Хоёр гараараа, хөлөөрөө, амаараа зурдаг Л.Өнөрчимэгийн талаар нэг хэсэг шуугиж байсан. Тэгвэл сүүлийн үед нам гүмхэн байсан зураач бүсгүй усан дотор зураг зурах шоу үзүүлбэр хийхээр болжээ. Энэ талаар тодруулахаар өчигдөр 15.00 цагт түүнтэй холбогдлоо.
-Сайн байна уу, усанд зураг зурах шоу дахин хийх гэж байгаа талаараа сонирхуулна уу?
-Энэ ондоо багтааж шоу хийхээр төлөвлөсөн. Аквариумаа бэлэн болгосон. 1999 онд Монгол бөхийн өргөөнд хийж байсан шоунд ашигласан аквариумтай харьцуулахад энэ удаагийнх нь босоо хэлбэртэй, илүү том болсон байгаа. Нэг тонн усны багтаамжтай. Одоогоор мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн усны температур, найрлагыг тогтоохоор ажиллаж байна. Өмнө нь дэлхийн хаана ч хийж байгаагүй цоо шинэ үзүүлбэр үзүүлж, Гиннесийн амжилт тогтоох хүсэлтэй байгаа.
-Шоу хийх газраа товлосон уу, хэр олон үзэгчдэд хүргэх вэ?
-Хаана хийхээ одоогоор шийдээгүй байгаа. Товлосон өдрөө биеийн байдал маань даралттай усанд орох боломжтой байх юм бол телевизийн шууд нэвтрүүлгээр улс даяар цацах бодолтой байна. Түүнээс гадна одооноос усанд сэлэлтээр хичээллэж, гоо сайхандаа анхааран, үсээ ургуулж эхэлж байгаа.
-Та сургалтын төвдөө багшилж байгаа юу?
-Энэ зун гадаадын оюутнуудтай ажиллаж байгаа. Хятад, орос, өвөрмонгол таван хүүхэдтэй хичээллэж байна.
-Сүүлийн үед шинээр ямар амжилт тогтоосон бэ?
-Дэлхийн олон үзэгчийн анхаарлыг татаж байгаа дүрслэх урлагийн шинэ төрөл болох элсээр зурах урлагаар хичээллэж байна. “Дэвжээ” урлагийн наадамд миний нэг шавь элсээр зурах урлагийн төрлөөр оролцож хамгийн авьяастай сурагчаар шалгарсанд баяр тай байгаа.
Ж.СОЛОНГО