах байсан юм. Ингээд арга хэмжээ эхэлтэл би хамгийн түрүүн д тайзан дээр гарчихсан. Германчууд маш их гайхсан л даа.
-Яагаад?
-Герман хүн гарч ирнэ гэж бодож байсан байх. Гэтэл ази хүн гараад ирэхээр зогтуссан ч чи буу гэж хэлэх боломжгүй учир би авч байсан юм.
-Монголчууд адтай гэдэг болж дээ. Мэдээж олон мянган хүн цугласан байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. 80 сая хүн амтай улсад болсон арга хэмжээ.
-Англи, герман хэлтэй урлагийн менежер Америкийн шоунаас санаа авах нь хэр вэ?
- Хэл бага зэрэг гадарлана аа. Авах, хаях зүйл байлгүй яах вэ.
-“Үнэн үү” ток шоу олны үзэх дуртай нэвтрүүлгийн нэг. Та дандаа л урлагийнхныг оролцуулах юм. Нэвтрүүлгийнхээ загварыг өөрчлөөд улс төр болон бусад салбарынхныг оруулбал яасан юм бэ?
-Улстөрчид орж байсан. Сонгуулийн үеэр хэд хэдэн хүн оруулсан. Гэхдээ би одоо энэ нэвтрүүлгээ хийхгүй байгаа.
-Хийхээ бүр больсон гэж үү. Хуучин нэвтрүүлгүүд чинь “Боловсрол” телевизээр гарч байна лээ. Одоо ч хүмүүс дуртай үзсээр байна?
-Тийм үү. Дуртай үзэж байна гэсэн үг сонсох таатай байна. Миний тархинаас тэр нэвтрүүлгийг дахин хийх хүсэл сонирхол бүрмөсөн арчигдсан. Яагаад гэвэл дарамтаас болсон юм. Улстөрчийн гээд тодотгочихъё.
-Сонин юм. Өөрийн чинь нэвтрүүлэг ярилцлагын боловч өвөрмөц сонин асуулттай, хүн дургүйцээд байх сэдвээр ярилцдаггүй шүү дээ. Чухам ямар асуудлаар, хэнтэй ярилцсанаас ийм байдалд хүрсэн юм бэ?
-Хаашдаа би тэр хүний дарамтаас болж нэвтрүүлгийг нь гаргаагүй байж өнөөдөр тэр хүнээс болсон гээд зарлах нь илүүц биз. Олон хүн надад сонирхолтой, сайхан нэвтрүүлэг болж гэж хэлдэг байсан ч таалагдахгүй байсан нь бас цөөнгүй бололтой. Тэгээд л хийхээ больсон.
-Өөрийн хүсэл сонирхлоор эхлүүлсэн ажлаа дахин хийхгүй, хийе гэсэн бодол бүр арчигдсан гэж ярьж байгаагаас харахад танд маш их дарамт иржээ?
-Чи сэтгүүлч хүн нэг нэвтрүүлэг хийлээ гэж бодъё. Гэтэл нэвтрүүлэг гарсны маргааш 100, түүнээс ч олон хүнээс бүдүүлэг, тэнэг, мангар гээд мессеж ирээд байвал ямар байх вэ. Зөвхөн надад бус миний гэр бүлд энэ байдал нөлөөлсөн. Миний аав, ээж АНУ-ын иргэншилтэй болоод удаж байна. Тэд маань 60 гарч байгаа ч техникийн эрин зуунд хөл нийлүүлж яваа. Монголын янз бүрийн сайтуудаар “аялаад”, миний нэвтрүүлгийг татаад үзчихсэн байсан. Тэр нэвтрүүлгийн дор бичсэн сэтгэгдэл миний ээж, аавыг хүнд байдалд оруулсан. Би хүмүүсийг арай өөр зүйл үзээсэй, гэртээ очоод бага ч гэсэн алжаалаа тайлаасай гэсэндээ нэвтрүүлэг хийчихээд өөрийгөө төдийгүй хамгийн дотнын хүмүүсээ дарамтад оруулахыг хүсээгүй. Ингээд л больсон доо. Хүнийг мохооно гэдэг маш амархан байдаг юм билээ. О.Дашбалбар агсны хэлдэгээр бие биедээ урам хайрлаж амьдрах хэрэгтэй гэж би боддог. Хэзээ хойно тэр хүн намайг ингэсэн гээд дэлгээд, хэнд хэрэгтэй юм бэ. Би л орцондоо тоосгодуулна.
-Таныг тэр хүн тоосгодож байсан юм уу?
-Үгүй л дээ. Энэ нэвтрүүлгийг хийсэн хийгээгүй би “Миний Монгол” продакшн, FM радиогоо ажиллуулаад амьдарч болоод байгаа хойно. Надтай надгүй энэ ажил маань жигдэрчихсэн. Одоо ч олон хүн “Үнэн үү” ток шоуг сонирхолтой нэвтрүүлэг гэж хэлдэгт би баярлаж явдаг.
-Ялгахын аргагүй нэвтрүүлэг, нөгөө л гардаг хэдхэн хүн харж байснаас сонирхолтой л байдаг юм?
-Өөрт чинь таалагдаж байсан бол баярлалаа. Тийм мэдрэмж хүмүүс аваасай л гэж би хүсэж, чадан ядан нэвтрүүлэг хийж байсан. Гэхдээ нэг сонин мэдээлэл байна. Хэвлэлийн хүрээлэнгээс судалгаа явуулжээ. Хамгийн сонирхол татсан 20 нэвтрүүлэг дотор “Үнэн үү” ток шоу байгаагүй.
-Ямар насны хэдэн хүмүүс оролцуулсан судалгаа вэ гэдэг нь бас сонин. Тэгээд ч тэр судалгаа бодит үнэн биш шүү дээ?
-Гэхдээ нийгмийн зарим хэсэг тэр судалгааг үнэхээр бодит, баталгаатай мэтээр хүлээж аваад байна шүү дээ. Манай радио мөн адил. Хэзээ ч хүмүүсийн сонсдог гэсэн жагсаалтад багтаж байгаагүй. Хамгийн шинэлэг аргаар, гадаад дотоодын дууны сонголттой 18 наснаас дээш насныханд зориулсан шилдэг радио гэдгийг би хэлж чадах байна.
-Хүмүүс сүүлийн үед Оюуны өмчийн газарт хандах болжээ. Та нэвтрүүлэгтээ патент авахгүй юм уу. Хэн нэгэн хийхийг үгүйсгэх аргагүй?
-Шинжлэх ухааны нээлт, хэний ч хийгээгүй зүйл хийсэн биш патент авах шаардлагагүй биз дээ. Илүү сайныг хийвэл хийнэ л биз.
-Нэвтрүүлэгт чинь оролцсон хүмүүс бухимдаж, оролцохоос татгалзаж байсан тохиолдол бий юү. Ингэхэд анхны оролцогч хэн байлаа?
-Гавьяат жүжигчин Ч.БатЭрдэнэ (дуучин) анхны оролцогч шүү дээ. Анхны дугаараа хийгээд телевизээр цацалгүй хоёр жил болсон байх. Зав болохгүй байсаар удчихсан. Би хүнийг бухимдуулах зүйл асуудаггүй. Нээлттэй ярилцахыг хичээдэг. Оролцогч нар дандаа “төмөр дуулга” өмсөж и р д э г . Т э р дуулгыг нэвтэлж ярилцана гэдэг их сонирхолтой байдаг байлаа. Ер нь оролцох санал тавьсан хүмүүсээс үгүй гэсэн хариулт өгч байсангүй. Одоо ч оролцъё гэж ярьдаг хүмүүс байдгаас гадна оролцуулахаар төлөвлөсөн 200 орчим хүний нэр надад бий.
-Телевизийн нэвтрүүлэг тэр дундаа ярилцлагын хэв загварыг эвдсэн, сонирхолтой нэвтрүүлэг хийсэн нь чамд маш олон танил, ажлын шинэ санал авчирсан байх?
-Тийм, бас үгүй. Хүмүүстэй ажил ярих гэхээр нэвтрүүлгийн хөтлөгч мэтээр харилцах гээд байдаг. Зарим нэг хүмүүсийн тэр хандлага ажил хийх гэж байгаа хүнд хэцүү л байдаг юм. Ярилцлагын төрөл зүйлийг өөрчилсөн гэж сэтгүүлч хүн үзэж байгаад би талархаж байна. Ийм үг сонсоход сайхан байна шүү, баярлалаа.
-Та урлагийн менежер мэргэжилтэй юм билээ. СУИС энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсээр байгаа юу?
-Бид 1996 онд СУИС-д энэ мэргэжлээр орсон анхны элсэгч, мөн төгсөгчид. Дараагийн элсэлтийг хоёр жилийн дараа авч байсан юм. Манай анги 49 оюутантай байсан бол дөрвөн жилийн дараа 12-уулаа төгсөж байлаа.
-Бусад нь яасан юм бэ?
-Маш өндөр шалгууртай, бодлогоор бэлтгэсэн анги учраас хасагдсаар цөөхүүлээ үлдэж байлаа. СУИС гэхээр дуулсан, бүжиглэсэн хүмүүс гээд ойшоохгүй байх тохиолдол бий. Манай сургууль анх удаа ийм анги нээж Удирдлагын академийн захирал Г.Чулуунбаатар, профессор Д.Бая раа, Г.Борхүү, С.Дашдаваа, улс төр судлаач Д.Ганхуяг гээд маш өндөр боловсролтой хүмүүс бидэнд хичээл зааж байлаа. Манай ангийнхныг төгсөхөд ажлын урилга ирээд, одоо ихэнх нь гадаадад ажиллаж байгаа.
-Монголын урлагийн салбарт менежмент боломжийн байна. Гэхдээ сонгодог урлагт менежмент хэрэгтэй мэт санагддаг. Өөрөө энэ салбарт хүчээ үзвэл ур чадвар сайтай Монголын сонгодог урлагийнхныг дэлхийн давцанд гаргаж чадах байх гэж бодогдох юм. Энэ талаар бодож байв уу?
-Манай ангийнхан урлагийн бүх салбараар дагнан, нэг нь яамандаа бодлогыг барьж байхаар мэргэшсэн юм. Гэхдээ одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа ч ихэнх нь гадаадад ажиллаж, амьдарч байна. Хүний амьдралын хэрэгцээ, шаардлага хойно яах ч билээ. Би театрын чиглэлээр төгссөн.
-Сонгодог урлагийн академик театр шүү дээ. Ингээд холбогдож болохгүй гэж үү?
-Болохгүй зүйл байхгүй.
-Оролцогчдодоо сая төгрөг өгдөг “Саятан” гэдэг шинэ нэвтрүүлэг хийх гэж байгаа гэсэн. Хэн ивээн тэтгэж байгаа юм бэ?
-Танин мэдэхүйн нэвтрүүлэг л дээ. Зөв хариулсан тохиолдолд мөнгө нь нэмэгдсээр сая төгрөг хожих боломжтой. Долоо хоногт нэг удаа хийх нэвтрүүлэгт маань санхүүгийн ивээн тэтгэгч байхгүй ч хамтарч ажиллаж байгаа байгууллагууд бий. Эхний нэвтрүүлэгтээ Юнителийн хэрэглэгчийг оролцуулж хийсэн. Удахгүй телевизээр гаргана.
-Долоо хоногт сая төгрөг хүмүүст өгөөд л баян байх нь ээ?
-Хүн баярлуулах гоё биз дээ. Хүний мэдлэгийг л үнэлж байгаа хэрэг.(инээв)
-Хувийн бизнес чинь таны оролцоогүй болдог болсон гэсэн. Залуу, эрч хүчтэй, менежер хүн зогсонги байдалд орчихож байгаа мэт сэтгэгдэл төрчихлөө?
-Тийм шүү, би шинэ ажил хиймээр байна. Би хамгийн бага үнээр зар сурталчилгааны план хийж, амжилт олж чадна. Зөвхөн зар сурталчилгаа ч биш бүх салбарт ажиллаж амжилт олж чадна гэдэгт өөртөө итгэлтэй байна. Хамтарч ажиллах хүмүүс байвал хандаж болно шүү.
-Та хүмүүсээс шүршүүрт орж байгаад л... гээд асуугаад байдаг. Энэ асуултыг өөрөөс чинь асуучихвал уурлахгүй биз дээ?
-Энэ асуулт бол хүнээ нээх гэсэн миний тактик байдаг юм. Миний тавьсан асуултад хариулах гээд бодол болж байхад анхаарлыг нь сарниулж ийм хөнгөн зүйл асуугаад, тэр даруй нөгөө асуултаа дахин асуухад хүн үнэнээ хэлдэг. Гэхдээ би хэзээ ч та шээдэг үү гэж асууж байгаагүй. Та шүршүүрт орж байхад ус гоожоод л... гэхээр хүмүүс би шээдэг гээд л хариулчихдаг. Тэр хүмүүст өөрөөр хариулах боломж байсан байх.
-Нэвтрүүлгээ хийхгүй байгаа ч эрч хүч, урам зориг таниас мэдрэгдлээ. Шинээр хийж буй ажилд тань амжилт хүсье.
Х.ОЮУН