АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Сугар гариг руу бөмбөлөг хэлбэрийн хоёр хиймэл дагуул илгээх болсноо өчигдөр мэдээллээ. 2025 онд Сугар гаригт хүрэх эл төхөөрөмжийн тусламжтайгаар хүхрийн хүчиллэг үүлэнд бүрхэгдэн, ил харагддаггүй нууцлаг гариг Сугар дээр явагдаж эхэлсэн дулаарлын шалтгааныг тогтоох зорилготой гэнэ. НАСА энэхүү хөтөлбөрт дөрвөн тэрбум доллар зарцуулж байгаа нь одоогоор сансрын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй төсөлд тооцогдож буй.
Дашрамд дурдахад дэлхийн тойрог зам дахь НАСА-гийн хиймэл дагуулаас авсан зурагт Монгол улсын Завхан аймгийн баруун урд хэсэгт орших, 200 км үргэлжилдэг Борхярын элсэн манхан хүрээгээ тэлж эхэлсэн нь тод харагдаж байгаа аж.
Манхан зүүн тийш Хяргас, баруун тийш Тэлмэн нуурыг чиглэн сунаж байгаа юм байна. Ингэхдээ Хар нуурыг дайран өнгөрч байгаа тул нуурын ус ширгэх аюул учирч байгаа гэнэ. Хар нуур нь Их нууруудын хотгорт оршдог бөгөөд зургаан метр гүн, 36 км урт юм.

Б.ОЮУТАН