
Тэнд “захирлууд” бий. Эмнэлгээс өгдөг нормын хоолыг нь голж, шарсан тахиа, амталсан загасны захиалга өгдөг хүндэт эрхмүүд, айж бэргэн хаалгыг нь тогшдог дарга нарын өрөөнд асуулгүйгээр дайрч орон, ширээ балбан загнадаг эрх дархтнууд энд л байдаг. Бидний хэлж заншсанаар “Шархадны эмнэлгийн Хурцын тасаг”- ийн өвчтнүүдийн нэг өнгө төрх нь энэ. Өнгөцхөн харахад зэвүү дургүй хүргэж, жигшил бухимдал төрүүлэм энэ ааш аягийн цаана өр өвтгөж, сэтгэл эмтэлсэн эмгэнэлт түүх нуугдаж байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. “Нийгмийн хар барааны бүхий л хүндийг нуруундаа үүрч, намаг балчигт живсэн ертөнцийн золиос болсон хүмүүсийн нуугдах бяцхан орон зай”. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн анхан хэвтэлтийн тасагт өнжихөд төрсөн түм буман сэтгэгдэл, эргэцүүлэл, бодролоос сэтгэлд минь арилшгүйгээр ул мөрөө гүн гүнзгий үлдээсэн нь энэ. Сэтгэцийн эрүүл мэндийн төв гэхээсээ илүүтэй байрлаж буй газраараа олны дунд нэрлэгдэж ирсэн тус эмнэлгийн Анхан хэвтэлтийн тасаг тус байгууллагын хамгийн хүнд өвчтнүүдийг хүлээн авдаг хэсэг.

Сэтгэцийн эмгэгийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг дутмаг байдгаас өвчнийг хүндэрсэн, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй болсон үед эмнэлэгт хандах нь түгээмэл. Тиймдээ ч анхан хэвтэлтийн тасагт ирсэн өвчтнүүдийн олонх нь солиорлын байдалтай байдаг аж. Өнгөрөгч оны есдүгээр сарын 24-нд нээлтээ хийсэн эмнэлгийн шинэ байрны хойд хэсэгт байрлах тус тасгийн эрхлэгчээр Г.Нарантуяа эмч ажилладаг. Хүнд нөхцөлд сэтгэлийн хат, ур чадвар, харилцааны өндөр мэдрэмж шаардсан амаргүй албыг тэрбээр хорь гаруй жил хашиж буй юм билээ.
09.00 Жавар хургасан чийгтэй байшингийн булан дахь давхар давхар цоож цуургатай хүнд төмөр хаалганы цаана бөхөж буй зулын гэрэл шиг сүүмгэрхэн гэрэлтүүлэгтэй умгар өрөөнүүд л байх учиртай гэсэн төсөөлөлтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорилоо. Солиорлын байдалтай өвчтнүүдийг харж хандан, эмчилгээ хийдэг “Хурц”-ын тасгийн талаарх төсөөлөл минь бусдын жишгээс төдийлөн гажсангүй. Хаврын хавсарга тавьсан жиндүү өглөө шавар нь энд тэндээсээ ховхрон унаж, царай алдсан байшингуудын гадаа хүрэхэд тэр бодол минь улам л лавширлаа. Өөрийн төдийгүй өрөөлийн биед аюул учруулахуйц хэмжээнд хүртэл эмгэг нь хүндэрсэн өвчтнүүдийн дунд өнжихөөр шинэ байрны хаалгыг татлаа. Ашиглалтад ороод хагас жилийн л хугацаа үдэж буй эмнэлгийн барилгын үүдний танхим саруулхан. Хүлээлгийн хэсэг нь ч тохь тухтай аж. Анхан хэвтэлтийн тасгийг эрж сурагласаар очвол үүдний хаалга нь тас түгжээтэй. Эргэлтээр ирсэн ар гэрийнхэн нь хаалганд байрлуулсан хонхны том улаан товчлуурыг дарж дотогшоо орох бөгөөд тэр бүр ирдэггүй эргэлтийнхэн тасгаас мөн л цоожтой хаалгаар тусгаарласан үүдний хэсэгт уулздаг гэсэн.

Үүдний хэсгээс нэг удаагийн улавч, нөмрөг зүүгээд тасаг руу орлоо. Өнөөх төсөөлж байснаас тэс өөр. Орчин үеийн тохижилттой хонгил, сувилагчийн пост, тааруухан эмнэлгийн тасгуудаас ч тохитой өвчтний хэвтэх өрөө нь цоож цуургатай төмөр биш, орчин үеийн хийцтэй модон хаалгатай, хаалганы хажууд гадна хэсгээс өрөөн доторхийг ажиглаж болохуйц цонхтой, палат тус бүр дотроо угаалгын өрөөтэй юм билээ. Тасгийн эрхлэгчийн ажил өглөөний үзлэгээс эхэлнэ. Шөнө жижүүрлэсэн эмч, сувилагч, асрагч нар ажлаасаа буухдаа, өглөөний ээлжийнхэнд урьд шөнийн нөхцөл байдал, өвчтнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг нэг бүрчлэн тайлагнана. Анхан хэвтэгчдийн тасаг 30 ор бүхий арав гаруй өрөөтэй. Одоогоор тус тасагт 26 өвчтөн хэвтэж эмчлүүлж буй аж.
Баруун зүүн жигүүрт хуваагдах өрөөнүүдийг онцгой анхаарал шаардлагатай болон жирийн өвчтнүүдийн гэж ангилж ялгана. Зүүн жигүүрт онцгой анхаарал халамж шаардлагатай сэтгэцийн хүнд эмгэгтэй, солиорлын байдалтай байгаа өвчтнүүд эмчлүүлдэг бол баруун хэсэгт ядаргаа стрессээс үүдэлтэй нойргүйдэл, ядаргаагаа эмчлүүлж буй өвчтнүүдийн өрөө байрлана. Тиймээс үзлэг ихэвчлэн зүүн жигүүрээс эхэлдэг. Зүүн захын 109 дүгээр өрөө. Өрөө тус бүрт хоёроос илүүгүй өвчтөн хэвтүүлдэг журмаар эл өрөөнд ч хоёр залуу байна. Эмч, сувилагч нарыг орж ирмэгц нэг нь годхийн босож, эмч нартай мэндэлж байхад цонхигор царайтай туранхай залуу босох ч тэнхэлгүй хэвтсээр л байв. Сэтгэцийн эмгэгээс үүдэлтэй идэвхгүй, залхуу хойрго байдал өвчтнүүдэд ажиглагдах нь түгээмэл байдаг аж. Тиймдээ ч тасгийн эрхлэгч өвчтөн нэг бүрээс “Сайхан амрав уу, шөнө унтаж амарч чадав уу” гэсэн асуултын араас заавал “Өглөө хэдийд босов, босоход хүндрэлтэй байв уу?” гэж асуудаг.
111 дүгээр өрөөний бүсгүйчүүд харин хэдийнэ босчихоод ороо цэмцийтэл хураачихсан сууж байх юм. Эмчийн “Шөнө сайн унтаж чадав уу” гэх асуултад “Сайн унтсан” хэмээн тэр даруй хариулах бүсгүйг өрөөнийх нь хамтрагч эрс үгүйсгэж “Худлаа хэлж байгаа юм. Шөнө цурамхийсэнгүй, нааш цааш холхиод намайг ч унтуулалгүй зовоолоо” хэмээн хов зөөх нь тэр. Сувилагч ч хэлснийг нь бататгаж шөнө дунд угаалгын өрөөгөө дотроос нь түгжиж сандаргасныг мэдээлсэн. Бусад эмнэлгийн өвчтнүүд жаахан нойр хулжсан үед унтаж чадсангүй хэмээн гомдоллодог бол эндэхийн өвчтнүүд өөртөө тун итгэлтэйгээр биеийн байдлаа эрс сайн байгаа, өнөөдөр ч гарахад бэлэн хэмээн илтгэх нь түгээмэл. Түүний нэг тод жишээ нь 108 дугаар өрөөний өвчтөн. Урьд оройн хоолоо голоод идээгүй, унтаж чадаагүй хэмээн гомдоллох эр Америкийнх. Манай оронд нэгэн хэлний сургуульд багшлахаар ирсэн түүний сэтгэцийн эмгэг сэдэрч, зоогийн газарт тооцоогоо хийхээс татгалзсаны улмаас тус зоогийн газрын залуус зодож гэмтээснийг цагдаагийнхан шалгаж, тус эмнэлэгт хүргэжээ.

Эмгэг нь сэдэрсэн эр эмнэлгийнхэнд бухимдаж буйгаа үзлэгийн үеэр илэрхийлээд амжсан. Тасгийн эрхлэгчийн “Онгоцонд биеэ бариад тайван явж чадах уу?” гэсэн асуултад “Та нар намайг энд барьж хориод эрх чөлөөнд минь халдаж байхад би яаж тайван байх юм бэ” хэмээн уцаарлангуй хариулж, эмч нарын шийдвэрийг эрс эсэргүүцэж байх юм. Улсаас төсөвлөсөн хоолоо голж, тусгай захиалга өгдөг ч мэргэжлийн бус хүмүүс намайг эмчлэх гэж байна, намайг гадагш чөлөөтэй гаргахгүй хорьж эрхийг минь зөрчиж байна хэмээн хамгийн их гомдоллодог эрх өвчтөн нь тэр. Тиймдээ ч эмч нар нь утсаараа яриулж, заримдаа бүр дуртай амттаныг нь хувиасаа авч өгч эрхлүүлдэг юм билээ. Гэсэн ч монгол эмнэлэг сэтгэлд нь үл нийцнэ. Гадаадынх болохоороо тэгж байгаа юм биш. Ерөөс эндэхийн өвчтнүүдийн туйлын хүсэл нь эмнэлгээс гарах. Энэ тасгийн хамгийн анхаарал татсан өрөө бол 107.
Сэтгэцийн эмгэг нь хүндэрч улмаар өөрийн нүүрийг шатаасан эмэгтэй, Азийн орнуудын эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог булчирхай цочсоноос үүдэлтэй нэгэн төрлийн эмгэг сэтгэцэд нь нөлөөлсөн охин хоёрын хэвтэн эмчлүүлж буй өрөө. Охиныг ээж нь асрахын зэрэгцээ үүдний хэсгээс асрагч нар үл холдоно. Цагаан халаадтануудын үгүйд томоотой хэвтэж байсан охин эмч нарын бараанаар үсрэн босч ирээд, үглэж, орилж, эмч нараас зуурч, чангаах нь тэр. Тус өрөөнд хийх эмчийн өглөөний үзлэг тав арваадхан минут үргэлжилсэн атал тийм гэхийн тэмдэггүй цочирдмоор байдал өрөөнд өрнөж, охин хормын төдийд инээд, уур бухимдал, гомдол, цөхрөл гээд сэтгэлийн хөдлөлийн туйлуудыг нэгээс нөгөөгөөр сольж биднийг тэвдүүллээ. Бид гэдэг нь ердөө л энэ тааварлахын аргагүй ертөнцтэй танилцаж буй гэрэл зургийн сурвалжлагч бид хоёр. Биднээс бусад нь хэдийнэ энэ байдалд дасаж, дөжирчихсөн учир эмээж, тэвдсэнгүй. Тэд өвчтөнийг ээждээ эрхлэн уйлж, газар тийчлэн аашилдаг хүүхдээ аргадаж буй мэт тайван, намуухнаар учирлан тайвшруулж харагдсан.
Анхаарах өрөөний үзлэг арайхийн дуусч, энгийн өрөөнүүдэд үргэлжиллээ. Тэнд байдал тайван тогтуун, сэтгэл санааны хувьд харьцангуй тогтвортой өвчтнүүдтэй тул бусад эмнэлгүүдийнхтэй адил, “Сайхан амрав уу. Шөнө сайн унтаж амарч чадсан уу”, “Тайван. Сайхан” гэх асуулт хариултууд хөвөрнө.
10.00 Өглөөний үзлэг ээлж, хүлээлцсэний дараа эмч тус бүр хариуцсан өвчтнүүдтэйгээ нэг бүрчлэн уулзаж ярилцдаг юм билээ. Энэ удаад хариуцсан өвчтнүүдтэйгээ уулзахын өмнө бидэнтэй ярилцах цаг гаргалаа.

-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс хэвийн ажиллаж хөдөлмөрлөх боломжтой юу?
-Сэтгэцийн эмгэг гэдэг байнгын солиорлын байдалтай байдаг өвчин биш шүү дээ. Өвчин нь сэдэрч, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй болсон үед л хөдөлмөрлөх боломжгүй болдог. Гэхдээ сэтгэцийн эмгэг бол хөдөлмөрийн чадвараа алдахад хамгийн ихээр нөлөөлдөг өвчин.
-Энэ төрлийн эмгэг бүрэн эдгэх боломжтой юу?
-Боломжтой. Эмгэгийн үндсэн шалтгаанаас хамаараад бүрэн эдгэсэн хүмүүс олон бий шүү дээ.
-Сэтгэцийн эмгэгийн түгээмэл шалтгаан нь юу байна вэ?
-Их олон хүчин зүйл нөлөөлдөг. Удамших тохиолдол бий. Бие махбодийн өвчнөөс шалтгаалж сэтгэл зүйн эмгэг үүсэх тохиолдол ч цөөнгүй. Түүнчлэн суурин соёл иргэншлийн энэ их стресс нойргүйдэл, ядаргаа гэх мэт сэтгэлзүйн өөрчлөлтүүдийн гол шалтгаан болж байна. Бид өглөө босоод л түгжрэл, ажлын цаг гэх мэт маш олон зүйлээс хамаарч өөрийн мэдэлгүй дарамтанд бухимдалтай, стресстэй амьдарч байна.
-Орон нутагт бол энэ байдал харьцангуй бага байдаг байх даа.
-Түгжрэл, цаг, нарт баригдахгүй хөдөөний хүмүүс хотын биднийг бодвол дарамт багатай сэтгэл тайван аж төрдөг.
-Тэгэхээр орон нутагт сэтгэцийн эмгэг харьцангуй бага гэж ойлгож болох уу?
-Тэр бол өрөөсгөл ойлголт. Суурин иргэншлийн дарамт бага болохоор нойргүйдэл, стресс түгээмэл биш гэсэн үг. Харин сэтгэцийн өвчлөлийн хувьд хот болон хөдөө орон нутгийнхныг харьцуулахад ялгаа бараг гарахгүй. Манай эмнэлэгт гэхэд л орон нутгийнхны үйлчлүүлдэг 45 хүний ортой тасаг их ачаалалтай байдаг.
-Гэр бүлийн орчин, хүмүүжил хүүхдийн сэтгэл зүйд багагүй нөлөөлж, бүр эмгэгийн шалтгаан болдог гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Хүүхэд ахуй насанд авсан сэтгэлзүйн гэмтэл их хүнд тусдаг. Багад нь аав ээж нь архи уудаг, хэрэлдэж муудалцдаг байсан хүүхэд тухайн үед сэтгэлзүйн өөрчлөлт илрэхгүй хэрнээ нас биед хүрсний дараа эмгэг болон хүндрэх нь ч бий.
-Хумсаа мэрэх, орондоо шээх зэргээр сэтгэлзүйн өөрчлөлтүүд илэрдэг гэсэн. Гэтэл ээж аавууд үүнийг эрдэс дутагдсаных, дороосоо даарсаных гэж оношлох хандлагатай байдаг.
-Тийм ээ. Тухайн үйлдлийг хийхээргүй бие даасан насанд хүрсэн атал орондоо шээж, хуруугаа хөхөж, хумсаа мэрж байвал тэр нь сэтгэлзүйн өөрчлөлтийн нэг шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Нэгэн үе эцэг эхчүүд үүнийг эрхэллээ, маяглалаа хэмээн загнаж, зандрах байдлаар шийддэг байсан бол орчин үед мэдээ мэдээллийг олон сувгаар авдаг болж, хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол ч харьцангуй дээшилж энэ байдлыг сэтгэлзүйн өөрчлөлт, эмгэг гэж ойлгож мэддэг болсон байна. Саяхан гэхэд л нэг танил минь манай эмчийн ярилцлагыг зурагтаар үзээд хүүхдийнхээ идэвхгүй байдал, хөгжлийн хоцрогдлыг анзаарч манай эмнэлгийн сэтгэлзүйчид хандсан. Энэ бол ээж аавууд мэдлэг мэдээлэлтэй болсны баталгаа.
Нэгэн үе “Шархадны эмнэлэг” гэхээр л хүмүүс цоож цуургатай төмөр хаалгатай шорон шиг л гэсэн төсөөлөлтэй байсан. Тэр хэрээр энэ эмнэлэгт ажиллаж байгаа эмч, ажилтнуудад хандах хандлага ч эрс өөр. Намайг сургуулиа төгсөөд 1992 онд эмнэлэгтээ ирж байхад манайд ажиллах эмч олддоггүй байж билээ. Одоо бол энэ хандлага их өөрчлөгдсөн шүү. Салбартаа хамгийн шилдэг эмч мэргэжилтнүүд манайд өндөр шалгуур давж ажилд орж байна. Ажиллах хүсэлтэй эмч нар ч эрс олширч одоогоор 200 гаруй эмч ажиллах хүсэлтээ илгээгээд байгаа. Ядаргаа, стрессээс үүдэлтэй нойргүйдэл, ядаргааг эмчлэхдээ мэргэшсэн тул манай неврозын тасагт хэвтэхээр дугаарласан хүмүүсийн тоо хэдийнэ 900 гарчихсан байгаа тул одоогоор дугаар олгохгүй номер таслаад буй.
-Гадаадын орнуудад сэтгэл заслын эмч, сэтгэлзүйчид их өндөр цалин хангамжтай, эрэлттэй мэргэжилд тооцогддог гэдэг.
-Манайд зөвхөн эмнэлгийн байгууллага, сэтгэл судлалын төвүүдэд л сэтгэлзүйчид ажиллаж байхад хөгжингүй орнуудад айл бүр өөрийн сэтгэлзүйчтэй байдаг юм билээ. Тиймдээ ч сэтгэл заслын эмч, сэтгэлзүйчдийг үнэлэх үнэлэмж эрс өөр. Иргэдийн хандлага ч манайхаас ялгаатай. Хэрэв би хөгжингүй оронд очвол миний мэргэжлийн талаар мэдмэгцээ л тухайн хүн үг яриа, үйл хөдлөлөө хянаж эхэлдэг. Энэ хүн миний гадаад байдал, ганцхан хөдөлгөөнөөр дотоод ертөнцийг минь уудалж онгичих чадвартай гэдгийг тэд мэдэж байдаг.
Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөсөн. Өндөрлөхөөс ч өөр арга байсангүй. Хүнд нөхцөлд ажилладаг тул тус эмнэлгийн эмч ажилтнууд богиносгосон цагаар буюу 09.00- 15.00 цагт ажилладаг. Үдээс өмнө ээлж хүлээлцэх үзлэгийн дараа хариуцсан өвчтнүүдээ үзэж, дараа нь залуу эмч нартаа зөвлөгөө өгнө. Үдийн цайны дараа эмч нарын зөвлөлгөөн, хурал болон эмнэлгээс нэгдсэн журмаар зохион байгуулдаг эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалтад суудаг тул хийх ажлын жагсаалт гүйцэтгэх ёстой хугацаанд багтахгүй овоорч байдаг аж.

10.30 Анхлан хэвтэгчдийн тасаг ердөө гурван эмчтэй. Эмч тус бүр өглөөний үзлэгийн дараа хариуцсан өвчтнүүдтэйгээ уулзаж, ганцаарчлан ярилцаж, эмийн эмчилгээ бичихийн зэрэгцээ, сэтгэл заслын эмчилгээг хийдэг. Г.Нарантуяа эмч хариуцсан өвчтнүүдийнхээ үзлэг, эмчилгээг хийх хуваарь ёсоор ахимаг насны эмэгтэй хаалга аяархан татан орж ирлээ. Эмнэлэгт анх ирэхдээ нойргүйдэж, хоолны дуршил бууран, идэвхгүй хойрго болсон тэрбээр эмчилгээний үр дүнд хоолоо сайн иддэг болж, шөнөжин бөх унтахгүй ч үүр цайтал сайн амардаг болсон тухайгаа ярилаа. Гэсэн ч одоогоор дуу чимээ хэт чанга сонсогдсоор л байгаа гэнэ. Насаараа идэвхтэй хөдөлмөр эрхэлсэн тэрбээр нөхөр нь хавдартай болсны улмаас сэтгэл санаагаар унаж, гэмтэл авсан аж. Сэтгэл санааны хувьд тогтвортой болж, гүйцэт эдгээгүй ч гэртээ харих нь энэ тасгийнхны хамгийн чухал зорилго. Түүний хувьд ч гэр рүүгээ яарсан нь илт. Эмчийн бичиж буй эмчилгээ бүрийг анхааралтай сонсож, шинэ эм тариа нэмэгдэх үед тавгүйрхэж, “Тэгвэл дахиад 10 хонох нь ээ” хэмээн лавлана. Ерөөс эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтнүүдийн нийтлэг төрх тэр байдаг хойно тэд ч бас хар гэртээ хаан болж, тааваараа байхыг хүсдэг биз.

11.00 Бага үдийн үед өвчтнүүд хөгжүүлэх танхимд дасгал хийдэг цагийн хуваарьтай. Зүүн жигүүрийнхэн гурван эгнээ болон зогсож хийн дасгал хийдэг аж. Яг л дунд сургуульд хийдэг байсан 16 тоот дасгал шиг амьсгалын дасгалаас гар, хөл, хүзүүний дасгалыг цэцэрлэгийн жаалуудаас ялгаагүй тун идэвхтэй хийцгээнэ. Учир нь тэдэнд өөрийн хүн зааварчилж, уриалан дуудаж байгаа юм. Зааж зааварласан тушаалуудаас илүүтэй уриалан дуудсан нөхөрсөг зааварчилгаа тэднийг түлхэх хүч болдог нь илт. 112 дугаар өрөөний бүсгүй тэдний өөрийн хүн бололтой. Харц нь гөлийж, явдал нь удааширсан зүүн жигүүрийнхэн хөгжүүлэх танхим руу гутлаа чирэн алхахдаа 112 дугаар өрөөний бүсгүйн “Энд захирлууд л хэвтдэг юм. Манайхан бүгдээрээ захирал, дарга нар юм шүү” хэмээн чанга дуугаар хэлэхэд инээд алдана.


11.30 Дасгалын дараа хуваарийн дагуу сэтгэл заслын эмчилгээ, үзлэг үргэлжиллээ. Энэ удаа залуу эмч Ц.Уянга зөвлөгөө авахаар өөрийн хариуцсан өвчтний хамт ирлээ. Тэрбээр ээж, хойт эцэгтээ гомдолтой байгаа хэмээн цагдаагийн байгууллагад удаа дараа хүндрэл учруулсны улмаас эмнэлэгт анх хүргэгдэн ирэхдээ “Би тэнгэрийн хүү, энгийн хүн биш. Урьд насандаа лам байсан юм” хэмээн өөрийгөө тодорхойлж байж. Түүгээр ч зогсохгүй үе үе ширээ цохин босож ирж байсан хэмээн хариуцсан эмч нь танилцууллаа. Солиорлын байдалтай байсан гэхэд итгэмгүй сул дорой харагдах түүний ярианаас харин үе үе хардсан, өөрийгөө зөвтгөсөн өнгө аяс илэрч байв. Бага байхад аав нь байнга архи уудаг байснаа удалгүй гэр бүлээ орхин явсан аж. Хожим ээж нь өөр хүнтэй амьдралаа холбох үеэс л түүний сэтгэлзүйд өөрчлөлт гарч, идэвхгүй, бохир заваан суух болсон нь даамжирсаар солиорлын байдалд хүргэсэн гэнэ. Өнөөх л гэр бүлийн нөхцөл байдлын хар бараан түүх түүний амьдралд ийн нөлөөлсөн байх вий гэсэн эмзэглэл тэр даруй төрөх нь тэр. Эмгэнэлтэй гэмээр энэ бодлыг минь бататгах гэсэн шиг хэдийнэ хоёр сарыг эмнэлэгт өнгөрөөсөн түүнийг гэрийнхэн нь эргэж тойрсон удаагүйгээр үл барам солих хувцас, ахуйн хэрэглэлийг нь ч бэлдэж өгөлгүй зөнд нь хаясан байх юм. Гэр бүлийнхэн нь хүний тооноос хасчихаад төрд даатгачихдаг ийм тохиолдол тус эмнэлэгт цөөнгүй гардаг юм билээ.
12.00 Үгээ зөөж ядан, удаан бодсоны эцэст хариулах өндөр туранхай залуутай хийсэн ярилцлага удаан үргэлжлэв. Тэр зуурт америк өвчтөн цээж түрэн орж ирээд, Америкийн элчин, ажил олгогчтой яриулсангүй хэмээн агсамнаж багагүй цаг алдлаа. Өмнөх өвчтнүүдийн болгоомжтой нээж, гэтэх шахам зөөлөн алхсаар орж ирсэн хаалгаар салхи татуулан орж ирсэн сахилгагүй нөхөр тасгийн эрхлэгчийн утсаар ярьж, тайвшрах хүртэл багагүй хугацаа өнгөрлөө. Дараа дараагийн өвчтнүүд хүлээж байсан ч давчидсан эрийг тайвшруулахаас өөр арга байгаагүй. Тиймдээ ч цайны цаг хэдийнэ талдаа орсны дараа үдээс хойш болох сургалтаас урьтаж, үлдсэн ярилцлагуудаа түр хойш тавиад цайндаа гарлаа.
12.30 Цайны цаг дуусаагүй ч сургалт хичээлээс урьтаж, хэвтэж эмчлүүлэх хүсэлтэй сул ор сурагласан өвчтнүүд тасгийн эрхлэгчтэй уулзахаар хүлээн авах хэсгийн сувилагчаар заалган ирлээ. Нойргүйдэл нь даамжирч, хэд хоногоор цурамхийлгүй явдаг болсноос биеийн байдал доройтож, тамирдсан өвчтөн ээжтэйгээ ирж уулзав. Хэдийнэ өөртөө онош тавьчихаад эмчилгээ бичүүлэхээр л ирсэн бололтой. Биеийн байдал, илэрч буй зовиураа бүр шалтгаантай нь тайлагначихаад, гэртээ харьж солих хувцсаа аваад ирье хэмээсээр гарч одлоо. Уулзалт дуусахтай зэрэгцэн сургалтын цаг ч эхэлж, Г.Нарантуяа эмч шинээр хэвтэж эмчлүүлэх хүний дэвтэр нээх ажлаа дуусгаад хурлын өрөөг зорилоо.

13.00 Сардаа нэг удаа болдог эмч нарын зөвлөлгөөний үеэр хурлаар хэлэлцэх шаардлагатай өвчтнийн талаар зөвлөлдөж онош тодруулдаг байна. Харин энэ удаад сургалт хичээл орох хуваарьтай байж таарлаа. Ижил төрлийн хүйстэнд татагдах сэтгэлзүйн эмгэг буюу сэтгэлзүйн гэмтэл бэлгийн чиг хандлагын өөрчлөлтөд нөлөөлдөг талаарх сургалт лекц. Харамсалтай нь лекцийн үеэр танилцуулсан кейст ч бага насанд нь эцэг эх нь архинаас хамааралтай болсон нь бэлгийн чиг хандлагад нөлөөлж, эсрэг хүйстэнтэйгээ ижилсэж түүнээсээ таашаал авахад хүргэсэн байх юм.
15.00 Хэдийгээр сургалтын дараа их ажлын ард гарсан эмч нарын ажлын цаг дуусдаг ч хийх шаардлагатай ажил дуусаагүй л байх юм. Америк өвчтөний асуудлаар тус улсын Элчин сайдын яамныхан ирж уулзсанаар энэ өдрийн ажил нь арайхийн цэгцэрлээ. Хүнд нөхцөлд ажилладаг хэмээн хаалгаар гарах гэж яарах биш, тус тасгийн эмч нарын хувьд өвчтөнүүдийнхээ онцлогоос хамаарч сунаж ажиллах нь ч цөөнгүй юм билээ. Залуу эмч Уянга гэхэд л энэ өдөр ажлын цагаас нэг цагийн өмнө ирж, хариуцсан өвчтөнтэйгөө ярилцаж, сэтгэл заслын эмчилгээ хийсэн байсан. Өдрийн турш нийгэмд аюул учруулж болзошгүй иргэдтэй хамт өнжихдөө айдас, гунигийн аль алиныг нь л амслаа. Анхаарал хандуулах шаардлагатай өрөөнийхөнтэй анх танилцаж байхад төрсөн айдас хэдийнэ үгүй болж, өдрийн ажлаа дуусгаад үүдээр нь гарч явахдаа тэднийг чин зүрхнийхээ голоос өрөвдлөө. Нүдэнд нь гуниг хурж, нүүрнээс нь инээмсэглэл бүрмөсөн арчигдан алга болсон мэт нэг тийм гунигтай дүр бол энэ тасгийн өвчтнүүдийн нийтлэг төрх. Өнөөгийн нийгмийн хар барааны золиос болсон тэд өнгө будаггүй хар бараан амьдралын сүүдэрт нь жиндэн суудаг юм билээ.