Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа Их гол хэмээх голыг гаталдаг байж. Нэг удаа манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд Их голын ус улаан шараар эргэлдэн, хөөсөрч байжээ. Үүнээс болж манжууд уг голыг Шар галзуу гол хэмээн нэрлэх болсон аж.
Түүнээс хойш элч нар аар саархан юманд саатсан ч Шар галзуутын гол үер лээд гэсэн шалтаг тавихад алба саатуулсан гэсэн зэм шийтгэлгүй өнгөрдөг болсон гэнэ. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд Шаргалжуут хэмээн зөөллөн нэрлэх болсон гэдэг. Шаргалжуутын гол Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт байдаг.