"Дээлтэй Монгол" наадам нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдаж үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноор жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудад нүүдэлчин үндэстнийхээ түүх, соёлоор бахархаж, хайрлах зорилгоор дөрөв дэх жилдээ энэ сарын 13-ны өдөр 11-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, нийтийн цэнгээнт бүжиг, зэрэг үйл ажиллагаа явагдах ба 2500 хүнийг Монгол үндэсний хувцастай жагсаалд оролцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Мөн түүнчлэн дээлтэй Монголчуудын дунд дараах номинацаар шалгаруулалт явагдах ажээ.
• Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос
• Хамгийн сайхан үндэсний дээлтэй хүүхэд
• Нийтийн бүжгийн хос
• Хамгийн сайхан дээлтэй хос
• Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага.
• Сайн зохион байгуулалтай, идвэхтэй оролцсон нэг дүүрэг.
Та бүхнийг дэлхийн чинээ дэлгэгдэж, дэрний чинээ эвхэгддэг дээлтэй Монгол наадамдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дашрамд дурьдахад зохион байгуулагчаар
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Улаанбаатар чуулга, "Шилмэл загвар" ХХК, "Монгол костюмс" XXК, "Саунд оф Монголиа"ХХК, Монгол гэр Хужирт ХХК-уул жиллаж байгаа юм байна.
Б.Энх-Уянга



